2010.11.01

“Нэг Ардчилал” уулзалтаар юу хэлэлцэв

Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд “Нэг Ардчилал” клубээс зохион байгуулж буй “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” уулзалт ярилцлага Нүхт цогцолборт өнгөрөгч бямба гаригт боллоо. “Нэг Ардчилал” клубын уулзалтанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Л.Гантөмөр Г.Баярсайхан, З.Энхболд, нар  оролцсон бөгөөд Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны залуу гишүүд, намын сонгуульт ажил эрхэлдэг төлөөлөгчид оролцлоо.


Залуус парламентийн 20 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгэнд улс төрийн дүн шинжилгээ хийж, илтгэлд туссан асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг тодорхойлов. Уг уулзалтаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг улс төрийн шийдвэр гаргахад тусгахын төлөө ажиллах бөгөөд энэ удаагын уулзалтын үр дүн ирэх 11-р сарын ардчилсан намынханы үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц байлгахыг зорьж байгаа гэнэ. Энэ үеэр хэд хэдэн саналууд гарсан бөгөөд Иргэнд суурилсан хөгжлийн бодлого боловсруулахад зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн системд ондоо багтаж шилжих, Бүртгэлийн ажиллагааны 50 хувийг буюу үйлчилгээний салбарт хийх бүртгэлийн ажлыг мэргэжлийн холбоодод олгох /2011 он/, Мэргэжлийн хяналтын ажлыг ил тод болгох, стандартыг олон нийтэд зарлах. Үйлчилгээний салбарын хяналтыг мэргэжлийн холбоодод олгох /2011 он/, 2011 оны төсвөөр хийх ажлуудыг зөвхөн үндэсний компаниудаар хийлгэх /2011он/, 2011 оны төсвийн хөрөнгөөр хийх ажлын гүйцэтгэлийг орон нутгийн захиргааны байгууллагаар хийлгэх, ядаж иргэний байгууллагын /мэргэжлийн холбоодын/ оролцоотойгоор ил тод шалгаруулалт явуулах, 2011 онд Төв банкны бодлогын хүүг жилийн 7 хувиас хэтрүүлэхгүй байлгах, Бизнесийн хөгжлийн хөтөлбөрийг “Нэг ардчилал” клубээс бэлтгэн гаргах /2011 он/, Бизнесийн хөгжлийн сургалтын хөтөлбөр гарган сургалтыг “Нэг Ардчилал” клубээс зохион байгуулах /2011он/, Жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан “зээлийн баталгааны сан” байгуулж 300-500 тэрбум төгрөгийг байршуулах, Эрдэнийн хувийг ондоо багтаан шийдэх /2010 он/ зэргийг онцолсон байна. Түүнчлэн төрийн эрх мэдлийн төвлөрлийг багасгахын тулд иргэний нийгмийн байгууллагыг хуулиар дэмжих шаардлагатай байгаа тухай санал энэ үеэр гарлаа. Энгийн бизнес эрхлэгчид мөнгөний хомсдолд орсон бөгөөд өнгөрсөн жилийн судалгаагаар жижиг дунд бизнес эрхлэгчидийн 80-90 хувь нь өөрийн хөрөнгөөр анхныхаа бизнесийг эхлүүлсэн гэнэ. Иргэдэд эрх мэдэл олгох хэрэгтэй бөгөөд төрийн байгууллын бүтцийг задлах шаардлага байгаа хэмээсэн байна.

Түүнчлэн одоогийн засаг захиргааны нэгжийг Монголын хөгжлөөс хойш татаж байгаа хэмээн тодорхойлж эрх мэдлийг анхан шатны нэгжүүдэд шилжүүлэх хэрэгтэй байгаа талаар яригдсан байна. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар мөн ярилцан иргэний нийгмийн байгуулагыг дэмжих арга замыг “хувь хүний орлогын албан татварын нэг хувиар санхүүжүүлж” шийдэх боломжтой хэмээн тодорхойлов. Энэхүү нэг хувийн татвар нь 2008 оны Ардчилсан намын амлалт учраас батлуулахад бэрхшээл учирч болзошгүй гэнэ. Гэсэн хэдий ч ерөнхийлөгчийн санаачлан оруулах тус хуулийн төслийг батлуулахын төлөө залуучууд ажиллах ёстой гэх зарчмийг уулзалтанд оролцогчид гаргасан байна.

