Гэрлээр бичих урлагт суралцах “цагаан толгой”
2015.10.05

Гэрлээр бичих урлагт суралцах “цагаан толгой”

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөн түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ өчигдөр албан ёсоор эхэллээ.

Энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх ойн баярын хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь гэрэл зургийн сурвалжлагч Вандандоржийн Баттулгын “Гэрлээр бичих урлаг” номын нээлт байв. Өчигдөр үзэгч, уншигчдын хүртээл болсон уг номын нээлт “Q”Арт галарейд тохиолоо.

Нээлтэд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид болон зохиогчийн аав ээж, мэргэжил нэгт нөхөд, ахан дүүс, үр хүүхэд оролцсон юм.

Манай оронд гэрэл зургийн салбар үүсч хөгжсөөр 80 жил болсон ч гэрэл зургийн түүх, онол практик, мэдлэг мэдэгдэхүүнийг нэг дороос, эх хэлээрээ уншиж судлах боломжтой гарын авлага нэн ховор. Тиймдээ ч эл ном шинэ залуу гэрэл зурагчдын ши­­рээний ном болоод зогсохгүй өнгөрсөн үеэ таних, өнөөдөр, маргаашаа бүтээх, гэрэл зурагт суралцах “цагаан толгой” гэж болохуйц цогц бүтээл юм.

“В.Баттулга нь номоо бүтээхдээ гэрэл зургийн үүсэл хөгжил, монголчуудтай холбоотой ховор нандин зургууд, архивын бичиг баримт, дэлхийд алдартай гэрэл зурагчдын түүх, тэдний бүтээл болоод Монголынхоо гэрэл зурагчдын тухай мэдээ мэдээлэл цуглуулж, өргөн цар хүрээтэй судалгааны ажилын үр дүнд үндэслэсэн нь хожмын гэрэл зурагчдад гарын авлага болохуйц даацтай ном болжээ” хэмээн  номын өмнөтгөлд МСНЭ-ын ерөнхийлөгч Б.Галаарид дурджээ. Ийнхүү эрхэм хүндэт уншигч таны мэлмийг баясгах шинэ бүтээл мэндэллээ. Номын цагаан буян дэлгэрэх болтугай...