Ж.Сүхбаатар: Би хангалттай хэмжээнд өөрийгөө хамгаалах чадвартай
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өрөөндөө УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг дуудаж уулзан, улмаар хоолойг нь боосон хэрэг гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодруулсан юм.
-Сайд та хоёр юуны учир маргалдсан юм бэ?
-Энэ бол хувь хүний ёс суртахуунтай холбоотой асуудал. Үүнийг хүмүүс өөр өөрийн өнцгөөс харж, үнэлж байна. Энэ нь ч тэр хүмүүсийн асуудал. Би тэр хүнийг УИХ-ын гишүүнийх нь хувьд хүндэтгэлтэй ханддаг. Бид хоёрын хоорондын асуудал УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд яригдаж буй ажилтай холбоотой. Гэхдээ эндээс Засгийн газрын гишүүн, намын дээд албаны зүтгэлтэн хүний хандлагын хоорондох харилцааг харах нь зүйтэй байх. Намынхаа дүрэм журмын хүрээнд асуудлаа тавьсан. Дуулиан шуугиан тариад баймааргүй байна.Ийм асуудалд хүсээгүй байхдаа татагдан орсондоо харамсалтай байна.
-Ц.Нямдорж сайдын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх хөрөнгө орлогын мэдүүлэтгэй холбоотой асуудал яригдсан юм биш үү?
-ХОМ-тэй холбоотой асуудлаас болоод энэ хэрэг үүсээгүй. Хуулийн салбарын шинэчлэлийн асуудал, авлигын эсрэг асуудлыг хөндсөнтэй холбогдсон болов уу гэж бодож байна. Авлигын эсрэг тэмцэл чинь хуучин Хууль зүйн яамны асуудал байсан шүү дээ. Хууль зүйн яамыг дэлхийн олон оронд нэрлэхдээ шударга ёсны яам гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ салбар ажлаа сайн хийгээгүйгээс АТГ байгуулагдсан. Өнөөдөр бид энэ асуудлыг яриад зогсч байна шүү дээ. Буух эзэн буцах хаяг нь ойлгомжтой болов уу л гэж бодож байна.
-Сайдыг Ёс зүйн хороонд өгсөн үү?
-Хувь хүний ёс зүйтэй холбоотой асуудал учраас намын дүрэм журмын хүрээнд яригдах асуудал гэж үзэж байгаа. Манай намын дотоод ардчилал, хяналтын тогтолцоо учрыг нь олж, хужрыг нь тунгааж өгөх болов уу. Үүнийг зааглаж ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн хооронд маргаан гарсан зүйл биш байхгүй юу. Хүмүүс эр улсын асуудал юун сүртэй юм гээд байх шиг байгаа юм. Гишүүд хоорондоо харилцаж байгаа асуудал дээр олон юм ярих хэрэг алга. Магадгүй зарим хүний хэлдгээр гар зөрүүлж болох л байх. Парламентын танхим гэдэг боксын дэвжээ биш биз дээ. Хариу арга хэмжээ авбал эр хүн болох уу, аваагүй нь харин эр хүний явдал болж өнгөрөх үү гээд янз бүрийн л юм ярьж болох.
-Таны биеийн байдал ямархуу байгаа вэ?
-Би хангалттай хэмжээнд өөрийгөө хамгаалах чадвартай хүн шүү дээ.