Ингээд уг арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүдээс уулзалтын ач холбогдлын талаар тодрууллаа.

Л.ГАНТӨМӨР: САРД БҮР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

-“Нэг Ардчилал” залуучуудын уулзалтыг зохион явуулж буй зорилго юу вэ. Энэ уулзалтаар ямар асуудлыг онцлон хэлэлцсэн бэ?

-Энэ уулзалтын зорилго нь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын сайд нараар дамжуулан төрийн бодлогоор шийдвэр гаргахад тусгах тодорхой асуудлыг ярьж байна. Ингэхдээ орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх асуудалд онцлон авч үзэж байна. Уулзалтаар хэрхэн эрх мэдлийг шилжүүлэх талаарх шийдлийг олж харахыг зорьж байгаа. Гаргасан саналаа шийдвэр болгохын төлөө ажиллана. Мөн иргэдэд эрх мэдэл олгохдоо хэрхэн, ямар хуулинд, яаж өөрчлөлт оруулах боломжтой талаар ярилцана. Гэхдээ нэг амьсгаагаар бүгдийг шийднэ гэсэн үг биш. Одоо бол зөвхөн 11-р сард ямар бодлого явуулах тухай ярилаа.

-Уулзалт цувралаар үргэлжилнэ гэсэн үг үү?

-Бид хугацаагүй яриад байдаг зүйлийг зогсоох хэрэгтэй. Хугацаатай, шийдвэр гаргахын төлөө Ардчилсан намын бүлэг ардчилсан намын сайд нарыг шахаж ажиллая гэсэн уриалгыг Ардчилсан намын залуучууд, шинэ үеийнхэн санаачлагаараа хэлэлцэж байна. Сард 1-2 удаа ийм яриа явах болно.

З.ЭНХБОЛД: АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО ИХ ЧУХАЛ

Өнөөдрийн арга хэмжээ ямар үр дүнд хүргэх вэ. Ийнхүү Ардчилсан намын залуучуудын уулзалт зохиох болсны зорилго юу вэ?

“Нэг ардчилал” бол Ардчилсан намын залуучуудын клуб. Өнөөдрийн бидний цуглан ярилцаж буй сэдэв иргэнд суурилсан хөгжлийн тухай байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн парламентийн хорин жилийн ой дээр хэлсэн үгийн талаар юм. Бид төрийн зорилго гэх зүйлээс тасарчихаад байна. 2004 онд Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад төрийн албан хаагчийн тоо 125 мянга байсан бол өнөөдөр 160 мянга гараад явчихлаа. Одоо яригдаж буй төсвийн хэлэлцүүлгээр эдгээр 160 мянгын цалингийн тухай яригдаж байна. Гэтэл энэ хэмжээгээр төрийн гүйцэтгэх үүрэг сайжраагүй. Төрөөс хоол олж иддэг хүмүүсийн арми өсөөд байгаа болохоос биш төрийн гол үүрэг алдагдсан. Манайд ихэнх хууль гарахдаа төрийн байгууллагын эрх мэдлийг хуульчилж өгдөг. Бид толгойдоо өөрчлөлт хийхгүй бол энэ хандлага зогсохгүй нь.

