Занданшуулсан шарилыг Архангай аймагт зална
2015.10.21

Занданшуулсан шарилыг Архангай аймагт зална

Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт айлын хашаанаас олдсон лам хүний занданшуулсан шарилыг сэргээн засварлах ажлыг Гандантэгчинлэн хийдэд хийж дууссан байна.

Энэхүү онгон нь ард олноо Өвгөн Гэсэр лам хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын шавь цорж аграмба Санжайжав  болохыг тогтоосон. Түүний онгоныг төрөлх нутагт нь буюу Архангай аймгийн Цахир суманд залахаар болжээ. Занданшуулах үйлийг эрт дээр үеэс хөндлөнгийн буюу бүрлээч болсных нь дараа онголдог.

Нөгөө нь хувилгаан өөрөө оюун ухаанаа захирч, он удаан жил бясалгал хийсний үр дүнд  биеэ занданшуулдаг байжээ. Үүнийг буддын ухаанд мөнх амьдрагсад ч гэж хэлдэг байна. Санжайжавын хувьд 120 гаруй жилийн өмнө жанч халсан. Түүний шарилд Шүүх эмнэлгийн шинжээчид үзлэг хийгээд тодорхой хариу гаргаж чадаагүй.

Энэ шарил нь гэнэт олдсон зүйл биш юм гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Өвгөн Гэсэр лам, түүний шавь  цорж аграмба Санжайжав  нарын тухай олон домог яриа байдаг. Тухайлбал, тэднийг занданшсан төлөв байдалд шилжсэнээс хойш  шүтээний оршин буй нутагт сүүлийн 120 гаруй жилийн хугацаанд ган зуд, аянга зэрэг байгалийн онцгой гамшигт үзэгдэл тохиолдоогүй. Мөн энэ нутагт нэг бус удаа гал түймэр болоход занданшсан шарилын орчим газар түймэрт автдаггүй байсныг нутгийн иргэд хэлж байгаа юм.

Аграмба Санжайжавын занданшуулсан шүтээнийг энэ сарын 21, 22-ны өдөр Гандантэгчинлэн хийдэд байршуулан сүсэгтэн олонд мөргөл залбирал хийх боломжийг олгох юм. Харин дараа нь  Архангай аймгийн Цахир сум буюу шарилыг хуучин байсан байранд нь буцаан залахаар болжээ. Аграмба нь 1826-1905 оны үед амьдарч байсан хүн юм.