Ноён уулыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар
2015.10.30

Ноён уулыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 80 хувь нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганд оруулахаар боллоо.

Дээрх хуулийн төслөөр Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудал хөндөгдөж байна. Нийт талбайн хэмжээ 11 мянган га талбайг хамарна.

Гацууртын ордыг ашиглахтай холбоотой хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн учраас Ноён уулыг хамгаалах асуудал давхар яригдаж байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Гацууртын ордыг ашигласан нөхцөлд Ноён ууланд орших Хүннүгийн үеийн булш бунхан сүйтгэгдэхгүй байх боломжтой юу. Археологийн хүрээлэнгээс тусгай судалгаа хийсэн эсэхийг тодрууллаа. Холбогдох албаны хүмүүсийн тайлбараар бол Гацууртын ордыг ашиглах талбайд булш бунхан байхгүй нь тогтоогджээ.

Гэхдээ УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Батзандан нар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэсэгчилж бус нийтээр нь авахаар оруулж ирэх ёстой байсан гэсэн асуудлыг хөндлөө.

Мөн Гацууртын ордод “нинжа” нар олноороо хууль бусаар олборлолт хийж байхад төр нь зохицуулж чадахгүй өнөөдрийг хүргэсэн нь төр байна уу гэх сэтгэгдлийг төрүүлж байна гэж нэр бүхий гишүүд шүүмжлэв.

Үүнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг “Хоёр долоо хоногийн өмнө Гацууртын ордод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд энэ талын мэдээллийг сонссон. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга мэдээлэл өгсөн, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа. Хүн хүч хүрэлцэхгүй байна, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгааг ярьсан. Асуудлыг зохицуулахын тулд хууль эрх зүйн хүрээнд Ноён уулыг хамгаалалтад авахаар Засгийн газар оруулж ирж байна. Мөн Гацууртын ордыг тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа татвар төлдөг аж ахуйн нэгжээр нь ашиглуулъя гээд тусад нь хуулийн төсөл өргөн мэдүүлсэн” гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан:

-Хамгаалалтад авах газар сөөм байсан ч хамгаалах ёстой. Орж ирсэн асуудал зөв. Цаг алдалгүй боломж бололцоогоороо хамгаалаад авах нь зөв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Ноён уулыг бүхэлд нь хамгаалалтад авах ёстой. Бүхэлд нь авах горимын санал гаргаж байна.

Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Төв цэвэрлэх байгуламжтай холбоотой асуудлаар мэдээлэл сонсч байна.