Бусдыг баярлуулах зүйлийг бид хийхгүй
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.11.02

Бусдыг баярлуулах зүйлийг бид хийхгүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталж, 2016 оны төсвийн төсөөллийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Төсвийн хэмнэлтийг шат шатанд хийж, мөн реформ хийсэн төсөв боллоо хэмээн Сангийн сайд онцолж буй. Харамсалтай нь чуулганаар хэлэлцэх үед 360 градус өөрчлөгдлөө. Үнэхээр шинэчлэл хийгдсэн төсөв болж чадаж байна уу гэдгээс ярилцлагаа эхлэе? 

-2015 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэн баталчихлаа. Харин 2016 оны төсвийн төслийг Засгийн газар татаж авсан учраас ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон. 2015 оны төсвийн тодотгол нь гуравдах удаагийн тодотгол болж байгаа юм. Тодотгол болгон тодорхой асуудлуудыг дагуулж байсан. Хамгийн эхнийх нь Шинэчлэлийн Засгийн газрын үед хийгдсэн.

Дараагийнх нь Шийдлийн Засгийн газар байгуулагдаад тодотгол хийж байсан бол хамгийн сүүлийнх нь МАН засгаас гарсны дараах тодотгол боллоо. Энэ бүгд учир шалтгаантай. Оруулж ирсэн төсвийн тодотголоос эхлээд реформ хийнэ гэдгээ Сангийн дэд сайд албан ёсоор зарласан. Ямар ч байсан урьд өмнөх төсвүүдээс эрс өөр төсөв болж орж ирэх ёстой.

2016 оны төсвийн төсөл дээр хүлээлт үүссэн байгаа нь үнэн. Үлдэж байгаа хугацаанд орлогын алдагдал 900 орчим тэрбумаар дутагдаж байгааг бид тодотголоо. 2016 оны төсвийн шинэчлэлийг өнөөдөр яг дүгнээд ярихад хэцүү. Засгийн газар засч залруулах зүйлээ эргэж хараад оруулж ирсний дараа ярих нь зөв болов уу. 

-2015 оны төсвийн тодотгол дээр төрийн албан хаагчдын цалинг хасна гэж тусгасан ч эсэргүүцэл хүчтэй байсан учраас хэвээр үлдээлээ. Харин 2016 оны төсөв дээр мөн л төрийн албан хаагчдын цалинг хасахаар оруулж ирнэ гэх юм. Хэдхэн хүний цалинг хасаад 1.8 тэрбум төгрөг хэмнээд үр дүн гарах уу. Энэ асуудалд шүүмжлэлтэй хандах шалтгаан олон байна л даа? 

-Тодотголоос хассан. Өмнөх хэлэлцүүлэг дээр төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг 30 хувиар, төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахаар тусгасан. Гэхдээ эмнэлэг, цагдаа, багш нарын цалингийн асуудал хамаарахгүй. Бүгд л үндэслэлтэй, тооцоо судалгаатай байсан. Өмнө нь хоёр ч Засгийн газар ажиллаж байхад МАН буюу сөрөг хүчин төрийн албан хаагчдын бүтэц орон тоо нэмэгдэж байна, энэ хэмжээгээр татварын мөнгийг үргүй зарж байна гэж шүүмжилдэг байлаа. 

Тэр шүүмжлэлийг нь хүлээж аваад, зайлшгүй нөхцөл байдлаа уялдуулаад төрийн албаа цомхон болгоно гээд оруулаад ирэхээр цалинг хасах гэж байна хэмээн улс төр хийгээд байгаа юм. Төр данхайсан юм байна, төрийг данхайлгалаа гэж АН-ын Засгийн газрыг шүүмжилдэг учраас бид шүүмжлэлийг эрүүлээр хүлээж аваад үнэхээр данхайсан байна, одоо бүтцээ цомхон болгоё гэж энэ асуудлыг оруулж ирсэн хэрэг. 

