2010.10.26

Су.Батболд: Бид дээрээс доош харсан биш, манайтай нэгдэж ажиллая гэснээрээ тэд өөрсдөө намаа доош хийсэн шүү дээ

-Сонгуульд олонхи болоод өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлж чадахгүй, сөрөг хүчнийхээ үүргийг бас гүйцэтгэхийг хүсэхгүй, тэгээд ялсан намтай хамт байя гээд ирж байгаа нь өөрсдөө намаа хэтэрхий доош тавьж байгаа хэрэг-

УИХ-ын гишүүн Су.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Танай намын бүлэг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар С.Баярыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж баталлаа. Та ч гэсэн бас дэмжсэн үү?

-Дэмжсэн. Намын дарга нь Ерөнхий сайдад нэр дэвшиж байхад дэмжилгүй яах вэ.

-Гэхдээ та Ардчилсан намтай хамтарч Засгийн газар байгуулахын эсрэг байсан биз дээ?

-Яах вэ, хамтарсан Засгийн газар байгуулахыг эсэргүүцсэн гурван шалтгаан байсан юм. Эхний шалтгаан нь 2008 оны сонгуулиар манай нам олонхи болсон. Сонгогчид болон намынхаа гишүүдэд бид “Өнгөрсөн дөрвөн жил бид олонхи суудал аваагүй учраас улс орны хөгжилд олон сайн зүйл авчирах байсан дөрвөн жилийг хий дэмий алдлаа” гэж тайлбарлаж явсан. Сонгогчид ч “Тэгвэл нэг талд нь гаргаж саналаа өгье” гэсэн байдлаар МАХН-д саналаа өгсөн. МАХН-ыг өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлээд яваасай, бидний амь амьжиргаа дээшлээсэй гэж бодож саналаа өгсөн. Хоёр дахь шалтгаан нь манай намын гишүүд. Манай намаас дэвшсэн хүмүүс сонгуульд ялаасай, олонхи болоосой, улс орныхоо хөгжлийг өөд нь татаасай гэж тэмцдэг, бидний өмнөөс гүйдэг, сонгуулиар хамгийн хүнд хэцүү ажлыг хийдэг хүмүүс бол жирийн гишүүд. Тэгж зүтгэсэн намынхаа гишүүдэд бид юу гэж хэлэх вэ гэдэг бас нэг асуудал байна. Гурав дахь нь одоо ингээд эвсээд Засгийн газраа байгуулсан тохиолдолд орон нутгийн сонгуульд яаж орох вэ гэдэг асуулт. Яах вэ, өчигдөр гэрээний төслийг нь үзлээ, орон нутгийн сонгуульд ямар ч байсан хоёр нам дангаараа оролцоно гэсэн байна лээ. Гэхдээ л бид сонгуулиар “Манай намын төлөө саналаа өгөөрэй” гээд явахад хэцүү. “Өгөхгүй, тэртэй тэргүй цөөнх болсон намтайгаа эвсээд явдаг, бодлогоо хэрэгжүүлж чаддаггүй намд саналаа өгөөд яах юм. Алинд нь ч өгөхгүй” гэж нэг хэсэг нь хэлнэ. Сонгууль гэдэг чинь ямар ч утга учиргүй юм байна, яах гэж та нар хоорондоо өрсөлдөөд байгаа юм. Зүгээр хуваагаад наад суудлаа авчихвал яасан юм гэдэг байдлаар хандах, сонгуулийн ирц бас буурах хандлага бас байгаа. Ийм хүчин зүйлүүд байгаа учраас би Засгийн газраа дангаараа байгуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байсан.

-Одоо ч таны энэ байр суурь хэвээрээ биз дээ?

-Би хэвээрээ байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ хувь улстөрчийнхөө хувьд бол ингэж ажиллах нь сонгогчид, намын гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг л гэж бодож байна.

-Танай намынхан С.Баяр даргын энэ шийдвэрийг их олон янзаар хүлээж авсан. Гэхдээ ихэнх нь “Намынхаа гишүүдэд итгэсэнгүй” гэсэн байна лээ. Харин та өөрөө түүний бодлыг яг юу гэж “уншсан” бэ?

-Бага хурал хуралдахын өмнө бол намын бага хурлын гишүүд үүнийг “ямар ч боломжгүй зүйл” гэж ярьж байсан. Намын дарга ч өөрийнхөө үндэслэлийг их сайн тайлбарласан л даа. “Улс орны хөгжлийг урагшлуулахын тулд ингэж ажиллахаас өөр аргагүй. Сөргөлдөж суугаад амжилтад хүрэхгүй нь ээ. Ард түмний тодорхой хэсгийн саналыг авсан улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахаас өөр аргагүй” гэж. Энэ нь ч бас бага хурлын гишүүдэд нөлөөлсөн байх.

-Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа мөрийн хөтөлбөр, гэрээний төслийг бүлгээр хэлэлцсэн байх аа. Та харсан уу?

-Харсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зүйлүүд л тусгагдсан байна лээ. Хоёр нам дээр ярилцаад гаргасан болохоор нөгөө намын мөрийн хөтөлбөрөөс бас орсон л байлгүй. Би сайн мэдэхгүй байна.

-Тэгээд С.Баяр дарга яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ? Зүгээр л нийгэмд хэтэрхий олон хурц асуудал үүссэн учраас хариуцлагаас айсан юм биш үү?

-Түүнийг би хэлж мэдэхгүй. Өөрөөс нь л асуух нь дээр.

-Өнөөдөр хоёр намаас ажлын хэсэг гарчихсан, мөрийн хөтөлбөр энэ тэр гэсэн нэг л их ажил хэрэгч зүйл яриад байна. Гэтэл цаагуураа ямар тохироо хийснийг та мэдэж байна уу?

-Бид өмнө нь 2004 онд хамтарсан Засгийн газар байгуулж үзсэн. Израиль, Герман явж туршлага судалж ч байсан. Тэр үед хоёр нам аль аль нь олонхи болоогүй байсан учраас Засгийн газрын бүрэлдэхүүнээ хүртэл 50:50 хувиар байгуулах шаардлага байсан. Гэхдээ хамтарч Засгийн газар байгуулна гэдэг тэр үед цоо шинэ байсан учраас бид нэг зүйл дээр алдсан. Маш сайн гэрээтэй л байх ёстой юм билээ. Түүнээс биш ерөнхий хийх ажлын гэрээ бол гэрээ биш. Санал зөрөлдвөл яах юм, шийдвэр гаргахад сайд нар ямар оролцоотой байх юм, Шадар сайд нь Ерөнхий сайдтайгаа санал зөрөлдвөл яах вэ гэх мэтчилэн нарийн зүйл оруулахгүй бол эхнээсээ л гацаанд орж эхэлдэг. Би өөрөө хоёр ч удаа эвслийн Засгийн газарт орж ажиллаж үзлээ. Тэртэй тэргүй хоёр өөр үзэл бодолтой, хоёр өөр зорилттой, зорилтдоо хүрэх аргыг хоёр өөрөөр харж байгаа намууд учраас тодорхой асуудлууд дээр үзэл бодлын зөрөлдөөн маш их гарна. Хийх ажлын жагсаалт бол яах вэ. Засгийн газар олон удаа солигдох нь манайх шиг оронд маш хүндээр тусдаг. Маш сайн гэрээтэй байгаад тавьж байгаа зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллах юм бол би үнэхээр юу хэлэх вэ дээ.

-Намын даргынхаа шийдвэрийг та тэгж хүлээж авсан юм байж. Харин танай намтай хамтрах гэж байгаа цөөнхийнхөө талаар юу хэлмээр байна?

-Үнэхээр улс орны эрх ашгийн үүднээс Засгийн газарт оръё гээд, манай намын бодлого шийдвэрийг зөвшөөрөөд ирж байгаа бол сайн байна. Тийм биш хэсэг бүлэг хүний эрх ашгийн үүднээс орж ирчихээд, манай явуулж байгаа бодлогын эсрэг бойкот хийгээд, эсвэл хийсэн ажлыг маань “бид хийсэн”гээд давхиад байвал хэцүү. Өнгөрсөн дөрвөн жилд тэгж л ажилласан шүү дээ.

-Хэр урт настай Засгийн газар байгуулагдах бол гэж та бодож байна. Мэдээж энэ таны санаа зовох асуудал биш л дээ?

-Урт настай байвал сайн л байна. Сайн юм хийвэл түүнийг нь дэмжээд л явна.

-Ардчилсан намын зарим гишүүд энэ явдлыг “Нам дамнасан олигархиуд Ардчилсан намыг ч, МАХН-ыг атгаж байна” гэж дүгнэсэн. Таны хувьд...

-Бүр сонгуулийн дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр анх С.Баярцогт гишүүн “Засгийн газраа хамтарч байгуулах уу” гэж дуугарч байсныг санаж байна.

-Тэгээд цочсон уу?