Ерөнхийлөгчийн парламентийн хуралдаан дээрх илтгэлд буй асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар ярилцаж байна. Жишээлбэл, ямар боломж байна вэ. Ажил хэрэг болгон шийдвэрт нөлөөлөхөд эдгээр залуучуудын үүрэг хэр байх вэ? Ардчилсан нам УИХ-д 27 суудалтай байгаа нь их боломжийг харуулж байна. Боломжийг хэрэгжүүлэхийн тулд  нам шиг л болох хэрэгтэй. Бодлого, үзэл баримтлалаа тодруулах хэрэгтэй. Өнөөдөр намын үзэл баримтлал бүдгэрч байна. УИХ-ын аливаа шийдвэрийг өөрсдийн үзэл баримтлалд нийцэж байгааг хянаж байж гаргах хэрэгтэй. Өнөөдөр энэхүү хяналтыг хэрэгжүүлж чадахгүй байгаагаас МАХН, Ардчилсан намын ялгаа бүдгэрч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоо их чухал.

Х.ТЭМҮҮЖИН: НЭГ ХУВИЙН ТАТВАРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ САНААЧИЛЖ БАЙГАА

Энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайж Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Ардчилсан намын идэвхитэй залуучууд уулзалдлаа. Ардчилсан нам нь улс орны хөгжилд нөлөөлөхүйц томоохон нам учраас Ардчилсан нам итгэл үнэмшил, үзэл бодолдоо хатуу зогсох ёстой. Бид асуудлыг шийдэж чадах эсэхээс илүүтэй улс төрийн хүсэл эрмэлзэллэлээ гаргах хэрэгтэй. Төр хэтэрхий их данхайж, төрийн албан хаагчдийн тоо нэмэгдэх тусам авлигийн хэмжээ томорч байдаг. Үүнээс гарах ганц арга нь иргэний нийгмийн байгууллагуудад эрх мэдлийг шилжүүлэх юм. Энэ алхмыг цаг нь болоогүй гэлгүй одооноос эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Үр дүн нь тодорхой хугацааны дараа гарна. 

Иргэний нийгмийн байгууллагуудад эрх мэдлийг ямар арга замаар шилжүүлэх боломжтой вэ?

Нэг хувийн татвараар иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих боломжтой. Энэ нь шинэ татвар өгнө гэсэн үг биш. Жишээлбэл хувь хүн орлогынхоо 10 хувийг татварт өгдөг. Үүнийх нь есийг нь төрд нь үлдээгээд нэг хувийг нь иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх юм. Төр хийх ажлаа хийж чадахгүй бол иргэний нийгмийн байгууллага тэрхүү санхүүжилтээр үүргийг нь биелүүлэхэд зориулж болох юм. Төр татвар мөнгийг нь авчихаад хийх үүргээ биелүүлж чадахгүй бол иргэний нийгмийг санхүүжүүлж өрсөлдөгч бий болгож байгаа гэсэн үг.

Хууль тогтоомжинд өөрчлөлт оруулж байж л татварын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх байх даа тэгвэл?

Энэхүү нэг хувийн татварын хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж байгаа. Энэ чуулганы сүүлээр өргөн барих байх. Үүнийг нь дэмжин батлуулахын төлөө би ажиллах болно.  

Г.БАЯРСАЙХАН: ЗАЛУУС ТАЛЦАХ БИШ ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БАЙГАА

“Нэг Ардчилал” клубын үйл ажиллагаанд ямар зорилготойгоор оролцож байгаа вэ?  Манай Ардчилсан намын залуучууд нэг зүйл дээр нэгдэлтэй байдаг. Залуучууд гэдэг утгаараа клуб, бүлэг гэдэг зүйлээр ялгардаггүй. Би “Нэг Ардчилал” клубын тулгын гурван чулууны нэгийг тавилцаж байсан гишүүдийн нэг. Би өөрийн биеэр энд ирээд оролцож байна гэдэг нь бид эв санааны нэгдэлтэй байна гэсэн үг. Дан ганц Ардчилсан намын ч гэлтгүй ардчиллын төлөө санаа зовдог залуус цугларсан байна. Мэдээж би залуу хүн, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд энд ирээд санал бодлоо солилцоход харшлах зүйл байхгүй. Залуус талцах биш эвлэлдэн нэгдэх зайлшгүй шаардлага байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.