Согтууруулах ундааны нийлүүлэлт 1992-2013 онд 44.8-332 хувиар өсжээ
Архиний үйлдвэрлэл нэмэгдэж байна гэдэг нь архины хэрэглээ улам бүр өсч байгаагийн шинж
2015.10.05

Согтууруулах ундааны нийлүүлэлт 1992-2013 онд 44.8-332 хувиар өсжээ

Монгол улсын хэмжээнд 2013 оны байдлаар архи худалдах тусгай зөвшөөрөл бүхий 6823 аж ахуйн нэгж, архиар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 2880 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас орон нутагт архи худалдах тусгай зөвшөөрөл бүхий 4581, архиар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 1256, нийслэлд архи худалдах тусгай зөвшөөрөл бүхий 2242, архиар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 1624 аж ахуйн нэгж тус тус үйл ажиллагаа явуулж байна[1] гэж тэмдэглэсэн бол Монголын хүнсчдийн холбооноос хийсэн судалгааны тайланд улсын хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг 9750 аж ахуйн нэгж байгаагийн 3494 нь нийслэлд, 6256 нь орон нутагт ажиллаж[2] байгаа бол нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 3 951 аж ахуйн нэгж  байгаагаас спиртийн 7, архины 21, пивоны 14, дарсны 1 үйлдвэр, ресторан, зоогийн газар 560, диско баар 270, караоке 380, кафе 300, хүнсний дэлгүүр 2259, бөөний төв 139, 167 зочид буудал, 300 дэн буудал үйл ажиллагаа явуулж байгаа[3] гэсэн нь архи, согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээний цэгийн тоо огцом өссөнийг харуулж байна.

Мөн 2013 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, дарсны 10, шар айрагны 19 нийт 95 аж ахуй нэгж[4] 2014 оны байдлаар спиртийн 10, архины 56, пивоны 19 үйлдвэр[5] үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ баримтаас иргэдийн гар дээр очих бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа ч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ эрс өссөн нь статистикийн үзүүлэлтээс тодорхой харагдаж байна.

Үйлдвэрлэлийн өсөлтийг харьцуулан харвал 2013 онд нийт 1925.4 мянган литр спирт, 24852.3 мянган литр архи, 63775.3 мянган литр пиво үйлдвэрлэжээ. 2013 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээг 1992 онтой харьцуулахад спиртийн үйлдвэрлэл 60 хувиар (3207.7) буурсан бол архи дарсны үйлдвэрлэл 79 хувиар, 1995 оны пивоны үйлдвэрлэлтэй харьцуулахад 98 хувиар өсчээ (пивоны үйлдвэрлэлийн талаар 1992 оны статистикт тоо баримтад дурдаагүй тул 1995 оны үзүүлэлтийг авч ашиглавал О.Б), 2000 онтой харьцуулахад спиртийн үйлдвэрлэл 50.7 хувиар (3796.8) буурч, архи дарсны үйлдвэрлэл 73.5 хувиар (6595.7), пивоны үйлдвэрлэл 94.9 хувиар (3247.2) өссөн, 2010 онтой харьцуулахад спиртийн үйлдвэрлэл 53.3 хувиар (3609.1) буурч, архи дарсны үйлдвэрлэл 17.9 хувиар (20396), пивоны үйлдвэрлэл 29.6 хувиар (44878.5) өссөн, 2012 онтой харьцуулахад спиртийн үйлдвэрлэл 58.3 хувиар (3305.3) буурч, архи дарсны үйлдвэрлэл 7.6 хувиар (26894.4), пивоны үйлдвэрлэл 2.1 хувиар (65124.6) өссөн үзүүлэлттэй гарчээ[6] (Зураг-1. Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн өсөлт).

Зураг-1. Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн өсөлт

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй “спиртийн үйлдвэрүүд хүч чадлынхаа дөнгөж 5 орчим хувийг, харин архины үйлдвэрүүд 68 гаруй хувийг ашиглаж байгаа[7] гэж Монголын хүнсчдийн холбооноос хийсэн судалгааны тайланд өгүүлсэн байдаг. Хэрэв бүх үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал архи, согтууруулах ундааны зах зээл дэх нийлүүлэлт төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг юм.

