Су.Батболд: Бид ямар хүмүүстэй хамтарчихав аа гэдэг асуудлыг хамгийн нухацтай ярьж байна
УИХ-ын гишүүн Су.Батболдтой нийгэм, улстөрд үүсээд байгаа цаг үеийн асуудлаар уулзаж ярилцлаа.
-Улстөрийн халуун үйл явдлууд намдаж парламент, Засгийн газар хэвийн ажиллаж эхэллээ. УИХ-ын хувьд ажил хэр байна?
Засгийн газар хэдхэн хоногийн өмнө байгуулагдаж дууслаа. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээс эхлээд УИХ-д намрын чуулганаар амжуулж хийх юм их бий. Сонгуулийн дараа улс оронд үүссэн нөхцлөөс болж хамтарсан Засгийн газар байгуулагдлаа.
-Зөвшилцлийн ажлын хэсэгт ажиллаж байсны хувьд Таны байр суурийг сонирхож байна. Нөхцөл байдал үнэхээр хамтрах хэмжээнд хүргэсэн үү эсвэл өөр шалтгаан байсан уу?
-МАХН энэ удаа АН-тай хамтарсан Засгийн газрыг байгууллаа. УИХ-ын сонгуульд ялсан учраас Засгийн газраа дангаар байгуулна гэж зүтгэлгүй, сөрөг хүчин гэж харалгүй, нэг ард түмэн, нэг зорилго гэдгээр их аядуу шийдвэр гаргаж хамтарсан Засгийн газар байгуулсан хэрэг.
-Галт тэрэг яваад өнгөрсөн ч АН-тай хамтарч Засгийн газар байгуулах УЗ-ын шийдвэрийг хатуу эсэргүүцэж байгаа хүмүүс бий. Энийг дагаад энэ Засгийн газрын нас богино байх нь гэсэн таамаг дэгдэж эхэлсэн байх юм?
-Хамтарсан Засгийн газрын хугацаа урт эсвэл богино байна гэж хэлэхэд эрт. Ер нь МАХН өөрийнхөө тавьсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хатуу бодлого барьж ажиллах ёстой. Засгийн газар хийх гэж байгаа ажлаа сайн төлөвлөх хэрэгтэй л дээ. Үнэнийг хэлэхэд Засгийн газрын нас урт уу, богино уу гэдэг нь МАХН-аас биш АН-аас шалтгаална. Өөрөөр хэлбэл бид хамтарч ажиллах боломж олгосон. Хамтарсан Засгийн газраа ч байгууллаа. Одоо АН тогвортой ажиллаж чадах эсэх дээрээ дүгнэлтээ хийцгээх байх. Орон нутгийн сонгуулийн уур амьсгал эхэлчихлээ. Өрнөж байгаа үйл явцаас харахад АН нэлээн хийрхээд эхэлчихсэн байна л даа. Ард түмэн ч гэсэн үүнийг харж байгаа. Ийм ойлголттой л байж байна. Аливаа юм сайн, муу хоёр талтай байдаг. Би бол энэ Засгийн газрын сайн талыг харж байна. Саар талыг нь ч бас харсан учраас намын бага хурал дээр асуудал дэвшүүлсэн. УИХ-ын сонгуульд ялсан нам дангаараа Засгийн газраа байгуулах нь зүйтэй. Ийм боломж байна. Яагаад ингэж болохгүй гэж гэсэн бодол надад байсан. Нөгөө талаар энэ ялалтыг авчрахын төлөө тэмцсэн
МАХН-ын олон мянган гишүүд дангаараа Засгийн газраа байгуулна гэж хүлээж байсан. Гэхдээ бид дотроо хэлэлцээд Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжсэн, Өнгөрсөн хугацаанд бас хөдөө орон нутгаар, тойргоороо яваад ирлээ. Манай намын гишүүд дэмжигчид энэ шийдвэрийг бас л янз бүр хүлээж авч байна. Намын аль ч түвшинд энэ асуудлыг ярьж байна. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газарт багтаж байгаа АН-ын гишүүд ямар вэ. Бид ямар хүмүүстэй нэгдчихээд байна вэ гэдэг асуудлыг л хамгийн нухацтай ярьж байна. Энэ асуудлыг л их эмзэгээр хүлээн авч байгаа юм билээ. Манай намын шат шатны байгууллагын гишүүд, мэргэжлийн боловсон хүчнүүдийн МАХН дангаараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой байсан гэдгийг сануулж байсан.
-АН-ыг зангарагтай байж, тогтвортой хамтран ажиллах хэрэгтэй гэж хэлэх гээд байна аа даа?
-Тэгж ойлгож болно.
-АН сонгуулийг будилаантай болсон гэдэг. УИХ-ын нэг тойргийн асуудал маргаантай хэвээр байна. Парламент хэзээ 76 гишүүнтэй болох бол?