Данхайсан бүтэц өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа. Энийг багасгачихвал татвар төлөгчдийн нуруунд үүрүүлж байсан ачаа хөнгөрөх юм. Ингэсний үр дүнд татвар төлөгчид маань үйл ажиллагаагаа сэргээж, эрчимжүүлж, эдийн засагт оруулах үр дүн өсөх байсан юм. Харамсалтай нь улстөржүүлэх асуудал их байлаа. Эсэргүүцэл хүчтэй явсаар байгаад хасагдчихлаа. 2016 оны төсөв дээр орж ирэх эсэхийг ирэх долоо хоногт л ярих нь зөв байх. Томорсон төрийн бүтцийг зайлшгүй өөрчлөх ёстой. Бүр зоригтой хийх ёстой. 

-Сангийн сайдыг 2016 оны сонгуулийн жилд үнэхээр зоригтой өөрчлөлт хийсэн төсөв оруулж ирлээ гэж магтаж байсан. Харамсалтай нь энэ алхмаасаа ухрах гээд байна уу. Есөн яамтай байх, зарим агентлагийг цөөлөх асуудлаа 2016 оны нэгдүгээр сараас хийгээд явж болоогүй юм уу. Есөн яамтай байх асуудлыг дангаараа дур мэдэж хийснийхээ төлөө Б.Болор сайдыг намын бүлэг дээр багагүй шүүмжилсэн гэх мэдээлэл байгаа? 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

-Намын бүлэг бол дэмжсэн. Тодотголыг дагаж орж ирсэн есөн яам, зарим агентлагийг нэгтгэх асуудлыг бид 100 хувь санал нэгдэж дэмжсэн. Наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлээд явах боломжтой байгаа. Гэтэл сөрөг хүчин эсрэг тоглолт хийсэн. Наймдугаар сараас биш нэгдүгээр сараас яамдаа нэгтгэж нийлүүлээд яваач ээ гэж эсэргүүцсэн. Дараагийн УИХ, Засгийн газрын бүтцийн эрх мэдэлд халдаж байна гэж шүүмжилсэн байгаа. Сөрөг хүчин маш хүчтэй тоглолт хийсэн, дээр нь манай зарим нэг гишүүд нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж явах нь зөв гэсэн сэтгэхүйд автсан. Энэ нь өөрөө Засгийн газрын тогтвортой ажиллах бүрэн эрхэд халдаж эхэлсэн. 

Нэг ёсондоо эдийн засагт хор хөнөөл учирч байгаа хүндрэлтэй цаг үед Засгийн газрыг бужигнуулах шинж тэмдэг мэдэгдээд байсан учраас асуудлаа татаж аваад эргээд засч залруулах зүйлээ хянаад оруулж ирэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Монгол Улс Засгийн газрын бүтцийн хувьд ийм байна гэсэн өөрчлөлт орж ирэх учраас Үндсэн хуулийн бүтцийн өөрчлөлтөд уялдуулж оруулж ирэх байх. 2016 онд маш зоригтой өөрчлөлт хийх гэж байгаа.

Сонгуулийн жил, сонгуулийн биш жил ч гэсэн УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвт дандаа өөрчлөлт хийдэг. Өөрчлөлт хийхдээ зөвхөн өөрийнхөө тойргийг хардаг. Сонгогчдод таалагдах гэсэн ажлаа хийдэг. Ямар ч тооцоо үндэслэлгүй, сэтгэлийн хөөрлөөр төсвийг дандаа задалж байсан. Эдгээр назгай байдлыг 2016 онд хумих бодлого барьж байгаа. 

-Мөнгөний бодлоготой хэр уялдсан бол. Өмнөх жилүүдийн төсөв дандаа л улстөрчдийн хүслээр батлагдаж ирсэн. Үр дүнд нь мөнгөний бодлого нь өөр, төсөв нь буруу явж ирлээ шүү дээ? 

