Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Аюуш бурхныг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орууллаа
Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Аюуш бурхан
2015.09.29

Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Аюуш бурхныг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орууллаа

“Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтад шинэ дахь заалт нэмлээ.

Унгар улсын Будапешт хотноо амьдарч буй монголч эрдэмтэн, ахмад дипломатч Ласло Кадар өөрийн хувийн цуглуулгад байсан Аюуш бурхныг Унгар улсад зохион байгуулагдсан Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, тус улсад суугаа Элчин сайд Т.Ганди нарт хүлээлгэн өгчээ.

БСШУ-ны сайдын тушаалаар  байгуулагдсан бурхны онцлог шинж, ур хийцийг тодорхойлон тогтоох, музейн сан хөмрөгт шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэхүү Аюуш бурхныг Өндөр гэгээн Занабазарын мутрын болон хийцийн бүтээл мөн болохыг тогтоож, Монгол Улсын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах нь зүйтэй гэжээ.