-Сонгуулийг бусад улс төрийн намуудын хэлээд байгаа шиг будилаантай болсон гэж би үзэхгүй байна. Ингэж дүгнэх ч үндэс бий. Жишээлбэл дөрвөн мандаттай Төв аймагт сонгууль хэвийн явагдсан ш дээ. Тэнд ямар ч маргаан гараагүй. Энэ удаагийн сонгууль томсгосон тойрогт явагдсан учраас сонгуулийн компанит ажилд оролцож байгаа хүн болгоноос асар их хүч хөдөлмөр шаардсан, олон ч нам оролцсон овортой сонгууль болсон. Сонгуулийн хуулийн тухайд эргэж хармаар, анхаарал тавимаар юм их байгаа. Сонгуулийн өмнө сөрөг хүчнүүд МАХН-ыг ялахын тулд гүтгэлэг явуулж эхэлсэн. Хар мэдээлэл, гүтгэлэгийг хангалттай цацаж байсан. Тэгээд өөрсдийнхөө хийсэн юмыг МАХН хийчихлээ гэсэн маягаар хүмүүсийн сонорт хүргэж байсан. Сөрөг намууд худлаа мэдээллийг үнэн болгох гэж үүндээ хэвлэл мэдээллийг хангалттай ашигласан. МАХНынхан бол булхай луйвар хийлгэчихгүй юмсан гэж хичээсэн. Ийм муур хулганы үлгэр шиг ийм аргаар сонгууль болж өнгөрсөн. Баянгол дүүргийн тойргийн асуудлыг холбогдох байгууллагууд нь тогтоогоод өгнө.
-Долоон сарын нэгний үйл явдал хэний ч айдсыг төрүүлсэн. Гэтэл МАХН сонгуулийн дүнг маш их эсэргүүцсэн сөрөг хүчинтэйгээ нэгдээд хамтарсан Засгийн газрыг байгуулчихдаг. Янз бүрийн хардлага энд тэндгүй л тэнэх юм?
-Сонгууль булхайтай болох нь гэсэн мессежийг өрсөлдөгч намууд сонгуулиас бүр эрт зохион байгуулалттай тараасан ш дээ. Энэ мэдээлэл сонгуулийн өдрүүдэд ч, дараа нь ч цацагдсан. Худал үгийг мянган удаа давтахаар үнэн болдог гэсэн үг байдаг даа. Энэ зарчмыг сөрөг хүчнийхэн хатуу барьж байсан. Долоон сарын нэгний үйл явдлыг бол шударга үнэний тэмцэл гэхээс илүү эмх замбараагүй байдлыг үүсгэсэн балмад танхай үйл ажиллагаа гэж хэлнэ. Эндээс хэдхэн юмыг сайн мэдэж авлаа. Хэвлэлийнхний техник, хурд сайн юм байна. Цагдаагийнхан өргөсөн тангарагтаа ямар үнэнч юм бэ гэдэг нь харагдлаа. Эмх замбараагүй байдлыг дэвэргэж байгаа залуусын ухаангүй үйлдлийг хараад өөрийн эрхгүй эмзэглэсэн. Үйл явдал нь өөрөө зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг нь хэнд ч гэсэн мэдэгдэж байсан. Би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан хүн. Тэр их чулуун мөндөр дундуур улсын, хувь хүний байгууллагын эд баялагийг хамгаалах гэж зүтгэж байсан цагдаагийн байгууллагынхныг үнэхээр өмгөөлөх сэтгэл төрсөн. Ийм гурван юм яг энэ үйл явдал дээр харагдсан даа.
-Хэрэг явдалд буруутай гэж олон хүнийг саатуулагдаж байна. Тэд бүгд л буруугүй гэж мэдэгдээд өлсгөлөн зарлаж байна. Прокурор нь цагдаагаа, цагдаа нь улстөрчдөө “өлсгөөд”. Энэ хэрэгт Таныхаар хэн хариуцлага хүлээх ёстой гэж?
