С.Баярцогтын офшор дансыг дахин шалгах ёстой
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.11.02

С.Баярцогтын офшор дансыг дахин шалгах ёстой

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тус байнгын хороонод аравдугаар сард 246 өргөдөл ирүүлсний 160 нь хувийн чанартай хүсэлт, 16 санал, 8 гомдол байжээ. Үүнээс Байгаль орчны яаманд тав, ГХЯ-нд хоёр, Сангийн яаманд хоёр, Хууль зүйн яаманд 33, Аж үйлдвэрийн яаманд гурав, Барилга хот байгуулалтын яаманд 13, БСШУ-ны яаманд 18, УУЯ-нд тав, Хөдөлмөрийн яаманд 17, ХАХНХЯ-нд 69, ХХААЯ-нд гурав, ЭМСЯ-нд долоо, ЭХЯ-нд хоёр өргөдөл ирсэн байна.

Ирүүлсэн өргөдлийн ихэнхи нь сургалтын төлбөр олгох, орон сууц, гэр олгохыг хүссэн өргөдөл эзэлж байгаа аж. Түүнчлэн ажлын байранд зуучилж өгөхийг хүссэн, эмчлүүлэх хүсэлт тавьсан, шагнал урамшуулал хүссэн, донорын нийгмийн хангамж, урамшууллын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн өргөдөл их иржээ.

 Мөн Халх голын сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид гэх 1659 иргэнээс өргөдөл ирүүлсэн байна. Тиймээс Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн сүүлээр Халх голд очиж ажиллах юм байна. 

2015 оны 10 дугаар сард иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл, хүсэлтийн 19.9 хувийг судлан, тодорхой хариу өгсөн бол 57.7 хувь судалгааны шатанд байгаа бөгөөд үүнээс 55 өргөдөл шийдвэрлэх шатанд байгаа болохыг Байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээллээ. 

Мөн Ерөнийлөгчийн бүрэн эрхэд хамаарах шагнал өгөх асуудлаар нэлээд олон өргөдөл гомдол ирсэн. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичиг өгсөн. Бас нэг зүйл хэлэхэд Өргөдлын байнгын хороонд Жастин Каплатай холбоотой гомдол ирсэн. Би тайлбар хүссэн. Ерөнхийлөгч маань тайлбараа ирүүлэхгүй байгаа. Ерөнхийлөгчид ч бас хууль үйлчилдэг гэдгийг ойлгуулъя. Яагаад тэр Капла гэдэг хүн одоо болтол татвараа төлдөггүй юм. Ерөнхийлөгчийн шийдвэр хууль зөрчсөн бол тэр шийдвэрийг УИХ хүчингүй болгож болдог” гэлээ.

Өргөдлийн байнгын хорооны дарга ярихдаа “Шилэн дансаа хөтлөхгүй байна гэсэн гомдол ирсэн. Энэ талаар С.Баярцогтод хандсан ч “Энэ долоо хоногт Ерөнхий сайд Шилэн дансаар мэдээлэл өгөх учраас би тайлбарламааргүй байна” гэсэн. Дээрээс нь С.Баярцогттой холбоотой мэдээллийг Прокуророос надад ирүүлсэн байгаа. Тэр нь ямар мэдээлэл вэ гэхээр 2013 оны зургаадугаар сарын 21-ний өдөр С.Баярцогтод Эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм байна. 263.2, 270.1.2 гэсэн зүйл ангиудаар.  Хэрэг үүсгэснийхээ дагуу Щвейцарьт байдаг офшор бүс рүү 2014 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр бичиг явуулсан юм байна. “Энэ хүн офшортоо хэдэн төгрөг нуусан юм бэ” гэдэг асуудлаар. Гэтэл тэндээс  “Та нар стандартын дагуу бичгээ ирүүлээгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. 

Тэгтэл манайхан тэндээс ирсэн бичгийг үндэслээд С.Баярцогтод хэрэг үүсгэх шаардлагагүй юм байна гээд хэргийг нь хаачихсан юм. С.Баярцогт гурван хүн нийлээд дөрвүүлээ офшор данс нээсэн тухай дуулдсан. Үүнийг дахин шалгах юм билээ. Шалгах ч ёстой. Азаар Эрүүгийн хуулийн 236, 270 гэсэн зүйл ангиуд өршөөлд хамрагдахааргүй болсон. Энэ долоо хоногт даргын зөвлөлөөр сайд нарыг хэлэлцэх Байнгын хорооны тогтоол гаргах гэж байсан боловч хуваарьт оруулаагүй байсан. Гэхдээ горимын санал орж ирэх юм бол тухайн саналыг хэлэлцээд шууд арга хэмжээ авах боломжтой. Яагаад гэвэл би хуулийн дагуу тайлбараа ирүүл гэхэд хуулийн хүрээнд ирээгүй байгаа учраас байнгын хороо хариуцлага тооцно.

Өргөдөл гомдлын дагуу Өргөдлын Байнгын хороон дээрээ тайлбараа ирүүлэхгүй байх юм бол хариуцлага тооцно.