Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г ирэх сард бэлэн болгоно
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.11.02

Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г ирэх сард бэлэн болгоно

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр тус байнгын хорооны гишүүд холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссон юм. 

Хуралдаанаас Төв цэвэрлэх байгууламжийн тулгамдсан асуудалтай холбоотойгоор БОХХАА-ын Байнгын хорооноос Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны доголдол Нийслэлийнхний өмнө тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ талаар өнөөдөр БОХХАА-ын байнгын хороогоор хэлэлцсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тодруулахгүй юу? 

-БОХХАА-ын байнгын хорооны гишүүний хувьд Цэвэрлэх байгууламжийн асуудлыг байнгын хороон дээр хэлэлцэх саналыг би гаргасан юм. Миний энэ хүсэлтийн талаар дагуу байнгын хороо Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал сэдвээр хуралдлаа. 

Тэгэхээр энэ оны наймдугаар сараар хойш би цэвэрлэх байгууламжийн газар дээр нь очиж танилцаад, Засгийн газарт хүсэлт тавиад, албан бичиг илгээн холбогдох байгууллагуудтай уулзсан. Яагаад үүний араас яваад байна гэхээр цэвэрлэх байгууламж нь манай Сонгинохайрхан дүүргийн нутагт байрладаг.СХД-ийн 300 мянган иргэн өмхий дотор амьдарч байна. 

Зөвхөн СХД гэлтгүй цэвэрлэх байгууламжийн үнэр хотын төвд ч үнэртэж байна. Тийм учраас энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой. 

Байдал ямар байгаа вэ гэхээр одоогоор Францын компани ТЭЗҮ гаргаад арваннэгдүгээр сарын эхээр бэлэн болгоно. Үүнд зориулж 2014 оныхоо төсөв нийслэл зургаан тэрбум төгрөг батлаад түүгээр ТЭЗҮ хийлгэж байгаа юм билээ. ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын дүн гарчихсан. 315 сая ам.доллар хэрэгтэй. Энэ нь ойролцоогоор 630 тэрбум төгрөгөөр шинэ цэвэрлэх байгууламжтай болохоор байгааюм. тэгэхээр 630 тэрбум төгрөгийг бид улсын төсөвтөө суулгаж чадахгүй. 

Тэгэхээр олон улсын байгууллагууд удаа дараа хөнгөлөлттэй зээлийн санал тавьж байсан билээ. Жишээ нь, Японы “ЖАЙКА” эхлээд “танай цэвэрлэх байгууламжийн ажилд тусалъя, хөнгөлөлттэй зээлийг чинь шийдэж өгье” гэж нэлээн ярьсан боловч манайхан энэ тал дээр хойрго хандан юм билээ. Бас өрийн таазны асуудал энэ тэр гээд асуудал байсан. Тиймээс Японы тал саналаа татаж авсан байдаг. 

Зураг төслийн ажил бол ирэх оны дөрөвдүгээр сард дуусах юм. Хөрөнгө оруулалтаа яаж шийдэх вэ гэхээр Францын Засгийн газрын урт хугацааны зээл сүүлийн хоёр жилийн хугацаанд яригдаж байгаа. Нийслэлийн зүгээс энэ зээлийг нэлээн дэмжиж, саналаа нэгтгэсэн юм билээ. 

Тэгэхээр Францын урт хугацааны зээлийг оруулж ирэхийн тулд УИХ-аар соёрхон батлах ёстой. Өрийн тааз тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа учраас. Энэ ажлыг УИХ-д байгаа бидний зүгээр хариуцаж ажиллах юм. Өөрөөр хэлбэл, манай ажлын хэсэг хөрөнгө оруулалтыг түргэвчлүүлэх ажлыг хариуцаж байгаа. 

-Засгийн газрын зүгээс энэ асуудалд арай өөр байр суурьтай байсан?

Төв цэвэрлэх байгууламж

-Энэ асуудлаар би Ерөнхий сайдтай уулзаж ярилцсан. Засгийн газрын зүгээс Туркийн концессын гэрээгээр бариулахаар төлөвлөж байгаа гэж хэлж байсан. Харин нийслэл бол концессын гэрээг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл концессын гэрээ нь урт хугацааны зээлээс 30 хувиар илүү өртөгтэйгэж үзсэн. Урт хугацааны хөнгөлөлттэй зээл нь ашигтай гэж үзээд байгаа. Тэгэхээр Засгийн газар Туркийн концессын гэрээ байдаг. Ингээд жаахан зөрөлдсөн асуудал байгаа учраас энэ асуудал 1-2 жилээр гацчих вий гэж би хувьдаа бодож байгаа. Тийм учраас УИХ дээр ажлын хэсэг сонирхогч талуудаа бүгдийг нь нэгтгээд шийдэлд маш яаралтай хүрэх хэрэгтэй байгаа. 

-Хөрөнгө шийдвэл шинэ цэвэрлэх байгууламжтай болчихно гээд байгаа. Гэтэл хөрөнгө босгоно, ажлаа эхлүүлнэ гээд хугацаа их шаардах нь ээ? 

-Нийслэлийн зүгээс энд анхаарал хандуулаад энэ хавраас шинэчлэлийн ажлыг зайлшгүй эхлүүлнэ гэдгээ хэлж байсан. Тэгэхээр хавар газар гэсэхэд зураг төсөл бэлэн болчихсон, газраа ухаад эхэлж баймаар байгаа юм. Энэ нь өөрөө бараг хоёр жил шахам хугацаанд баригдах байгууламж юм. 

-Тэгэхээр хөрөнгө мөнгө нь шийдэгдлээ гэж бодъё. Хоёр жилийн хугацаанд баригдах байгууламж гэж байна. Тэр болтол нийслэлчүүд өмхий үнэр дунд амьдарсаар байх уу?

-Өнөөдөр энэ асуудал яригдсан л даа. Яг одоогийн байдлаар цэвэрлэх байгууламжид таван жил хуримтлагдсан лаг байгаа юм билээ. Тэгэхээр тэр лагыг зайлуулах хэрэгтэй, эсвэл лагаа газар дээр нь боловсруулдаг жижиг үйлдвэр барья гэсэн саналууд гаргаж байсан. 

Тэгэхээр богино хугацаанд энэ үнэрийг дарах асуудлыг шийдэх ёстой байгаа. 

-Газрын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Хуучин газрын нь хажууд үйлдвэр барих газар байгаа. Тэр газар дээр баригдана гэдгээр ТЭЗҮ хийгдэж байгаа.