1990-2000 онд эх орондоо хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тэтгэврийн асуудлыг шийдэх боломжтой
Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нарын нэр бүхий долоо гишүүний санаачилсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
1990-1995 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрдэж эхэлсэн, 1995-2000 он хүртлэх хугацаанд нийгмийн даатгалын системийг хэрэгжүүлэх явцад хувь хүнээс өөрөөс нь үл хамааран нийгмийн шилжилтийн нөхцөл шалтгааны улмаас улс, эх орондоо хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон иргэдийн улсад ажилласан жилийг нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн төлүүлж, цаашид иргэдийн тэтгэврийн даатгалын баталгааг хангаж өгөх шаардлагатай гэж үзсэн тул хуулийн төслийг өргөн барьж байна хэмээн хуулийн төслийг санаачилсан гишүүд хэлж байна.
Хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсны дараагаар гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
1990-1995, 1995-2000 онуудад нийгмийн шилжилтийн явцад өөрсдөөс нь үл шалтгаалах замаар ажилгүй болсон гэх нийт 900 гаруй мянган иргэн байгаа юм байна. Эдгээр иргэд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон даатгалд төлөх ёстой 10 хувийн шимтгэлийг төлснөөр даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдэж байгаа юм. Дээрх иргэд даатгалын 10 хувийн шимтгэлийг төлснөөр тэтгэврийн даатгалын санд 60-70 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой бөгөөд энэ нь тэтгэврийн шимтгэлийг нөхөхөд төсөвт хүндрэл үүсгэхгүй. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн, баталвал иргэдийн хувьд ирээдүйн баталгаа болж чадна хэмээн гишүүд онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж
УИХ-ын ХМА