Түрэгийн үеийн соёлын өвийг хамгаалахад хамтран ажиллахаар боллоо
Монгол дахь эртний Түрэгийн үеийн соёлын өвийг хамгаалах, хадгалахад хамтран ажиллах тухай санамж бичигт өчигдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Али Маскан нар
2015.05.27

Түрэгийн үеийн соёлын өвийг хамгаалахад хамтран ажиллахаар боллоо

Монгол дахь эртний Түрэгийн үеийн соёлын өвийг хамгаалах, хадгалахад хамтран ажиллах тухай санамж бичигт өчигдөр   БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Али Маскан нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Булган аймгийн Баяннуур сумын нутгаас олдсон  "Шороон бумбагар"-ын олдвор буюу  эртний Түрэгийн үеийн язгууртны бунхант дурсгалт газрыг авран хамгаалах төслөөс танилцуулга хийж Туркийн талтай хамтран ажиллахаар боллоо.  

2011 онд нээсэн энэ бунхны хананы зарим хэсэгт мөөгөнцөр үүсч газрын хөрсөн дээр зурсан 1300 настай зурагнууд бүдгэрч эхэлсэн байна. Тиймээс авран хамгаалах ажлыг даруй эхлүүлэх шаардлагатай болоод байгаа юм. 

Одоогийн байдлаар бунханаас олдсон алт мөнгөн эдлэл  болон ховор сонин баримал эртний зоос тэргүүтнийг Хар хорины музейд хадгалж байна.Мөн бунхант булшийг авран хамгаалах сендвичин барилгыг  барьжээ. Цаашдаа  ханын зургийг бүтнээр нь хуулж авах, "Шороон бумбагар"-ын цогцолбор газарт музей байгуулах зэрэг ажлыг хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.    

Санамж бичиг үзэглэх үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Өнөөдрийн байдлаар ерөнхий санамж бичиг зурж байна. Эндээс эхлээд аль аль тал нь ажлын хэсэг гаргаад ажиллана. Бид "Шороон бумбагар"-ыг авран хамгаалах ажилд 600.000 ам.долларын санхүүжилт хэрэгтэй байна  гэсэн эхний тооцоог гаргасан. Мэдээж бүгдийг нь Туркийн талыг гаргаач гэхгүй.

Харилцан хамтын ажиллагаа бий болно.Цаашдаа энэ дурсгалт газарт томоохон музей байгуулж, үнэт ховор олдворыг ард түмний хүртээл болгох ажлыг хийнэ. Тэгэхийн тулд сайн мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Өнөөдрийн  хэлэлцээрийн хүрээнд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ажлыг давхар хийх юм" гэлээ. Харин Туркийн тал "Энэ дурсгалыг хамгаалах ажил  судалгаа шинжилгээ хийж өнөөдрийн байгаа нөхцөлийг тодорхойлохоос эхэлнэ" гэдгийг хэлж байлаа.     

Орхоны хөндийд байрлах "Шороон бумбагар"-ын ойр орчим үүнтэй  ижил төстэй  10 орчим булш байгааг  судлаачид тогтоогоод байгаа юм байна. Хар хорин, Өгий нуур зэрэг аялал жуулчлалын бүс нутагт ойрхон байршилтай учир цогцолбор хэлбэрээр хөгжүүлж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байна. Өөрөөр хэлбэл дэлхийд ховорт тооцогддог архиеологийн олдвороо эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломж байна.