-Монголбанкны мөнгөний бодлогын баримт бичигтэй уяж байгаа. Өмнө нь уядаг гэсэн тайлбар өгч байсан ч дандаа өөр төсөв батлуулж өнөөдрийг хүрсэн. Одоо бол АН-ын бүлэгт 2016 оны Төсвийн төсөл орж ирэхдээ Монголбанкны мэдээллийг сонсоод дараа нь Сангийн яамтай хамтруулж сонссон. Ямар өөрчлөлт хийгдэх, шинэчлэл хаана явдагдах вэ гэдгийг тодруулж ирлээ. Монголбанк ямар тайлбар өгч байна вэ гэхээр, уул уурхайн супер цикль дууссан, уул уурхайг хараад цаашаа явахгүй ээ гэдгийг хэллээ. 

Хөрөнгө оруулалт гаднаас орж ирэхгүй байна, хөрөнгө оруулалтын чиглэлийн сайн хууль гаргасан ч энэ нь эргээд итгэл үнэмшил төрүүлэх хугацаа нь хэт алс байна гэдэг зүйлийг ярьсан. Тиймээс уул уурхайгаас бусад үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай байна гэсэн санал гаргалаа. Өнөөх шүүмжлээд байдаг Чингис, Самурай бондоос зээл авсан үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлчихсэн учраас дотоодын зах зээлээс бүх хэрэглээг хангах боломж бүрдэж байгаа. Ил тод байдлын тухай хуулийг гаргаснаар далд эдийн засагт эргэлдэж байгаа их хэмжээний мөнгийг ил болгох зэрэг асуудлыг Төв банк судалгааны үндсэн дээр гаргаж тавилаа. Сангийн яам өөрсдөө судалгаа хийлээ. 

Тэр утгаараа ойролцоо саналууд хэлж байна. Олон улсын валютын сан болоод Дэлхийн банк зэрэг гол гол судалгааны байгууллагуудын өгсөн үнэлгээгээр төсвийг бүр ч илүү хэмнэх шаардлагатай байгаа. Олон улсын валютын сангийнхантай уулзахад урьд өмнөх төсвүүдээс хамаагүй илүү, сайжирсан төсөв байна, гэхдээ эргэж харах асуудал их байна гэж хэллээ. 

Нэг ёсондоо та нар өмнө нь дандаа л томруулж оруулж ирж байсан учраас одоо хөрсөнд буухын тулд илүү их сахилга баттай төсөв оруулж ирэхийг шаардаж байгаа юм. Тиймээс судалгааны байгууллагын өгсөн санал хүсэлтийг ч 2016 оны төсвийн төсөлд суулгах шаардлагатай  гэж намын бүлэг дээр ярилцаад Засгийн газарт төсвөө татаж аваад илүү боловсруулж оруулж ирэх санал тавьсан. 

АН хэрвээ 2016 онд бид ялна аа гэж, эсвэл ирэх сонгуулиар илүү санал авахыг хүссэн бол танахгүй харин ч тэлсэн төсөв оруулж ирэх байлаа. Гишүүд бол гишүүд л байдаг. Тэд өнөөдрийн тодотгол дээр ч өөрсдийгөө харууллаа. Ардын намаас ажлын хэсэгт орсон гишүүдийн саналаар тодорхой ажил нь хийгдээд дуусч байгаа төсөл хөтөлбөр дээр санхүүжилт олгохоор нэмээд орж ирэхэд гишүүд өөрийнх нь тойрогт байхгүй учраас хамтран зүтгэгчийнхээ тойрогт мөнгө нэмлээ гэж бөөн асуудал үүсгэлээ. Тэгэхээр энэ байдлыг арилгах л хамгийн чухал байгаа юм. Сонгуулиар дахин сонгогдохын тулд, хүмүүсийг аргацаах байдлаар явж болохгүй гэж л хэлмээр байна. 

-Сонгууль угтаагүй төсөв гэдэг бол сайн үр дүн. Гэвч нөгөө талаас ажилтай, орлоготой болгох амлалт өгсөн АН-ынхан сонгуулийн өмнө хүмүүсийг халж байна гэх мэтээр сөрөг пиар ч гарч таараа. Зарим агентлагийг нэгтгэхээр мэдээж олон хүн ажилгүй болно. Тэднийг зүгээр гудамжинд гаргахгүй, харин ч хувийн хэвшилд ажиллуулах талаас нь төр дэмжинэ гэсэн. Ямар дэмжлэг байх юм бэ. Энэ талаар эрх баригч нам бүлэг дээрээ ярилцав уу? 

