“АН зарчимаа барьсан”
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.10.30

“АН зарчимаа барьсан”

Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цөөн асуултад хариулт авлаа.

-Өршөөлийн хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг хэлэлцэх үед АН-ын 15 гишүүн авлига, албан тушаалтнуудыг хэргийг өршөөхийг дэмжсэн байсан?

-Өршөөлийн хууль дээр барьж байсан Ерөнхийлөгчийн бодлого бүрэн хангагдсан. Тэрбээр өчигдөр твиттертээ “УИХ зөв байр суурь дээр зогсч чадлаа” гэж жиргэсэн байсан. Энэ хуулийг хүлээгээд, шоронд өдөр хоногоо тоолоод сууж байгаа, мөн  тэднийг суллагдахыг хүлээсэн ар гэрийнхэн нь гээд олон хүнд хүлээлт үүссэн байсан. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой дээрээ Монголын төр өршөөл үзүүллээ. 

Тиймээс өршөөлд хамрагдсан хүмүүс төрийн өршөөлийг эерэг хүлээж аваад, дахин алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Энэ бол тэр хүмүүсийн ухамсартай холбоотой асуудал. Өршөөлөөр олон гэмт хэрэгтэнг суллаж байгаа нь нийгэмд болгоомжлол төрүүлэх болсон нь үнэн. Гэхдээ анх удаа Монголын төр иргэдээ өршөөж байгаа юм биш. Төр урьд нь таван удаа өршөөл үзүүлж байсан. Өнгөрсөн хугацаанд өршөөлд хамрагдаж гарсан нийт иргэдийн 0,6 хувь нь дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тиймээс баахан гэмт хэрэгтэнг суллачихлаа гэж айгаад байх шаардлагагүй.

-Өршөөл үзүүлэх хуулийг батлах гэж багагүй улстөржлөө. Монгол ардын намынхан бол Ардчилсан нам Өршөөлийн хуулийг “Шонхордох” нь гэж хардаад байсан?

-Үнэхээр улс төржилт их байсан. Гурван хүчин зүйлээс улбаалж хэрүүлийн алим үүссэн гэдгийг та бүхэн санаж байгаа байх.

Нэгдүгээрт: Өршөөлийн хуулиар ямар гэмт хэргийг өршөөх, өршөөхгүй вэ гэдэг бодлого дээр бид зарчим барьж чадах уу, үгүй юу гэсэн маргаан байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон олон нийтийн зүгээс авлига, албан тушаалын хэргийг өршөөж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Өршөөлийн хуулийг анх хаалттай хэлэлцэж баталсан. Тэр үед  МАН-ын зүгээс Ардчилсан нам авлигачдаа өршөөх гэж байна гэдэг улс төр хийсэн. Гэхдээ гишүүд нам харгалзахгүй л байр сууриа илэрхийлсэн шүү дээ.

Өршөөлийн хууль хаалттай хэлэлцэж байхад хэн хаана санал өгч, юу ярьсан бэ гэдэг нь өөрөө бүрхэг байгаа учраас хүн болгон баатар болчихсон юм шиг санагдаж магадгүй. Тухайн үед МАН-ын гишүүд орж ирээд дэмжсэн кноп дараад гарсан ш дээ. Дээр нь “шонхордох” аргаар чуулган дээр өршөөлийн хуулийг эсэргүүцэж байгаа гишүүдийн тоог багасгаж ирцээс гараад, өршөөлийн хуулийг дэмжиж байгаа гишүүдийн тоог их болгох замаар “дуугүй дэмжих” арга заль хэрэглэсэн. Гэхдээ тэдний арга заль бүтээгүй, Өршөөлийн хууль олон нийтийн хүсч байснаар батлагдлаа.  

