Музейн үзмэрийг хадгалж хамгаалахын зэрэгцээ үнэ цэнэд хүргэх ёстой
Монголын Үндэсний музейн захирал,доктор Д.Сүхбаатар
2015.04.28

Музейн үзмэрийг хадгалж хамгаалахын зэрэгцээ үнэ цэнэд хүргэх ёстой

Монголын Үндэсний музейн захирал,доктор Д.Сүхбаатартай ярилцлаа.

-Музей бол аялал жуулчлалын гол үйлчилгээ байдаг. Жуулчдын хичнээн хувь нь музей үздэг юм бол?  

Музей нь олон улс үндэстнийг хооронд нь холбож өгдөг, түүх соёлыг нь харилцан ойлгоход тусладаг хамгийн том салбар. Тиймээс музейг аялал жуулчлалтай холбож өгөх нь тулгамдсан асуудал. Жилд 450 мянган жуулчин ирлээ гэж бодоход 10 хувь нь Үндэсний музейг үздэг байх жишээтэй. Тиймээс ITB-Берлиний арга хэмжээний ачаар энэ тоо 20-30 хувьд хүрэх байх гэсэн бодолтой байгаа.

Жуулчид Монголын онгон дагшин байгаль, нүүдлийн мал аж ахуйг үзэхээр ирдэг ч  эдгээрийг суурин газар нь зангидаж өгсөн музейтэй танилцах нь зайлшгүй байдаг учраас музейн хөгжлийн асуудал, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь нэн түрүүний чухал ажил болоод байна. Музейг хөгжүүлсэнээр аялал жуулчлалын салбарт маш чухал нөлөөтэй.

-Энэ хүрээнд Монголын Үндэсний музей өнөөдөр хэрхэн ажиллаж байна вэ. Үндэсний музейн статус, менежментийн хувьд сайжруулах ёстой зүйлс бий юу?

Юуны өмнө музейг үйл ажиллагааных нь хувьд иргэдэд үйлчлэх үндсэн ухамсрыг дээшлүүлэх, оюуны сэргэн мандалт, биет болон биет бус өвийг таниулах талаасаа илүү гадна дотны жуулчдад музейг өргөн хүрээнд олны хүртээл болгоход анхаарах учиртай. Музейг шинэчлэх ёстой. Энэ шинэчлэл нь ая тухтай байдалд үзмэрийг олон хүнд яаж үзүүлэх вэ гэдгийг шийдэхээс эхэлнэ.  

Тиймээс бид сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон дунд сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд, дотоодын жуулчид гэсэн ангиллаар дотооддоо үйл ажиллагаа явуулж байна.

-Музейг хэрхэн хөгжүүлж, сайжруулах ёстой юм бэ. Хувийн менежмент оруулах боломжтой юу?

Музейг олон улсын зэрэглэлийн дагуу ажиллуулах учиртай. Өргөн утгаар нь харвал музей бүхэнд шинэ байр, шинэ боломж, шинэ үйлчилгээг бий болгож байж жуулчдыг илүү татах юм.

Дэлхийн олон улс орны музейг харж байхад гол менежмент нь иргэдэд үйлчлэх тал дээр чиглэсэн байдаг. Тэр тал руу л хөгжүүлэх учиртай гэж би хардаг.

Музейг хуулиараа ашгийн бус гэсэн учир хувийн менежменттэй байхыг хориглосон гэсэн үг. Төрийн үйлчилгээний байгууллагын журмын дагуу ажилладаг.

Тэгэхээр ийм нөхцөл байдалтай учир эхний ээлжинд музей өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглаж, үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгох нь чухал. Тэгж байж дараагийн шатанд ямар үйл ажиллагааг явуулахыг харах ёстой.

-Музей улсын төсөвт хичнээн төгрөгний орлого оруулдаг вэ. Орлогоо музейдээ хэрхэн зарцуулдаг вэ?

