Азийн залууст байгалийн гамшгийн асуудал илүүтэй тулгардаг гэв
Азийн залуучуудын зөвлөлийн XIII дугаар чуулган үргэлжилж байна. Уг чуулганы талаар зохион байгуулагч, оролцогчдын зүгээс хэвлэлийн бага хурал хийлээ.
АЗЗ-ийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар 18-35 насны залуус дэлхий дээр 1.8 тэрбум, Азид 750 сая, Монгол Улсад 1.3 сая байгаа гэсэн тоо бий. Бид залуусыг эдийн засаг, хүн амын хөдөлгөгч хүч гэж боддог.
Тэдэнд амьдрах ухааны мэдлэг олгох, эрүүл мэндэд анхаарах, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай боловсрол эзэмшүүлэхэд анхаарч ирсэн. Монгол Улсын Засгийн газраас 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоог дэмжих жил болгож зарласан. Залуучуудын хөгжлийн дэмжих жилийн хүрээнд томоохон ажлыг хийж байгаа Азийн залуучуудын чуулганыг зохион байгуулж байна.
Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагчид, судлаачид болон залуус оролцож байна. Энэхүү чуулга уулзалтын үр дүнд тогтвортой хөгжлийн зорилт дахь Азийн залуучуудын нэн тэргүүний зорилго зорилтуудыг тодорхойлох, хөгжлийн талаарх залуучуудын ойлголтыг нэмэгдүүлэх, хөгжих боломжийг нь хангах тухай Улаанбаатарын тунхагийг батлах асуудал байгаа юм” гэдгийг онцлов.
Хэвлэл мэдээллийнхний зүгээс Монгол болон Азийн залуучуудад тулгамдаж буй асуудал болон байгалийн гамшигт нэрвэгдсэн нэг тивийн залууст туслах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа вэ гэдгийг тодруулсан юм.
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Азийн Залуучуудын Зөвлөлийн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат “Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос хамгийн тулгамдаж буй эрүүл мэнд, жендер, боловсрол гэсэн асуудлуудыг илүү тухайлан авч, энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлаар залуучууд хамтарч хурлууд зохион байгуулна.
Азийн залууст дайнтай холбоотой асуудлууд харьцангуй гайгүй байдаг.
Азийн залууст дайнтай холбоотой асуудлууд харьцангуй гайгүй байдаг. Хамгийн их тулгамдаж буй асуудал бол байгалийн гамшигтай холбоотой асуудлууд байгаа. Дараагийн тулгамдаж буй гол асуудал нь ядуурал. Энэ гурван асуудал дээр төр засгийн оролцоог хэрхэн нэмэгдүүлж болох юм бэ гэдгийг голчлон ярилцана.
Балбатай холбоотой Залуучуудын байгууллагаас туслах уриалга гаргана гэж төлөвлөж байгаа.Байгалийн гамшигт бэлэн байх, маш богино хугацаанд сэргээх тэр нөхцөлүүдийг хангах, эргээд сэтгэл санааны дэмжлэгүүдийг тухайн гамшигт нэрвэгдсэн улсуудад үзүүлэх гол чиглэлээр ажилладаг.
Орон оронд маш олон янзын асуудал байдаг ч ерөнхийдөө эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогыг жигд, хүртээмжтэй байлгах чиглэлүүд хамгийн чухал байдаг” гэв.