Хуулийн дагалдах журмыг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2012-10-23/ хуралдаанаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан үеэс шууд хэрэгжих боломжгүй. Учир нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахад 900-аад мянган хүн хамрагдах тул эдгээр хүмүүсийн хэд нь энэ хуульд хамрагдах боломжтой эсэхэд судалгаа хийгдэх шаардлагатай.
Иймд 2013 оны есдүгээр сар хүртэл бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй байгаа юм. Энэ хуулийг журмаар зохицуулах, түүнийг салбарын сайд батлах хуулийн зохицуулалттай.
2013 оны төсөвт энэ асуудлыг шийдэх хөрөнгө байхгүй. Харин ирэх оны есөн сар хүртэл иргэдийн өргөдлийг хүлээн авч ирүүлсэн өргөдөл, тооцоо судалгаанд тулгуурлан тэтгэмжийн сангийн нэмэгдэл хөрөнгийн эх үүсвэрийг 2014 оны төсөвт суулгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа С.Эрдэнэ гишүүн илэрхийлсэн.
Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ, хуулийг хэрэгжүүлэх процесс нэг байгаа. 2014 оны нэгдүгээр сараас эхлэн тэтгэмжийн даатгалын шимтгэлийн мөнгө төсөвт сууна. Иймд хэлэлцүүлгийн явцад асуудлыг яриад явах боломжтой гэлээ.
Харин С.Ганбаатар гишүүн, даатгуулагчийн төлөөллийн байгууллагын талаар төсөлд тодорхой тусгах санал гаргасан.
Иргэний ажиллаагүй жил хуульд нийцэж байгаа эсэхэд даатгуулагчийн төлөөллийн байгууллага хяналт тавих нь зүйтэй гэдгийг С.Эрдэнэ гишүүн хэлээд, энэ чиглэлээр захууд, орон нутгийн алслагдсан газруудад байцаагч томилон ажиллуулах нь зүйтэй гэсэн юм.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг дагаж мөрдөх журмыг чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.