С.Бямбацогт:Оюутнууд нэг сая төгрөгтэй дүйх хувьцаа авахгүй
2012.02.01

С.Бямбацогт:Оюутнууд нэг сая төгрөгтэй дүйх хувьцаа авахгүй

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс завсарлага авах хүсэлт тавьсан учраас ажлын хэсэг дахин хуралдаж, санал дүгнэлтээ холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэхээр боллоо. Харин намын дарга утсаар завсарлага авч болдог юм уу өөрөө орж ирээд албан ёсоор завсарлага авснаа хэлэх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэлж байлаа. Уг асуудалтай холбоотой асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан "УИХ-аас анх Тавантолгойн тогтоолыг батлахдаа ард иргэдэд 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхийн зэрэгцээ үндэсний аж ахуйн нэгжид 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалахаар зааж өгсөн. Мөн 30 хувийн хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжаална гэсэн. Гэтэл одоо хэлэлцэж байгаа асуудал нь 180 градус эргэчихээд байна. Тал еэвэнгийн үлгэр яриад байна. Нөгөө хувьцаа нь аль байна гэхэд энэ гэж харуулчихаад дахиад нөгөөх нь гэхээр эргүүлээд энэ гэж үзүүлэх ард түмнийг луйвардах ажил хийж байна.

Тийм учраас асуудлыг дахин УИХ дахь намын бүлгүүд дээр нягтлан ярилцах ёстой" гэсэн юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариулт өгөхдөө "Анхныхаасаа 180 градус эргэсэн зүйл байхгүй. Ард иргэддээ анх 536 ширхэг хувьцаа олгохоор заасан байсан. Түүн дээрээ нэмж 10 хувийн хувьцаа нэмж олгоё гэсэн, гэхдээ сонголттой. Мөн үндэсний аж ахуйн нэгждээ хувьцаа худалдан авах боломжоор хангахаар заалт оруулсан" гэсэн юм. Мөн хоёр намын хувьд ард иргэддээ 2008 оны сонгуулиар амласан амлалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд ажлын хэсгийн төвшинд төслийг боловсруулсан гэдэг тайлбар дагууллаа. Тухайн үед Ардчилсан нам ард иргэддээ нэг сая төгрөгтэй дүйх хувьцааг олгоно гэсэн бол МАН-ынхан 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө олгоно гэж амласан. Тийм учраас эдгээрийг нэгтгээд 1.5 сая төгрөгт багтаан хувьцаа болон бэлэн мөнгө хэлбэрээр өгөхөөр зорьж буй гэнэ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өгөх нэг сая төгрөг ямар шатандаа явж байгааг лавлахад "Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцааны оронд нэг сая төгрөгөө авах боломжтой. Нийт 334 мянган иргэнд олгох нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор улсын төсөвт суулгасан. Оюутнуудын хувьд мөн хоёр жил дараалан сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөгийг тус бүр авсан. Дээр нь дээрх иргэд 2010 оноос эхлэн хувь хишгийг бэлэн мөнгө хэлбэрээр хүртсэн, улмаар 2011 оноос сар тутам 21 мянган төгрөгөөр хувь хишгээ хүртсээр ирэх зургадугаар сард 500 мянгад хүрэх тул нэг сая төгрөгтэй дүйх хувьцаа авахгүй. Харин үлдэж байгаа 2.4 сая орчим иргэний хувьд нэг сая төгрөгөө мөнгөөр нь авах эсвэл хувьцаагаар авах боломжтой гэж тайлбарласан юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Б.Тогтох

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.