-Бидэнд буруу сэтгэлгээ яваад байгаа юм. Бүх хүмүүс төрд ажиллаж байж амьдрах юм шиг сэтгэдэг. Төрд орохоор сэтгэл хангалуун, өндөр цалинтай амьдардаг бололтой юм. Гэтэл төр хэзээ ч төсвийг бүрдүүлж чаддаггүй газар. Төсөв аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн нуруун дээр явдаг. Төсвийг бүрдүүлэхийн тулд хувийн хэвшлийг үргэлж дарамталж ирсэн. Татварын болон бусад хууль тогтоомжоор тэднийг дарамталдаг. Төр өнөөдөр данхайсан байна гэж бүх хүн шүүмжилж байгаа учраас зөв хувилбарыг бид бий болгох гэж зүтгээд байна. Гэтэл тангараг өргөсөн төрийн албан хаагчдыг ажилгүй болгох нь гэж нөгөө талд сөрөг пиар явуулаад эхэллээ. Хувийн хэвшил рүү шахаад яах юм бэ гэж мушгиж байгаа. 

Гэхдээ хүмүүс өөрсдийгөө аваад явах үүрэгтэй. Төр тэр хүмүүст бүх зүйлийг нь бэлтгэж өгөх үүрэггүй. Тухайн хүн нийгэмдээ дасан зохицож амьдарч чадах боловсролтой учраас л төрд ажиллаж байгаа. Хувийн хэвшилд очоод адилхан л бие дааж ажиллах боломж нээлттэй байна. Зориглоод ор л доо. Зах зээлийн жам ёсоор босч, суухаа үзэг. Бусад нь болоод байхад яагаад төрийн албанаас гарсан нэг хүн тэнд ажиллаж болохгүй гэж. Үеийн үед яригдаж байдаг шүүмжлэлийг хүлээж аваад өөрчлөлт хийх гэхээр сөрж зогсоод байж болохгүй. Төрийн албанд ажиллах чадвартай, мэдлэгтэй гэсэн шалгуурт тэнцэж чадаагүй л бол та гэр бүлийнхээ төлөө өөр ажил хийж л таарна. Бусад салбарт орох эрх нь нээлттэй.

 Унаж босч, алдаж онох нь таны л асуудал. Төрийн албанаас халлаа гээд зүгээр гудамжинд гаргаж хаяхгүй нь тодорхой. Сургалтад хамруулах, зах зээл дээр бие дааж ажиллах боломжийг бүрдүүлж болно. Бизнесийн санаа оноогоо олчихсон хүнд нэг удаагийн тэтгэмжийг ямар байдлаар өгөх юм гэх мэтээр янз бүрийн арга зам байна. Хүн өөрөө өөрийнхөө амьдралыг авч явдаг болохоос хэн нэгнээр дэмжүүлээд хол явахгүй. Төрийн албан хаагч төр намайг орхивол би яах вэ гэдгээ байнга бодож явах ёстой. Тэр утгаараа сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаа гэж бодоод байгаа юм. Төрийн албанд тодорхой болзол, шалгуурыг хангасан хүмүүс үлдэх нь гэж харж байгаа. 

-Ажиллах хүчинтэй холбоотой асуудлыг АН-ын бүлэг хурлаараа ярилцсан. Цэргийн алба хаачихсан, их дээд сургууль төгсөөд гэртээ ажилгүй сууж байгаа залуусыг дайчилж бүтээн байгуулалтын ажилд оролцуулах тухай саналыг АН-ын дарга З.Энхболд гаргалаа. Санал төдий боловч хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна л даа. Тооцоо судалгаатай ийм мэдээлэл өгөв үү, эсвэл зүгээр санал төдий юм уу? 

