Ж.Сүхбаатар: С.Батболд даргын юу хийхийг харж, хүлээж байна
2010.04.14

Ж.Сүхбаатар: С.Батболд даргын юу хийхийг харж, хүлээж байна

МАХН-ын парламент дахь бүлгийн залуу гишүүдийн нэг Ж.Сүхбаатартай уулзаж ярилцлаа. Тэрбээр, жигүүрийг татан буулгах цаг болоогүй, харин ч бүлгэмүүд нэмэгдэх ёстой гэсэн байр суурьтай байлаа.

-Бага хурлаар намын дарга солигдсоныг дүрмийн бус, эсвэл элдэв мэдэгдэл энэ тэрээс болоод гаргасан шийдвэр гэх мэтээр дараагийн дүгнэлт өгөх гаргалгаанууд одоо ид хийгдэж эхлээд байна?

-Намын Бага хурал дүрмийн хүрээнд болж өнгөрсөн гэдгийг би хэлмээр байна. Ер нь бол өмнө нь ч намын дүрэм зөрчигдсөн зүйл байгаагүй гэж би бодож байгаа юм. Намын дарга эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, сая намын даргын үүрэгт ажлаас бас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад явж байгаа зэрэг нь бүгд дүрэмд харшлахаар үйлдлүүд байгаагүй. Ерөнхий сайд ч хүн, намын дарга ч хүн. Иймээс эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдөх тухай асуудал намын дүрмийн хүрээнд ч байхаас гадна төрийн албан тушаалтнуудын хувьд ч байдаг л асуудал. Харин Ерөнхий сайдаа больсон учраас намын даргаа өгөх ёстой гэсэн асуудлыг тавьж байсан. Гэхдээ яг тэр утгаараа энэ нь зөв зүйтэй байгаагүй. Өөрөөр хэлбэл, парламентын бүгд найрамдах улсуудад эхлээд намын дарга байж байгаад Ерөнхий сайд болдог зүй тогтол байна шүү дээ. Гол агуулга нь сонгуульд намаа амжилттай авч гарсан учраас тэр хүн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бололцоогоор хангагдаж, хариуцлагаа үүрдэг учраас намын дарга нь Ерөнхий сайд болдог жишиг, ёс байна. Манайд 1998 оноос хойш энэ жишиг тогтсон. Гэхдээ энэ нь дандаа намын дарга өөрчлөгдсөний дараа Ерөнхий сайд томилогддог байлаа.Харин энэ удаад Ерөнхий сайд өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдсөний дараа намын дарга сонгогдлоо. Жишээ нь, 1998 онд тухайн үеийн Ерөнхий сайд байсан М.Энхсайханыг МҮАН-ын дарга Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан учраас тэр хүн намынхаа дүрэмтэйгээ уялдаад Ерөнхий сайдаасаа огцорч байлаа. Ингэхээр аливаад учир жамцан байна шүү дээ.Гэхдээ саяны тохиолдолд бол онцгой. Намын дарга өргөдлөө өгөөгүй байсан бол намын дүрэмтэй зөрчилдөөд явахгүй байсан л даа. Зүгээр улс төрийн хариуцлага талаас нь, хувь хүний ёс суртахууны талаасаа энэ тогтсон жишиг ёс, нийтлэг ойлголтыг өөрөө хүлээн аваад явах нь зүйтэй л байсан. Намын Их хурлаар энэ асуудлыг шийддэг гэдэг дээр хүмүүс их акцент өгөөд байх шиг байна. Гэхдээ онцгой үед яах вэ гэдгийг Намын дүрмээр яг өнгөрсөн бага хурлын үеийн процедурын дагуу явж Бага хурлаар шийднэ гээд зохицуулчихсан байгаа. Түүгээрээ намын бага хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн босготой гэсэн заалтаар л нөхөн сонгогдож байна.

