Би Н.Энхбаяр гэдэг хүнийг хамгаална, өмгөөлнө
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.10.20

Би Н.Энхбаяр гэдэг хүнийг хамгаална, өмгөөлнө

Өршөөл үзүүлэх тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ажлын тав хоногийн завсарлага авсан.

Уг хуулийн талаар УИХ-ын хуульч гишүүдийн нэг О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Өршөөл үзүүлэх тухай хууль ямар шалтгаанаар гацчихав. Танай намын бүлгийн завсарлага авсан шалтгаан юу байв?

 -Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг онолын хувьд учир дутагдалтай байсан. Учир нь, тодорхой заалтуудыг нэм гэх асуудал тавьсан. Ерөнхийлөгч хууль санаачлагч учраас өөрөө өргөн мэдүүлэхгүйгээр хоригийг авахын бол нэм гэдэг асуудал буруу. Энэ талаар ажлын хэсэг хуралдаад Ерөнхийлөгчийн гаргасан 11 саналыг нэмэх бус найруулгын саналаар санал хураах шийдвэр гаргасан.

Энэ шийдвэр байнгын хороон дээр санал хураалгахад дэмжлэг аваагүй. Өөрөөр хэлбэл, 11 санал бүрээр санал хураахад тав нь дэмжигдээд, хаалтан оръё гэх саналуудаас нэг нь дэмжигдээд, үлдсэн нь дэмжлэг хүлээгээгүй. Үүнийг чуулганаар оруулж ирэхэд МАН-ын бүлэг завсарлага авсан. Тэд дэмжигдээгүй саналыг оруулж ирээд адил санал хураалтаар шийдэх ёстой гэсэн.

 -Хаалтанд орсон дөрвөн саналаа тодруулахгүй юу?

-Ерөнхийлөгч авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахгүй гэж байгаа ч яг албан тушаалын хэргээ нарийн оруулаагүй байсан. Тухайлбал, авлига өгөх, зуучлахыг  өршөөх нь буруу. Хүнийг авлига авахад түлхэн оруулчихаад дараа нь авсан гэж зүтгэж болно шүү дээ.

Тухайлбал, таны данс руу нэг сая төгрөг хийчихээд “Энэ намайг мөнгө өг” гэсэн хэмээн хэлж болно. УИХ-ын гишүүдийн санаа зовж буй зүйл бол сонгуулийн өмнө янз бүрийн хэрэг гаргаад шалгаж байна хэмээгээд сонгуульд өрсөлдөх эрхийг нь хаачих вий гэхээс болгоомжилж байгаа юм. Түүнээс өөр зүйлд айж эмээгээд байгаа зүйл алга.

 -Н.Энхбаярт зориулсан хууль гэж харах хүмүүс олон байна. Энэ тухайд?

 -Энхбаяр даргад бус АН, МАН-д зориулсан хууль шүү дээ. Учир нь, АН бондоор өч төчнөөн мөнгө идлээ гэж байна. Харин өмнөх сонгуулийн өмнө МАН-ын олон хүнийг шалгаж, зарим нь ял эдэлж байгаа. Энхбаяр даргад гэж хүн бүр хараад байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч прокуроруудын байгууллагын хурлын үеэр тэднийг турхирсан. Үүнээс ард түмэн Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх гэж байна гэж ойлгосон.

Би авлига, албан тушаалын хэргийг өршөөхийн эсрэг байгаа. Хаалттай заалтаар 100 гаруй хүний нэр орж ирсэн. Үүнд дотор миний таньдаг хэд гурван хүн байна лээ. Гэхдээ хүнийг хэлмэгдүүлэх гэж байгаа бол болохгүй. Хууль гэдэг эрх мэдэл. Ерөнхийлөгч Өршөөлийн хуулийг өөрөө улстөржүүлсэн. Улстөржүүлсэн учраас Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх гээд байна уу даа гэх айдастай байна. Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч байсан хүний хувьд өмөөрөх үүрэгтэй.  

 -Хуульд батлагдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн. Уг хуулийг хүлээгээд хоригдож байгаа хүмүүс олон бий. Тэдний эрх ашиг нэг талаар хөндөгдөж байна л даа?

 -Хүйтний улиралд суллах маш хэцүү. Одоо суллахгүй гээд яах билээ. Төсөв болон нийгэмд маш их хүндрэл үүснэ. Суллагдсан хүмүүс нийгэмшихэд ч тэр.

 -Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хаалттай явуулах саналыг УИХ-ын гишүүн Ц.Цолмон гаргасан. Заавал хаалттай хэлэлцэх шаардлага байгаа юм уу?

 -Нээлттэй хэлэлцэх ёстой. Юунаас нь айгаад байгаа юм бэАН эрх баригч болонгуутаа хүмүүсийг хэлмэгдүүлж байна. Н.Энхбаярыг барьж, хорьж, шоронд оруулах юм байна гэх ойлголт төрж байгаа. Үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угаах, залилан зэрэг дөрвөн зүйл заалтыг МАН хаалтан оруулна гэж байна. Тэгсэн хэрнээ МАН жүжиг тавьж байгаа. Бид ийм жүжгээ зогсоомоор байна. Үүн дунд ард түмэн чирэгдээд байна.

Би хуульч хүнийхээ хувьд залилангийн хэргийг заавал өршөөх ёстой гэж үзэж байгаа. Зургаан жил тэр хэргийг өршөөлд хамруулаагүй. Учир нь, тэнд дандаа эмэгтэйчүүд байдаг. Нийгэм ийм ядууралтай байгаа үед хулгай, залилангийн хэрэг өсдөг. Нийгмийг ядууруулахад хэн буруутай вэ. Нэгэнт Өршөөлийн хууль гаргаж байгаа юм чинь тэднийг өршөөх ёстой. Нямдоржийн хэлдгээр дахиад орвол тэр л биз.

Би Н.Энхбаяр гэдэг хүнийг хамгаална, өмгөөлнө. Яагаад гэвэл Монгол УЛсын Ерөнхийлөгч прокурорын байгууллагын баяр дээр Н.Энхбаяр хүнийг шоронд хийнэ гэж зарласантай адил үг хэлсэн. Тиймээс МАХН-аар овоглож явдаг хүний хувьд өмгөөлнө. АН яаж ч магадгүй нам. Хэнийг ч хэлмэгдүүлж магадгүй шүү дээ.