-Энэ хөтөлбөр юм. Хөтөлбөрийг намын дарга бүлгийн хурлын мэдээллийн үеэр задалсан. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед дотоодын нөөц бололцоо, ажиллах хүчин дээрээ тулгуурлаад эдийн засгийг сэргээх арга зам руу орох хувилбар юм. Ажилгүй байгаа залуусыг ажлын байраар хангах, мэргэшүүлж, дэд бүтцийн том бүтээн байгуулалтад ажиллуулах саналтай холбож тайлбарласан. Нэг талаараа энэ бол зөв санаа.

Ард иргэд ч дэмжих байх. С1 телевиз дээр саяхан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт О.Батсүх гээд малчин ярилцлага өгснийг та харсан болов уу. О.Батсүх ярихдаа малчин залуусыг цэрэгт явуулах нь зөв гэж ярьж байна лээ.Залуус цэрэг явснаар тэсвэр хатуужил сууж, малчин болоход бэлтгэгдэнэ гэж ярьсан. Тэрэнтэй л ижил юм. Би буруу сонсоогүй бол 190 мянган ажилгүй хүмүүс байгаа юм билээ. Одоогийн залуус хүнд хүчир ажил хийхээс үнэхээр зайлсхийдэг болчихсон. Дандаа оюуны талаар ажил хийх хүсэлтэй болчихсон. Тэр малчин ч хэлж байсан. Айлын хүүхдүүдтэй адилхан сургуульд явдаг, болсон болоогүй сургууль төгсөөд гараад ажлын байргүй болж байна гэж ярьсан. 

Түүнийг зогсооход энэ хөтөлбөр чиглэх юм. Манайд МСҮТ ажиллах боловсон хүчин бэлтгэж байгаа. МСҮТ-өөс мэргэжил эзэмшсэн залуус өнөөдөр эрэлт хэрэгцээ өндөртэй байна. Барилга бариулах гэж бид гаднаас хятадуудыг авч ажиллуулж байсан бол, өнөөдөр 40 хувиар буурсан гэсэн тоон баримт байна. Энэ бүгд манайд ажиллах хүчний асар их орон зай байгааг харуулаад байгаа юм. Ажилгүй иргэдээ хэрхэн зохион байгуулалтад оруулах вэ гэдгээр ярих зүйл их бий. Төрийн албанд ажиллахын тулд заавал цэргийн алба хаасан байхыг уялдуулж болно.

Хагас цэргийн зохион байгуулалтаар ажиллуулж болно. Тухайлбал, зам дээр маш олон ажил байдаг. Туслах чанарын ажил их байдаг. Далан барих зэрэгт ажиллах боломж бүрэн дүүрэн байгаа. Залуусыг бүтээн байгуулалтад дайчилснаар ажлын байр бий болж, залуус амьдралаа аваад явах санхүүгийн чадамжтай болно. Ажилгүй байгаа, ээж аавыгаа “сорж” амьдарч байгаа залуусыг сэтгэлийн хаттай болгохын тулд зохион байгуулалттай дайчилгааны ажилд хамруулах санаа юм. Нэг талдаа хүндээ, нөгөө талдаа улсдаа ч хэрэгтэй хөтөлбөр гэж харж байгаа. 

-Пүрэв гарагт хуралдсан чуулганы хуралдаанаар хоёр сарын хугацаанд гацаад байсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа. Бүлгийн хуралдаан чуулган эхлэхийн өмнө хуралдсан. АН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай байна гэсэн ч Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл гэх мэт нэр бүхий гишүүд намын байр суурийн эсрэг санал өглөө гэж байна. Эрхзүйн байдлын хувьд дордуулсан хоригийг УИХ хүлээж авлаа гэх юм? 

-Эсрэг санал өгөөгүй л дээ. Өршөөлийн хуулийг удаан хугацаанд хэлэлцэж байж баталлаа. Анх Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбарт асар их өөрчлөлт орсон. Засгийн газар ч үүнийгээ тайлбарласан. Өөрчлөлт орсон хуулийг УИХ баталсаны дараа Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг бүх намын бүлэг хүлээж авсан. Өчигдрийн /өнгөрсөн пүрэв гараг/ байр суурь дээр тодорхой асуудлууд яригдсан. 