-Сөрөг хүчнүүд сонгууль будилаантай болох нь гэсэн хар мессежийг хүмүүсийн дунд бүр эртнээс өгчихсөн байсан. Шударгаар өрсөлдөж чадахгүй гэдгээ харчихсан учраас ийм бохир арга хэрэглэсэн байх. Олон жил улс орны хувь заяаг тодорхойлж яваа МАХН-д энэ намд өөрийн гэсэн дэмжигчид маш их бий. Өнөөдөр сонгууль явуулсан ч олонхи болох чадвартай нам шүү дээ. Зориуд өмнө нь тараасан эхэлсэн тэр мессеж долоон сарын нэгний үйл явдлыг дэгдээхэд нэмэр болсон гэж би боддог. Сонгуулийн санал хураалт эхэлдэг шөнийн 01 цагт АН-ынхан ялалт манай талд ирлээ гэж мэдэгдсэн байсан. Энэ бол их сонин явдал. Би Төв аймгийн нэг сумын, нэг тойргийн хорооны жишээг хэлье. Алтанбулаг сумын есөн зуун хүний санал хураалт явагдах нэг хэсгийн хороо шөниийн 22 цагт үүдээ хаагаад тоолоход өглөө найман цагт дүн нь гаргасан. Тэгэхээр шөнийн 01 цагт ямар намын, ямар сонгуулийн штабын дүн гарсан байх вэ. Энэ бол үндэслэлгүй асуудал. Маргаашийнхаа үйл ажиллагааг явуулахын тулд өмнөх өдөр нь хүмүүсийн сэтгэл зүйг угаах ийм үйл ажиллагаа явуулж байсан шүү дээ. Ийм замбараагүй балмад үйл ажиллагааг эхлүүлэх өдөөн хатгалага хийж уриалсан улс төрийн намуудын удирдлага, зарим нэг хүн хариуцлага хүлээх ёстой. Сонгууль булхайтай болсон гэж үзэж байгаа бол асуудлыг яагаад тайван замаар, шударга аргаар шийдэх гэж оролдоогүй юм бэ. Эргээд сонгогчидтойгоо уулзаж байхад яагаад гэмтэй хүмүүс нь зөвдөөд гэмгүй хүмүүс нь буруудаад байгаа юм. МАХН байраа шатаалгаж, эд хөрөнгөөрөө хохирчихоод буруутан болоод үлдэх гээд байгаа юм биш үү гэж халаглаж байна.
-Таван хүний амь нас үрэгдчихээд байгаа. Хэн буудсан нь тогтоогддоггүй. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Өнөөдөр олон улсын түвшинд гайхаж байгаа. Монгол Улс чинь ийм хэмжээний үймээн самууныг зогсоочих чадваргүй юм уу гэж. Хуулийн дагуу онцгой байдал зарлах нь зөв алхам байсан. Замбараагүй байдлыг улам өдөөн хатгах гэсэн хүмүүсийн явуулга уу, цагдаа нарын үйл ажиллагаа юу, таван хүний амь нас хохирсон. Буруутанг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Эх орноо галдан шатаагаад зогсож байгаа хүмүүсийн балмад үйл ажиллагааг зогсоосон цагдаагийн байгууллагыг буруутгаж байгаа нь бас үнэхээр эмгэнэлтэй хэрэг. Тэднийг өргөсөн тангарагтаа үнэнч гэдгийг ард түмэн харсан. Энэ нийгэм чинь асуудлыг хүчээр шийддэг нийгэм биш. Үүргээ гүйцэтгэснийхээ төлөө тэд буруутан болох ёсгүй.
-Нэр дэвшихээрээ гоё амлалт өгч парламентад заларчихаад дараа нь тэднээсээ “бултчихдаг” сэргэлэн гишүүд манайд бий. Та бол тэднээс харьцангуй өөр л дөө. Гурван ч удаа тойрог солилгүй УИХ-д нутгаасаа гарч ирлээ. Сүүлийн үед нутаг руугаа “гүйв үү”?
-Ажлын шаардлагаар хэд хэдэн газраар явчихаад ирлээ. Намар ургац хураалтын үе таарч байна. Манай аймгийн хойд хэсгийн сумд газар тариалангийн бүс нутагт хамаардаг. Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд манай аймгийн сумд их хувь нэмэр оруулдаг гэж хэлж болно. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Атрын 111 аян”-ыг дэмжиж манай сумдынхан маш сайн хүлээж авсан. Энэ жил ургац хураалт ч сайн байгаа. Манай аймаг бүхэлдээ хангай хээр хосолсон том нутаг. Ер нь цаашид аймгийнхаа хөгжлийг тодорхойлохын тулд бие даасан нутгийн хөгжлийн чиг бодлогыг гаргаж ажиллах нь зүйтэй гэж боддог юм! Ерөнхийдөө манай аймгийнхан бидний хийж байгаа ажилд сэтгэл хангалуун байгаа гэдэг нь харагдаж байгаа. Гурав дахь удаагаа нутгаасаа УИХ-д сонгогдлоо. Энэ бол нутгийнхаа хөгжилд том хувь нэмэр оруулах үүрэг хариуцлага ногдож байгааг харуулж байна гэсэн үг юм. Хоёр удаа нутгаасаа нэр дэвшиж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтаа биелүүлж байсан нь ч үүнтэй холбоотой байсан гэж боддог. Тун удахгүй Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхлэнэ. Энэ ажлыг жигдрүүлэх тал дээр анхаарал тавина. Энэ нисэх буудал ганц Төв аймгийнханд ч биш улс орны хэмжээний хувьд эдийн засгийн маш том ач холбогдолтой. Монгол улсыг гурав дахь хөрштэй холбох ганц гарц нь болох юм. Засгийн газарт хамтарсан улстөрийн намуудын үйл ажиллагаа хэвийн жигд явагдах юм бол энэ хоёр үйл явдал хамтарсан Засгийн газрын үед хийгдэж байгаа хамгийн том ажлуудын нэг болно.