Тахиа донгодохгүй бол үүрцайсныг мэдэхгүй өнгөрөх чүе бий
-Тахиа донгодох, донгодохгүйн тухай жишээг та хэрхэн хүлээн авсан бэ. Жигүүрт үү, эсвэл хэн нэгэн хүнд хавдав уу?

-Намын дарга байсан хүунийхээ хэлсэн үгэнд тайлбар хийгээд байх хаашаа ч юм. Ер нь нөгөө талаас нь тахиа донгодсон донгодоогүй үүр цайдаг ч гэлээ гэсэн тахиа донгодож байж сая тосгоныхон нойрноосоо сэрж үүр цайсан байна гэдгийг мэддэг шүү дээ. Хорвоогийн зүй тогтлоороо бол үүр цайдгаараа цайна. Гэхдээ тахиа донгодохгүй бол үүр цайлаа гэдгийг мэдэлгүй нэг мэдэхэд уд хүргэчихдэг хүмүүс бас байдаг шүү дээ. Ингээд логикоор нь үгэн дээр үг хийгээд байвал цаашаа урт үргэлжилнэ.Ер нь бусад хүмүүс намын даргад тодорхой хэмжээний шахалт үзүүлсэн нь бол үнэн. Ерөнхий сайдаасаа үүрэг хариуцлага хүлээхгүй гээд өөрөө чөлөөлөгдчихлөө. Тэгвэл улс төрийн хариуцлага талаасаа намын даргын ажлаа өгөх нь зүйтэй шүү гэсэн шахалт шаардлага тавьсан. Тэр нь үндэстэй, үндэсгүй гээд олон талаас нь ярьж болох ч ийм шаардлага тодорхой хүмүүс, хэвлэл мэдээллийн зүгээс хөндөгдсөн нь худлаа биш шүү дээ. Энэ үүднээс асуудлыг тавихад намын дарга маань энэ хүрээнд асуудлаа шийдээгүй ээ, миний өөрийн хувийн шийдэлтэй уялдсан гэж тайлбарлаж хэлсэн болов уу гэж бодож байна. Түүнээс биш тахиа донгодох донгодохгүйг мушгивал янз янзаар л мушгигдана. Чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь үүр цайх эхлэлийг тавьсан ч гэдэг юм уу, ямар нэгэн үүр цайхтай холбоотой асуудал гээд тайлбарлаад яваад байвал шал өөр философийн асуудал болоод явчих байх.

-Та намын дарга болоод байгаа С.Батболдод хэр итгэл хүлээлгэж байна. МАХН Монгол орныг 90 жилийн турш удирдаж яваа учраас түүний дарга хэн байх нь гарцаагүй сонирхол татаад байна л даа?

-С.Батболдын хувьд цаг хугацааны ч, улс төрийн нөхцөл байдлын талаасаа ч өвөрмөц орчинд намын дарга болж чадлаа. Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд УИХ-ын сонгууль болсноос хоёр жил болж нэгэн бүрэн эрхийн хугацааны дунд үед намын дарга болж байна. Намын дарга байсан хүн маань өөрөө энэ хүнийг өөрөөс нь дутахгүй намаа аваад явчихаж чадна гэж санал болгосныг хамт олон хүлээж авсан. Нөгөө талаасаа улс төрийн амаргүй сорилтуудын үед энэ ажлыг авлаа. Энэ нь байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой ард түмнийхээ ахуй амжиргааг өөд нь татах, улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх тэр үүрэг хариуцлага гээд энэ бүгдийг эргэж авч үзэн шүүн тунгаах өндөр шаардлагатай үед намын дарга болж байна. Өөрөөр хэлбэл, улс төр, эдийн засгийн дахин томоохон шинэчлэл хийх шаардлага үүсч байгаа нь манай өнөөгийн амьдарч, өнөөдрийн явуулж байгаа улс төрийн тодорхой мухардал, нийгмийн тодорхой хэсгийн эсэргүүцэл үүнийг харуулж байна л даа. С.Батболд бол дипломат, МАХН-д элсээд удаагүй шинэ гишүүдийн нэг, эдийн засгийн салбарт хувь хүнийхээ хувьд амжилт олсон хүн. Ямар ч байсан өнөөдөр намын хамт олны дунд эв нэгдлийг, хоорондынх нь үйл ажиллагааны уялдаа холбоог тодорхой батжуулах чадвар бүхий,хүн гэж ярьж, хүлээж, итгэж байгаа.