Д.Дорлигжав сайд хуулийн төслийн талаар тайлбар өгөхдөө Засгийн газар анх өргөн барьсан хувилбарт их ойртож батлагдлаа гэж ярьсан байна лээ. Тэгэхээр баталсан хувилбарыг муу гэж хэлж болохгүй. Явцын дундах өөрчлөлтийг бид засч залруулсан. Гишүүд хатуу итгэл үнэмшилтэй байх ёстой юм. Хуулийг Засгийн газраас өргөн барьсны дараа гишүүд өөрсдөө л өөрчилж баталсан. Батлахад бүх гишүүд дэмжсэн. Гэтэл дэмжсэн хуулиа маргааш нь өөрчлөх гэж явсаар байгаад л хоёр сарыг өнгөрүүлсэн. Бид авлигыг хамгаалсан хууль батлаагүй.

Авлигачдыг хайцаалах шинж тэмдэг агуулсан хууль батлаагүй гэж баттай хэлнэ. Зарим нэг зүйл заалтад тавигдсан Хуульзүйн байнгын хорооны зүйл заалт дээр гишүүд өөр өөрсдийн байр сууриа л хамгаалсан. Зургаан санал хураалт явагдсан. өршөөлийн хууль урт хугацаанд сунжирсан шалтгааныг гишүүд хэлж байна лээ. Шударга ёс эвсэл хоёр, Ардын нам хоёр удаа завсарлага авсан. АН завсарлага аваагүй. Оруулж ирэхээс нь эхлээд төгсгөлийг нь хүртэл бид тууштай зогссон. АН хоригийг хүлээж авна гэсэн зарчмаа л барьсан. Зөв замаар хүлээж авах, гаргалгаа өөр байх тухайд л манай гишүүд өөр өөр байр суурь илэрхийлсэн. Р.Гончигдорж гишүүн эсэргүүцээд байгаа юм ерөөсөө байхгүй. 

-“Шударга ёс” эвслийн байр суурийг хамгаалаагүй учраас Засгийн газраас эвсэл гарах нь ээ гэсэн бор шувуу Төрийн ордонд нисч байна. Эвслийн бүлэгтэй тохирсон зүйл байсан уу? 

-Өршөөлийн хууль ингэж гарснаар “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарна, Засгийн газрыг ганхуулна гэсэн яриа угаасаа л амь бөхтэй удаан явж байгаа. Хуулийг ярьж эхэлснээс хойш л яригдсан. Энд улс төр явж байгаа. Сөрөг хүчин үүнийг хүмүүст цацсан. Сөрөг хүчин ийм байгаасай, тийм зүйл болоосой гэсэн хүслээ л яриад байгаа юм. Тэрнийг л сэтгүүлчид бор шувуу гэх мэт янз бүрийн “өхөөрдөм” нэр өгөөд яваад байна.

Одоогоор Засгийн газар ямар нэг байдлаар ганхах, задрах дүр төрх харагдахгүй байна. Магадгүй хүлээлт байгаа байх. “Шударга ёс” эвсэл, АН хоёрын үзэл бодол таарахгүй болох нь гэсэн хүлээлт байгааг үгүйсгэхгүй. Засгийн газрыг огцруулахгүй байх гэж найдаж байна. Эвслийн бүлэг хувийн эрх ашгийн төлөө энэ Засгийн газарт ороогүй гэж бодож байгаа. Үнэхээр л улс эх орны төлөө шударгаар ажиллана гэж ярьдаг шигээ байвал Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой. Тийм биш. Бид зөвхөн нэг юмны төлөө явж байсан, бид Засгийн газраас гарлаа гэвэл тэр хүмүүсийн л асуудал. 

-УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулсан. Одоо гурван гишүүн зурчихвал асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Тэр гарын үсэг дунд АН-ын гишүүдээс байгааг та мэдэж байгаа. Хамгийн сүүлд сонссон мэдээллээр АН-ын нэг л гишүүн танхимын эсрэг, намын бодлогын эсрэг санал өгөх, гарын үсэг зурвал гишүүнээс хөөх тухай ярина гэдгээ намын бүлэг дээрээ тохиролцсон гэсэн. Гарын үсэг зурсан гишүүдээ яах вэ. Огцруулах асуудал орж ирсэн тохиолдолд АН-ын бүлэг нэгдмэл байж хамгаалж чадах уу? 

-Г.Уянга гишүүн гарын үсэг цуглуулж байгаа нь үнэн. Гэхдээ АН-аас нэг л гишүүн гарын үсэг зурсан байгаа. Одоогийн байдлаар. Тэгэхдээ энэ асуудал гацчихсан байгаа. МАН-д ч тэр, Шударга ёс эвсэлд ч гэсэн энэ Засгийн газрыг унагах бодол байхгүй гэж бодож байгаа. Тийм боломж ч байхгүй болов уу. Энэ асуудлыг манайхаас л гаргахгүй бол засаг огцрохгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ч ийм л байсан, одоо ч тийм л байгаа. Бүлэг гэдэг бол намын гишүүдээс бүрддэг. АН-ын бүлэг бол засгийн эрхийг барьж байгаа намын бүлэг. 

УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа. Энэ бүлгийг бүрдүүлдэг гишүүд АН-ын нэр нүүрээр сонгуульд орж, ялалт байгуулдаг учраас намын дүрмээ барьж, мөрдөж ажиллах үүрэгтэй. Өнөөдөр сонгууль ойртож байгаа учраас энэ үүргээ илүү сайн мэдэж байгаа гэж бодож байна. Бүлэг шийдвэрээ гаргасан байхад бүлгийн шийдвэрийг дагахгүй бол хариуцлага тооцно гээд эхнээсээ хариуцлага тооцоод эхэлчихсэн. Энэ арга хэмжээ явна. Зохион байгуулалттай, тодорхой үзэл бодлоо нэгтгэх гэж намд харьяалагддаг болохоос хэн нэг хүний шахалт шаардлагаар намд орж ирээгүй гэж бодож байгаа. Тийм учраас шийдвэрүүдийг хүндэтгэж дагах үүрэгтэй.

 Чадахгүй бол намаас гарах ёстой. Бүлэг дээр гишүүдэд ярьсан хэлсэн зүйл бий. Дүрмээ л дагаж ажиллана. Үзэл санаа нийлэхгүй байж болох ч олонхио дагадаг ардчиллын үнэт зүйл байдаг. Ганц нэг хүний тоглолт сонин биш. Ерөнхий сайдыг өргөн бариагүй байна. Барьсны дараа хэн зурав, яагаад зурав гэдэг асуудал яригдана. Зурсных нь төлөө хариуцлага тооцно гэж ярихгүй, харин албажаад ирвэл асуудлыг ярина. 

-Намын гишүүд тусдаа нам байгуулах нь, АН-ынхан салах нь гэсэн таамаг яриа хэвлэлээр их гарах боллоо. Нам дотроо үнэхээр үл ойлголцоод байна уу, эсвэл аль нэг сөрөг хүчин, өөр улс төрийн хүчний сонирхол давамгайлаад байна уу? 

-Би бол улс төрийн зорилготой гэж харж байгаа. Одоохондоо хоёр тусдаа болчихоор уур амьсгал харагдахгүй байна. Мэдээж ярьж хөөрөх зүйл гарч таараа. Сандал ширээгээ аваад тал тал руу бутрах зүйл манай намд алга. Хүмүүс тэгээсэй гэж хүсч байж мэдэх юм. АН-ыг үргэлж шүүмжилж, янз бүрээр хардаж сэрдэж л байдаг. АН-аас бусад нам эвсэл эвтэй байна гэдэг юу л бол.