Монгол орон даяар байгаа нийт музей нийлээд 3,2 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулдаг. Манай үндэсний музейн хувьд жилд дунджаар 880 сая төгрөгөөр үйл ажиллагаа явуулж байна. Хямралаас өмнө нь орлогоо музейдээ зарцуулдаг байсан бол энэ жилээс эхлээд төсөв давсан орлогыг буцаагаад татаж байгаа.

Музейн үзмэрүүдийг хадгалж хамгаалахдаа үнэ цэнэд хүргэх ёстой. 
-Музейн эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэсэн. Чухам ямар үр дүн гарах юм бэ. Юнескогоос Монголын музейнүүдэд судлагаа хийж зөвлөгөө өгч байгаа гэсэн. Та бүхэн ямар зөвлөгөөг нь хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна?

Ер нь Юнескогийн төсөл 2012 оноос эхэлж дан ганц Монголын Үндэсний музей дээр хэрэгжиж байгаа. Тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэхийн тулд бүсийн сургалтуудыг хийгээд гарын авлага гаргаад, одоо хууль эрх зүйн орчиндоо санал зөвлөмж гаргах ажлууд хийгдэж байна.

Бид гадны судлаачдын зөвлөмжөөс авах гээхийн ухаанаар хандаж, монголын онцлогт тохирсон эрх зүйн орчинг бүрдүүлэх болно. Өнөөдрийг хүртэл музей хуульгүй байгаа, тусдаа хуультай болох хэрэгтэй.

-Музейн үзмэрүүдийг зөвхөн хадгалж, хамгаалах бус үнэ цэнэд хүргэх нь чухал. Яаж үнэ цэнэнд хүргэх вэ?

Музейн үзмэрүүдийг хадгалж хамгаалахдаа үнэ цэнэд хүргэх ёстой. Цаг хугацаа, ур хийц, хүртээлийнх нь хувьд, түүхэн онцлогоос шалтгаалаад үнэтэй болгох хэрэгтэй. Үүний тулд үзмэрийн ангилллыг нь сайжруулах ёстой. Одоо бол үнэт, хосгүй үнэт, ердийн гэсэн ангиллаар явж байгаа учраас ердийнх нь олон болоод үнэт хосгүй нь цөөхөн болчихоод байгаа юм. Тиймээс ангиллыг нь дээш нь ахиулах ёстой.  

Хоёрт нь музейн үзвэрийг олон нийтэд нээлттэй чөлөөтэй үзүүлж харуулах боломжоор хангах учиртай. Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа 55000 гаруй үзмэрийг олон нийтэд нээлттэй болгож, олон нийт харах боломжтой хувилбар луу нь оруулах ёстой.

Жишээлбэл, 13-р зууны үеийн түүхийн хосгүй нандин дурсгалтыг цахим ертөнцөөс харж, хайж олоод ирж үзэх хүслийг нь төрүүлэх ёстой. Гэвч орчин үеийн техник технологийн дэвшил тухайлбал дижитал музей, виртуаль музей, 3D технологи нэвтрүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна.

Энэ тал дээр сүүлийн жилүүдэд төрөөс анхаарал хандуулж шинэ музей байгуулах, байгаа музейдын байр савыг засварлах асуудал яригдаж бага ч болов төсөв мөнгө хуваарилж өгсөн. 

-Монголын Үндэсний музейд жуулчдын анхаарлыг татдаг ямар үзмэр байдаг вэ?

Нүүдлийн мал аж ахуйтай холбоотой үзмэр, ялангуяа эртний чулуу, хүрэл зэвсгийн үеийн хадны зураг, 1990 оноос хойшхи Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн талаарх түүхэн дурсгалт гээд жуулчид түүхийн үе бүхнийг харуулсан үзмэрт их сонирхолтой ханддаг. Тиймээс танхим бүрийг сайжруулах шаардлагатай байгаа.

-Ярилцсанд баярлалаа.