Би тэр тэр үед “МАН бол Өршөөлийн хуулийг шонхордох аргаар гаргасан шүү, Байнгын хороон дээрх МАН-ынхан  бүгдээрээ өршөөлийн хуулийн авилгатай холбоотой хэсгийг өршөөе гээд кноп дарсан шүү гэж хэлж байсан. Тухайлбал, Өршөөл үзүүлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх  үед  авлига, албан тушаалын хэргийг өршөөх үү, үгүй юу гэдэг санал хураалт явуулахад МАН-аас илүү АН-ын гишүүдийн олонх өршөөхгүй гэсэн кноп дарсан. Тиймээс энэ бол намаар талцах тухай ойлголт биш энэ зарчим дээр хэн тууштай байсан бэ гэдэг байр суурь чухал юм шүү.

Хоёрдугаарт, АН олон улсын өмнө амалсан амлалт, 2012 онд сонгогчдын өмнө амалсан амлалт, дээр нь хууль тогтоомж, эрүүгийн, эрх зүйн шинэчлэл гэх мэт маш олон зүйлтэй холбоотойгоор авлига, албан тушаалтны хэргийг өршөөхгүй гэсэн зарчмаа барьсан.  Авлига бол  зөвхөн  албан тушаалтантай холбоотой асуудал биш. Энэ чинь шүүх, поркурор гээд хуулийн салбартай холбоотой асуудал учраасАН байр сууриндаа хатуу зогсч, Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн.   

Гуравдугаарт, Өршөөлийн хуультай холбоотой засгийн газрын хувь заяа яригдаж байсан. Өршөөлийн хууль яаж гарахаас шалтгаалж зарим нэг хүн Засгийн газраас гарна шүү, дэмжлэг үзүүлэхгүй шүү, Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурна шүү гэсэн сүрдүүлэг болж явж байсан. Гэхдээ АН зарчмаа барьж сонголтоо хийсэн. Хэрэв Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдвөл багаараа хамгаална гэсэн ийм бүлгийн шийдвэр гарсан учир Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн.

-Өршөөлийн хууль батлагдангуут Н.Энхбаяртай яаж холбогдож байгаа юм бэ гэж асуух хүмүүс их байна. Энэ асуудлыг та ямар өнцөгөөс харж байна вэ?

-Өршөөлийн хууль дээр Н.Энхбаяр хэрхэн яаж холбогдож байгааг би мэдэхгүй. Өршөөлийн хуулиар тэр хүний хэрэгтэй холбоотой асуудал бол шийдэгдээгүй. Зүгээр өршөөлийн хууль өөрөө Засгийн газрын тогтворгүй байлгах гэж оролдож байгаа зарим нэг хүчний ярих сэдэв байсан юм шиг байна гэж би хувьдаа харж байна. Өршөөлийн хуулийг та нар ингэж авлигачдаа хамгаалсан байдлаар гаргахгүй бол наад Засгийн газрыг чинь унагаана шүү гэх байдлаар хандсан хэрнээ олон нийтэд АН-ыг буруутгаж харуулах хоосон хийрхэл байсан юм болов уу даа гэж харж байна.

-Хар тамхитай холбогдсон иргэддээ өршөөл үзүүлчихлээ гэдэг шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр яваад байна. Энэ асуудлыг та юу гэж харж байна вэ?

-Монголчууд хар тамхитай тэмцэх арга барилаа өөрчлөх цаг ирсэн. Бусад улс орнуудын туршлагаас харахад хар тамхи оруулж ирж байгаа сүлжээг илрүүлж хариуцлага тооцож байгаа болохоос хэрэглэж байгаа хүмүүсийг барьж яллахыг оролдохгүй байна. Тэр нь өөрөө нэг талаасаа юманд донтох гэдэг нь өвчин болчихдог гэдгийг ойлгосон үйлдэл. Өвчин туссаныхаа төлөө ял шийтгэл хүлээнэ гэдэг бол хүмүүнлэг талаасаа буруу байна. Харин тийм хүмүүсийг өвчтэй болгож, хар тамхинд донтуулж, хамааралтай болгох замаар мөнгө хийж байгаа хүмүүст ял шийтгэл олгож эхэлж байгаа. Бид бол хар тамхитай тэмцэх хэрэгтэй. Гэхдээ яаж тэмцэх вэ гэсэн “арга замаа зөв сонгох ёстой.