Өчигдөрхөн л төсвийн тодотголын санал хураалт дээр өөрсдийгөө маш их эвтэй, найртай, нэг удирдлага, нэг бодолтой гэж ярьдаг Ардын намынхан өөрсдийнхөө хөрөнгө оруулалтын асуудалд хэрхэн маргаан үүсгэв гэдэг нь тодорхой л байна шүү дээ. Тийм ч эв найртай биш гэдгээ харуулчихлаа. АН-ын зөрчил үргэлж ил байдаг. Фракци гэж ярьдаг ч энэ бүгд ил байдаг. Тийм учраас салаасай гэдэг ч юм уу, эсвэл салгах гэсэн “мөрөөдөл” байдаг нь тодорхой. АН шийдвэр гаргахдаа нэгдмэл болж чаддаг гэж хэлье. Бусдыг баярлуулах зүйл хийхгүй. Бүлгийн даргын хувиар хэлэхэд АН дотор ямар нэг эвдрэлцэл алга. Намаас салж нийлэх асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. 

-Сүүлийн үед улстөрчдийн амнаас УИХ-ыг тараая гэдэг яриа их гарч байна. Эдийн засгийн нөхцөл байдал, ирэх зургадугаар сарын олон том үйл явдлыг тооцсон ч тэр сонгуулийг он гарангуут явуулах тухай ярих болсон. Таны хувьд эдгээр нөхцөл байдлыг хэр үндэслэлтэй гэж харж байгаа вэ? 

-Зарим гишүүд ярьж байгаа нь нууц биш. Гэхдээ УИХ хэн нэг хүний хүслээр тарна гэдэг юу л бол. Хуультай, журамтай юм чинь хуулийн хүрээндээ л яригдана. Эс бөгөөс УИХ-ын гишүүдийн хэд нь хүлээн зөвшөөрөхөөс шалтгаалж шийдвэр гарна. Хуулийн дагуу шийдэгдэнэ. Хувь гишүүдийн бодож санаж байгаа зүйл, өөрсдийн бодол санаагаа илэрхийлэх нь нээлттэй. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд нийцсэн бол ярих байх.Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад, нам эвслийн бүлгүүдтэй ярилцаад явж байгаа. Энэ талаар илүү нарийн зүйлсийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах учраас асуудлыг яриад явна. 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг намууд эрчимтэй ярьж эхэлжээ гэсэн дүгнэлтийг таны ярианаас хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, мөн хүлээлт үүсгээд байгаа Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг арванхоёрдугаар сараас өмнө УИХ хэлэлцэж амжих уу. Нэгхэн сарын хугацаа л үлдээд байна шүү дээ?

-Бид таван удаа сонгууль хийхдээ, таван өөр хуулиар хийсэн байдаг юм билээ. УИХ-д олонхи болсон нам өөртөө зориулж хууль хийдэг нь тодорхой байгаа биз. Тийм шүүмжлэл ч байдаг. Одоо нэмэлт өөрчлөлт хийчихвэл АН өөртөө зориулж өөрчиллөө гэж шүүмжилнэ. Тиймээс АН Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс илүүтэй, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв гэж үзэж байгаа. Ганц АН-ын биш бусад намууд ч энэ байр суурийг хадгалж байгаа болов уу. Үндсэн хуульд зайлшгүй шаардлагатай юу гэдэг асуудлаар иргэдээсээ санал аваад, хуульдаа өөрчлөлт хийчихвэл дараа нь Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын хуулийг ярих нь зөв юм.

Иргэдийн саналаас шалтгаалах асуудал. Сонгуулийн хуульд одоо өөрчлөлт хийх нь таатай биш. Сонгуулийн хуулийг оролдох тусмаа буруудна. 2012 оны Сонгуулийн хууль тийм ч муу хууль биш. Гишүүд нэгдмэл байр суурь илэрхийлэхгүй байгаа. Яагаад гэвэл хуулийг өргөн бариагүй байна. Ажлын хэсгүүд асуудлаа бэлдчихээд, намуудтай тохиролцоод явж байгаа.