Нөхцөл байдал ямар байсныг хүн бүхэн ойлгож байгаа.
-Намын дарга гэдэг бол хувь нэг л хүн. Гэтэл манай дарга хэнийг хөтөлж авчрах вэ, гараа өргөе гээд хүлээж суух нь ардчилалд хэр нийцэх юм бол?

-Өнгөрсөн намын Бага хурлаар бол гишүүд ч, намын дарга асан маань ч хаа хаанаа нөхцөл байдлыг ойлгож байсан л даа. Намын даргын сонгуулийг өрсөлдөөнтэй байдлаар шийдэх шаардлага, нөхцөл байдал саяын Бага хурлын үеэр нөхцөлдөөгүй. Тодруулаад хэлбэл, Бага хурлын өглөө л Удирдах зөвлөлийг хуралдуулаад шууд танилцуулсан. Тэгэхээр намын дарга болно гэдэг бол тодорхой асуудлуудыг шийдэх чиг шугам, тэр санаа бодлоо танилцуулж байж өрсөлдөх ёстой. Хоёрдугаарт, ерөөсөө С.Баяр дарга Засгийн газрын, намын зүгээс дэвшүүлж Бага хурлаараа дэмжсэн зорилтуудын чиг шугам өөрчлөгдөөгүй учраас түүнийг хэрэгжүүлэх боломжтой хүнийг өөрөө нэрлэсэн.С.Батболд дарга маань ч гэсэн намын Бага хурлын индэр дээрээс хийх ажлаа тодорхойлж хэлэхдээ өмнөх дарга, Ерөнхий сайдын бодлогыг ханган биелүүлэх чиг шугамаас гажихгүйгээр улам идэвхтэй хэрэгжүүлнэ гэж хэлсэн. Энэ нь Бага хурлын гишүүдийн дэмжлэгийг авсан. Ерөөсөө намын даргыг сонгосон нөхцөл байдал ердийн бус болсон. Нөхцөл байдал ямар байсныг хүн бүхэн ойлгож байгаа. Ер нь үг яриагаар биш үйл хэргээр нь хүнийг тань гэсэн нэг үг байдаг. Тухайлбал, онцлоод авахад С.Батболд дарга намын тодорхой аль нэг хэсгийг илүүд үзэхгүйгээр хандана гэсэн. Энэ үг намын эв нэгдлийн гол тулгуурыг бэхжүүлэх чухал зүйл. Өнөөдөр намын гишүүдийн дунд найз нарынхаа хүрээнд, эсвэл өөрийг нь тодорхой хэмжээгээр дэмжиж болохуйц бүлэг хэсгийн сонирхлыг хангахуйц ийм хэсгийг тодорхой албан тушаалд тавьж, намын удирдлагууд бодит байдлаасаа тасардаг, хөндийрдөг гэсэн шүүмжлэл явдаг.Тэгэхээр өнөөгийн намын даргын хийх гол ажил бол намын дотоод ардчиллыг хөгжүүлэх асуудал.Намын дотоод ардчилал гэдэг бол намын олон талт дуу хоолойг удирдлагын түвшинд ч, үйл ажиллагааны түвшинд ч хэрхэн хангаж тусгахыг зөвшилцлийн аргаар шийдэж байх вэ гэдэг нь намын дотоод амьдралын хүрээнд явуулах бодлогын гол цөм нь байх ёстой. Энэ нь харагдах байх. Намын даргын үйл ажиллагаа дүрмийн хүрээнд, нийгмийн хүлээлтэд хариу өгсөн хэлбэрээр явбал дэмжинэ. Хэрвээ түүнд нийцэхгүй үйл ажиллагаа явуулбал хүчтэй шүүмжлээд зогсохгүй, тийм зүйл гаргуулахгүйн тулд ажиллах болно л гэж бодож байгаа.

