Ажилласан жил нь тасарсан хүмүүст боломж олгох хууль өргөн барив
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар өчигдөр мэдээлэл хийв. Тэд өчигдөр УИХ-ын даргад Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл өргөн барьсан юм. Энэ хуулийг баталбал 1990-1994 оны нийгмийн шилжилтийн үед олон үйлдвэр, завод хаагдсанаас болж ажилгүй болсон 200 гаруй мянган иргэний ажилласан жилийг нь нөхөн тооцуулах юм байна. Мөн 1995-2000 онд ажил хийгээгүй 700 гаруй мянган иргэн тэтгэврийн даатгалд хамрагдах боломж нээгдэх гэнэ. Иргэд ажилгүй байх үеийнхээ цалингийн доод хэмжээгээр тооцож. нийгмийн Даатгалын арван хувийн шимтгэлийг нөхөн төлнө. Ингэснээр тэд тэтгэвэрт гарахдаа ажилласан жил нь бүрэн байхаас гадна улсын нийгмийн даатгалын санд 60-70 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм байна. Гэвч цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагад ажиллаж байгаад тэтгэврийн насанд хүрэлгүй халагдсан эсвэл олон хүүхэдтэй гэдэг шалтгаанаар эрт тэтгэвэрт гарсан хүмүүст энэ хууль үйлчлэхгүй юм байна.. Энэ хууль гарлаа гэхээр улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүй юм байна. Тэгээд ч бэлэн мөнгөний амлалт биш учраас дээрх хоёр гишүүний өргөн барьсан хууль Сонгуулийн хууль зөрчихгүй аж.