2012.01.25

С.Эрдэнэ, П.Алтангэрэл нар мэдээлэл хийв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн П.Алтангэрэл, С.Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг саад учруулж байна” гэсэн тайлбар хийснийг тэд няцаалаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ “Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг Ардчилсан намын бүлгийн гишүүд санаачилж, 2011 оны наймдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн байсан. Мөн шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг 2012 оны нэгдсэн төсөвт тусгуулахаар заагаад байсан. Тэгтэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргасан байсан. Мөн шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх үеэр суулгах нь зөв гэж үзсэн.

Бүлгийн хувьд асуудалд нааштайгаар хандсан.

Улмаар МАН-ын бүлгийн гишүүд шинэ он гарахын өмнөхөн бидний өргөн барьсан төсөлтэй агуулгын хувьд ижил төслийг өргөн мэдүүлсэн. Гэвч хамтад нь хэлэлцээд явъя гэж шийдсэн. Ингээд байж байтал дахиад Суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл гэдэг юмыг оруулж ирсэн. Тийм учраас бидний хувьд асуудал тавихаас аргагүйд хүрсэн” гэж мэдэгдлээ.

Одоогийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэд 1995 оноос хойш тэтгэвэртээ гарсан иргэдийнхээс хамаагүй бага тэтгэвэр авч буй юм. Ингэхдээ яг адилхан ажил хийж байсан төдийгүй ажилласан жилээрээ ч адил төвшинд атлаа 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосноороо хохирч буй учраас төр энэхүү тэтгэврийг тогтоох аргачлал дээрээ алдаа гаргасан гэж үзэн, 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэдийнхтэй адил төвшинд аваачих нь зөв юм аа гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж, дээрх төслийг санаачилсан байна. Эхний удаад тэтгэврийн зөрүүг арилгахад 23 тэрбум төгрөг шаардана.

Дараа жил нь 20 тэрбум төгрөг, ийн жил ирэх тусам улсаас гаргах мөнгө буурсаар 10-12 жилийн дараа 0  болох аж. Судалгаагаар 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэд улсын хэмжээнд 280 мянга орчим байсан бол одоо 87 мянга болж буурчээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мөн “1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэд дээр улстөрийн тоглолт битгий хийгээч ээ. Тэд олон жилийн турш төрд гомдолтой явж ирсэн, гомдлыг нь тайлъя л гэж шийдсэн. Ийм юмаар улстөр хийх нь өөрөө зохисгүй” гэсэн тайлбарыг хийлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.