Ө.Энхтүвшин: Намын даргад өрсөлдөнө
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2010.11.04

Ө.Энхтүвшин: Намын даргад өрсөлдөнө

Энэ их хурлаар одоогийн намын дарга С.Батболдыг баталгаажуулаад үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн бодлогыг МАХН-ын төв аппарат баримталж байсан билээ. Гэвч намын даргын асуудал яригдахад танхимаас хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлэх бололтой. "Шинэ эхлэл"хөдөлгөөнийхөн Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлнэ гэх яриа сонсдоно. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин МАХН-ын даргад өрсөлдөхөөр намынхаа удирдлагад албанёсоор уламжилсан байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Лхагва гаригт хуралдсан Бага хурлаар ярилцаж байгаад таныг намын даргад өрсөлдүүлэх шийдвэрийг гаргасан юм уу?

-Намын даргын асуудлыг зөвхөн Их хурлаар ярилцаж шийднэ. Намын даргад нэрээ дэвшүүлэх эрх энд цугласан 800 гишүүн бүхэнд байгаа. Мөн энэ хүнийг намын даргад өрсөлдүүлмээр байна гээд танхимаас нэгнийхээ нэрийг ч дэвшүүлж болно.

-Та өрсөлдөнө гэдгээ МАХН-ын удирдлагад албан ёсоор дуулгасан гэлуу?

-Энэ танхимд хуран цугласан хэн нэгэн төлөөлөгч миний нэрийг дэвшүүлбэл би өрсөлдөхөд бэлэн байгаа. Үүнийгээ ч намын удирдлагад албан ёсоор мэдэгдсэн.

-Одоогийн намын дарга С.Батболдыг ёсчлон баталгаажуулахаар шийдсэн юм биш үү?

-Намын дарга тэр, энэ болно гэж яриад байгаа нь таамаглал. Их хурлын шийдвэр гараагүй байхад 800 хүний өмнөөс хэн нэгэн тэгж мэдэмхийрч ярьж болохгүй л дээ. Хэрэв ингэнэ, тэгнэ гэж ярих юм бол Их хурлын бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг. Шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна. Өрсөлдөөнтэй, нээлттэй болбол МАХН шинэчлэгдэж байна, аргагүй л ардчилалтай, олон нийтийн хүсэн хүлээж байгаа үр дүнг харуулж чадлаа гэнэ. Тэгэхгүй өрсөлдөөн байгаа юм шиг дүр үзүүлээд цаанаа шударга бусаар зохион байгуулбал олон түмэн ч таашаахгүй. Тиймээс манай нам ийм нөхцөлийг бүрдүүлж ажиллаж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

-Намын даргад өрсөлдөнө гэсэн итгэл дүүрэн байгаа юм чинь тусгайлан мөрийн хөтөлбөрөө ч боловсруулчихсан уу?

-Тусгайлан мөрийн хөтөлбөр бэлд гэх юм уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй л байна. Ямар ч байсан өрсөлдөнө гэж бодож байгаа учраас цаашдаа МАХН-ыг яаж авч явах вэ гэдэг талаар бодсон, төлөвлөсөн, цэгцтэй бодол бол бий.

-Хэрвээ намын гишүүдийн дийлэнх нь танд итгэл хүлээлгэвэл намын нэр, үзэл баримтлал өөрчлөх асуудалд ямар байр суурьтай байх бол?

-Би энэ асуудлыг урьдчилж яримааргүй байна. Хуран цугласан намын нөхөд маань нэр, үзэл баримтлалыг өөрчлөх асуудлыг энэ танхимд сууцгаан ярилцаж байгаад л шийднэ.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үүсгэн байгуулсан хөдөлгөөнийхөн таны нэрийг заалнаас нэр дэвшүүлэхээр тохироо хийсэн гэж үнэн үү?

-Би хэнтэй ч ийм тохироо хийгээгүй. Бодож байгаад өөрөө шийдвэрээ гаргасан. Ер нь хэн нэгэн хүний заавар, ятгалгаар асуудлыг шийддэггүй ээ. Намайг нэрээ дэвшүүлэхээр шийдсэнээ зарласнаас хойш энэ хурлын танхимд янз бүрийн мессеж тарааж л байх шиг байна. МАХН-ын Удирдах зөвлөл өрсөлдөөнтэй, ардчилалтай болсон гэх дүр үзүүлэхийн тулд зарим хүмүүсийг намын даргад өрсөлдүүлэх гэж байна гэх мэт. Бас өөрийн чинь асуугаад байгаа зүйлийг ч ярьж байгаа бололтой дог. Би тэгж өөрийнхөө, намынхаа нэр төрийг гутааж явах зүйлийг хэзээ ч хийхгүй ээ. Асуудлаа өөрөө мэддэг, шийддэг хүн. Хэн ч надад нөлөөлж хүссэнээрээ хөдөлгөж чадахгүй.

-Намын даргад өрсөлдөхөөр нэлээд эртнээс бэлдэж байсан хэрэг үү?

-Өчигдөр л шийдвэрээ гаргасан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.