-Намын Бага хурлын өмнөх Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд жигүүрийг татан буулгах тухай ярьсан гэсэн. Жигүүр үүргээ биелүүлээд дуусчихсан юм биш үү?

-Ер нь жигүүр яг ямар зорилт тавьчихаад үүргээ биелүүлчихэв гэдэг асуудал яригдана л даа. 2004 онд МАХН УИХ-ын сонгуульд хэдийгээр олон суудал авсан ч гэсэн яг олонх, болж чадаагүй. Жигүүрт намд дотоод ардчиллыг хөгжүүлэх, намыг шинэчлэх шаардлага яах аргагүй тухайн нөхцөлд үүсч гарсан. Намын 25 дугаар Их хурлаар намын шинэчлэлийн тодорхой зорилтууд тавигдсан. Тэгээд өнөөдөр эргээд харахад жигүүрийн тавьж байсан олон асуудлууд шийдэгдсэн ч гэлээ дэвшүүлсэн асуудлууд нь нэлээд удаан хугацаанд шийдлээ хүлээсэн, эсвэл шийдэгдэх ёстойгоор хүлээгдэж байгаа. Энэ утгаар нь үзвэл жигүүрийн тавьсан зорилтууд бүрэн биелсэн гэж үзэхэд хэцүү. Гэхдээ жигүүрийн зарим тавьсан асуудлууд угаасаа тодорхой хугацаанд битгий хэл нэлээд урт хугацаанд яваад шууд шийдэгдчихгүй асуудлууд байна. Жишээ нь шинэчлэл бол байнгын зүйл. Шинэчлэл гэдэг бол унаж яваа дугуйтай адилхан гэсэн зүйрлэл ч байдаг юм билээ. Дугуйг нь байнга л шинэчилж байхгүй бол дугуй зогсоно, тэр дугуйг унаж яваа хун ч гэсэн байнга л жийж явахгүй бол зогсоно. Энэ утгаараа шинэчлэл бол байнгын үйл явц.Ингэхээр МАХН олон талаараа бүрэн шинэчлэгдэж чадсан уу гэдэгт шударгаар л хариулах ёстой. Өнөөдөр бид зохион байгуулалт. үйл ажиллагааны хувьд олон түмний нам гэж өөрсдийгөө үздэгийнхээ хувьд тэр хэмжээнд дүйцэж шинэчлэгдсэн гэж би лав хэлж чадахгүй. Зүгээр тэр шинэчлэлийн төлөө бол бид ажиллаж байгаа. Тэгэхээр би жигүүр татан буугдах болоогүй, харин уйл ажиллагаагаа идэвхтэй байлгах ёстой гэж үздэг. Ер нь манай намын аль гишүүн ч тодорхой зарчим, ёс суртахууны хүрээнд л ажиллаж байх ёстой. Хэрвээ тэр жигүүр сэтгэлд нийцэхгүй тааламжгүй үйл ажиллагаа явуулж байгаа бол тэр нь өөр асуудал.Би Ц.Нямдорж сайдтай санал нийлэхгүй байгаа. Ер нь цаг үе болгонд өөр өөрийн систем нь тохирч байдаг. Өнөөдрийн МАХН-д жигүүр татан буугдсанаар тэр шинэчлэл, ардчилал хөгжчих юм биш. Харин ч өнөөдөр МАХН нэг жигүүр биш, олон олон бүлэг клубтэй байх ёстой гэж боддог. Намын гадна талд гарсан ТББ-ууд бий болоод л байгаа биз дээ. Тэднээс ч гэсэн намын амьдралд үзүүлэх нөлөө бий болж л байгаа шүү дээ. Тэгэхээр дотоод ямар нэгэн бүтэцтэй байж болдоггүй юм бол заавал яагаад гадна талдаа тийм бүтэцтэй байх ёстой юм. Би яагаад намын бүтцийн хүрээнд, эсвэл гадна байгууллага байгуулж болохгүй гэж. Энэ байж болно.Тэгэхээр иймэрхүү юмыг хязгаарлаж болохгүй. Ийм хязгаарлалтууд нь эргээд намын дотоод амьдралын хүрээнд зөрчилдөөн бий болгож, намын хүчин чадал, эв нэгдлийг сулруулахад хүргэнэ. Харин намын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх залуу хүнийхээ хувьд ийм үед маш уян хатан, ажил хэрэгч, алсыг харсан байдалтай асуудалд хандсанд талархаж байгаа гэдгээ энэ дашрамд тэмдэглэн хэлмээр байна.

