Ө.Энхтүвшин:Цалин, тэтгэврийг нэмнэ гээд олон нийтэд хүлээлт үүсгэчихсэн учир шийдэх ёстой
2012.02.06

Ө.Энхтүвшин:Цалин, тэтгэврийг нэмнэ гээд олон нийтэд хүлээлт үүсгэчихсэн учир шийдэх ёстой

МАН-ын бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг буцаах шийдвэр гаргажээ. Танай бүлэг энэ асуудлыг хэрхэхээр болсон бэ?


-Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төсөл нь Төсвийн хууль, Үндсэн хуулийг зөрчихгүй ээ. Өмнө нь ийм практик байсан уу гэдгийг ч судалсан. 2006 онд л гэхэд намайг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байх үед УИХ-аас тогтоол гаргаад “Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүл” гэдэг үүрэг өгсөн юм. Санхүүжилтийг нь яах вэ гэхэл 2006 оны 10, 11, 12 дугаар сарын санхүүжилтийг нь урагш нь гүйлгээд зохицуулаад болж л байсан. Хоёрдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмнэ гээд олон нийтэд хүлээлт үүсгэчихсэн учраас шийдэх ёстой. УИХ дах Ардчилсан намын бүлэг саад тотгор болоод байхгүй байлгүй дээ.

-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулахаар 2008 онд хуульчилсан. Үүнийг АН-ын бүлэг ч дэмжиж байгаа. Харин танай бүлэг тусад нь явуулна, нэмэлт өөрчлөлт оруулна гээд байгаагийн учир юу вэ?

-Хоёр сонгуулийг хамтад нь салгахгүй цуг хийнэ гэвэл бэрхшээлтэй асуудал их байна. Тухайн үед орон даяар сонгууль явна. Жишээ нь УИХ-ын сонгууль аймгийн сонгууль, сумын сонгууль, багийн сонгууль, дүүрэг дээр хот дээр гээд зэрэг зэрэг сонгууль болохоор сонгуулийнх нь дүнг баталгаажуулна гэдэг нэлээд төвөгтэй болчих вий гэж болгоомжилж байна. 20-иод мянган хүн орох болж байгаа. Энийг нэгэн өдөр явуулахад техникийн талаасаа ч, хүн хүч талаасаа ч, хууль эрх зүйн талаасаа ч, улстөр талаасаа ч хүнд юм аа гэж үзээд Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн тусад нь явуулах хуулийн төслийг дэмжсэн байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.