-Манай гишүүд ч, би ч үнэхээр гайхсан. “Юу яриад байгаа юм бэ, ёстой горьдов оо” гээд өнгөрсөн. Тийм эрт яригдаж эхэлсэн гээд бодохоор их удаан бодож төлөвлөсөн зүйл ч юм шиг л харагдаж байна. Одоо бодоход.

-Хэзээ хуралдсан байнгын хороо вэ?

-Сонгуулийн дараа, наадмын өмнө хуралдсан хуучин их хурлын байнгын хороон дээр.

-Зөвхөн Засгийн газрын түвшинд хамтарч байгаа юу?

-Тийм гэж бодож байна. Засгийн газрын түвшинд гэдэг маань яам, агентлагийн түвшинд л хамтарч ажиллана л гэсэн үг шүү дээ.

-Засгийн газраа 60:40-өөр байгуулах гэж байгаа гэсэн байх аа. Гэтэл Ардчилсан намын дарга асан Ц.Элбэгдорж ядаж 50:50 байх ёстой гэсэн?

-50:50 бол яагаад ч байж болохгүй л дээ. Яагаад гэвэл манайх олонхи суудлыг авсан юм чинь. 60:40-өөр ярьж байгаа юм билээ. Нөгөө талаас манайх шиг оронд төрийн захиргааны байгууллагууд нь нэлээн том бүтэцтэй байж улс орноо чирч авч явдаг юм билээ. Японд нэг яам 3000 хүнтэй байхад манайд бүх яамд нь нийлээд 2000 гаруй л хүнтэй байх жишээтэй. Манайх цомхтгож байгаа нь энэ гээд нэг хүн дээр хэтэрхий их ачаалал өгчихдөг. Нөгөөх нь ажлаа хийж гүйцдэггүй. 14 яамтай байхад манайд болно. Манай зарим хүмүүс эдийн засаг талаас нь хараад “үрэлгэн байна” гэдэг юм. Үрэлгэн байхаасаа илүү хүнд суртал, авилгагүй, хүмүүсийг чирэгдүүлдэггүй л байх ёстой. Тэгээд ч хоёр нам нэгдэж Засгийн газар байгуулж байгаа тохиолдолд бүтцийг илүү том болгодог юм билээ, бусад орнуудын туршлагыг хараад байхад.” Нэгэнт эвслийн Засгийн газар байгуулж байгаа тохиолдолд парламент дотроосоо Засгийн газрыг байгуулах нь Засгийн газар тогтвортой ажиллахад хэрэгтэй л дээ.

-Тэгвэл УИХ нь Засгийн газартаа яаж хяналт тавих юм бэ?

-Ард түмэн л хяналтыг тавих байх даа.

-Ард түмэн сонголтоо хийсэн, хяналт тавих сөрөг хүчин нь ч бэлэн байсан. Гэтэл сонгууль явуулсны утга учир ч гарсангүй, одоо ард түмэнтэй ярих асуудалгүй болсон юм биш үү?

-Ямар ч байсан парламентын сонгодог тогтолцооноосоо гажаад л явчихлаа. Парламент нь өөрийнхөө бүтэц, байнгын хороодоороо дамжуулаад хяналт тавих л байх л даа. Ер нь цаашдаа бид ямар замаар явах юм бэ гэдэг асуулт гарч ирлээ. Парламентын сонгодог тогтолцоогоор явах юм уу, үгүй юу. 18 жил явж ирсэн тогтолцоо маань хүртэл эргэлзээтэй, ойлгомжгүй болоод явчихлаа. Яваандаа засаглалын тогтолцооны асуудал ч бас хөндөгдөх л байх.

-Түрүүн та Ардчилсан намынхныг “Манай намын бодлого зорилтыг дэмжээд ирж хамтарч байгаа” гэсэн. Хамтарч байгаа намаа их дээрээс харсан юм шиг сонсогдож байна л даа. Танай намын булгийн нэгдсэн байр суурь уу, МАХН-ын даргын албан ёсны үг мөн үү?

-Би бол тэгж л бодож байна. Манай нам сонгуульд ялсан. Ардчилсан намыг би бас жижиг нам гэж боддоггүй. Ийм том нам сонгуульд олонхи болоод өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлж чадахгүй, сөрөг хүчнийхээ үүргийг бас гүйцэтгэхийг хүсэхгүй, тэгээд ялсан намтай хамт байя гээд ирж байгаа нь өөрсдөө намаа хэтэрхий доош тавьж байгаа хэрэг гэж бодож байна. Манай намын бодлогыг хэрэгжүүлэхэд л тусалж байгаа юм даа. Түүнээс биш бид дээрээс доош хараад байгаа юм биш.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.