Намын ч, төрийн ч хүрээнд манлайлал дутагдаж байгаа
-Жигүүрийнхнийг хуруу дараад тоолоод үзэхэд бүгд албан тушаалтай болчихжээ. Үнэхээр таны хэлж байгаагаас тэс өөрөөр албан тушаалын шантааж хийдэг субьект болгож ашиглаад байгаа юм биш үү?

-Тэр жигүүрийнхнийг албан тушаатай болгох эсэхийг намын удирдлага л мэд байгаа шүү дээ. Би жигүүрийн гишүүн биш. Ц.Нямдорж гуай ингээд л яриад байх юм. Тэр өөрөө намын удирдлагын л нэг бүрэлдэх хэсэг болон олон жил явлаа шүү дээ. Мань хүн өөрөө өөр саналтай байсан байж болно. Гэхдээ хэн нэгэн бид нар биш, тэр өөрийн нь байгаа намын удирдлага албан тушаа хүргэж байгаа гэдгийг бодох ёстой.

-Сахилга бат, хариуцлага тооцох тух яриад эхэллээ?

-Сая Бага хурлаар намын сахилыг дээшлүүлж, хариуцлага тооцдог ба асуудлыг ярьсан. Ер нь хэт эрх чөлөө эдэлж байгаа юм бол эрх чөлөөг эдэлснийхээ хэрээр хариуцлага хүлээх ёстой. Өнөөдөр Сүхбаатар ч бай, хэн ч бай өөрийнхөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Түүнийг шууд хааж болохгүй. Тэр үзэл бодлоо илэрхийлж байгаа эрх чөлөө нь бусдынхаа үзэл бодол, эрх чөлөөг ноцтой хохироох хэмжээнд хүрвэл түүнийг бол харин авч үзээд тухайн xyнд нь хувьчилсан хариуцлагыг нь оногдуулаг явах ёстой. Ер нь сахилга хариуцлага гэдэг бол доороосоо дээшээ бус дээрээсээ доошоо шугамтай л байдаг. Өнөөдөр манай намын төрийн аль ч хүрээнд манлайлал дутагдаж байгаа. Энэ байхгүй учраас даварч дэврэх үзэгдэл гардаг. Гэхдээ түүнийг ямар нэгэн сахилга хариуцлага гэсэн нэрэн дор айдас хүйдсээр барих гэж оролдвол өмнө нь мана намын амьдралд тохиолдож байсан тэр зүйлийг л давтана. Түүнээс сургамж аваагүй хэрэг болно. Тэгвэл тодорхой хэмжээгээ хууль бус дарангуйлал болж хувирна. Иймээ шинэ цаг үед шударга байх ёстой. Нэг хэсэг нь сахилга хариуцлагын тухай яриад нөгөө хэсэгтээ түүнийг тулган хүлээлгэж өөрсдөө хариуцлагаас гадуур ангид байдаг болбол эн өөрөө амжилтад хүрэхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.