Согтууруулах ундааны импортын хэмжээ 1992-2013 оны хооронд мөн адил өссөн бөгөөд 2013 онд согтууруулах ундаа 35.8 сая литрийг импортоор оруулж ирсэнээс 33.2 сая литр нь шар айраг байна. Импортоор орж ирж буй бүтээгдэхүүний хэмжээг өмнөх онуудтай харьцуулахад 1996, 1999, 2001, 2005, 2009 онуудад өмнөх үеэс буурсан үзүүлэлттэй байгаа ч бусад үед тогтмол өсч иржээ. Тухайлбал, 2013 оны импортын хэмжээг 1992 оны импортын хэмжээтэй харьцуулж үзэхэд согтууруулах ундааны импорт 44.8 хувиар, шар айрагны импорт 332 хувиар, 1995 оны импортын хэмжээтэй харьцуулахад согтууруулах ундааны импорт 8.3 хувиар, шар айрагны импорт 13.8 хувиар, 2000 оны импортын хэмжээтэй харьцуулахад согтууруулах ундааны импорт 18.9 хувиар, шар айрагны импорт 17.8 хувиар, 2005 оны импортын хэмжээтэй харьцуулахад согтууруулах ундааны импорт 3.8 хувиар, шар айрагны импорт 4.3 хувиар, 2010 оны импортын хэмжээтэй харьцуулахад согтууруулах ундааны импорт 1.7 хувиар, шар айрагны импорт 1.8 хувиар, 2012 оны импортын хэмжээтэй харьцуулахад согтууруулах ундааны импорт 1.1 хувиар, шар айрагны импорт 1.2 хувиар тус тус өсчээ[8] (Зураг-2. Импортоор орж ирж буй архи, согтууруулах ундааны өсөлт).

Зураг-2. Импортоор орж буй архи, согтууруулах ундааны өсөлт

Дурдан буй хугацаан дахь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ Монгол улсын хүн амын өсөлт (1992 онд 2.158.400[9] байсан бол 2013 онд 2.930.300[10] гэж тоолсон бөгөөд энэ хугацаанд хүн ам 26.4 хувиар өссөн)-ийн хурдтай харьцуулахад 1.7-12.6 дахин (2013 онд архи дарсны үйлдвэрлэл 1992 онтой харьцуулахад 79 хувиар, 2013 онд пивоны үйлдвэрлэл 1995 онтой харьцуулахад 98 хувиар, согтууруулах ундааны импорт 44.8 хувиар, шар айрагны импорт 332 хувиар өссөн) өндөр үзүүлттэй байна. Энэ нь хүн ам, улс орны хэмжээнд том эрсдэл тулгарсныг харуулж байна. Учир нь Дэлхийн эрүүл мэндий байгууллагын тогтоосон стандартаар нэг хүнд жилд 8-9 литр архи, согтууруулах ундаа ноогдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж тооцдог. Гэтэл манай улсад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ ийнхүү жил тутам өссөнөөс үүдэлтэй үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл байдал үүсчээ. 2013 онд 21-ээс дээш насны нэг хүнд ногдох жилийн дундаж хэрэглээ 7.13 л этилийн (усгүй) спирт буюу 380-тай 18.76 л архи[11] оногдоно гэж тооцож гаргасан байдаг. Энэ үр дүнгээс харахад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, хэрэглээ манай улсын аюулгүй байдалд ноцтой үр дагавар авч ирэхүйц хэмжээнд хүрсэнийг харуулж байгаа тул хувь хүний хэрэглээг хязгаарлахын зэрэгцээ үйлдвэрлэл, импортын бүтээгдхүүнд хязгаар тавьснаар илүү үр дүнд хүрэх боломж харагдаж байна.


[1]“Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих yндэсний хөтөлбөр 2003-2012” (УИХ. №48. УБ., 2003)-ийн хэрэгжилтийн үнэлгээний тайлангийн эхээс иш татав.

[2]Монголын хүнсчдийн холбоо. “Исгэлтийн үйлдвэрлэл-зах зээлийн тойм” тайлангийн хураангуй. УБ., 2014. 5 дахь тал.

[3]http://www.news.mn/content/177012.shtml //Зочид буудлын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулна. / 2015.05.17

[4]http://www.ecotv.mn/mn/page/newsmore/115 //Зуурдаар амиа алдах, гэмт хэргийн гаралтын гол шалтгаан болсон архидалтаас “Монголчууд” хэзээ салах вэ? / 2015.05.17

[5]“Исгэлтийн үйлдвэрлэл-зах зээлийн тойм” тайлангийн хураангуй. Монголын хүнсчдийн холбоо. УБ., 2014. 4 дэх тал.

[6]Харьцуулсан үр дүн: “Монгол улс зах зээлд” статистикийн эмхтгэл 1989-2002. МУ-ын ҮСХ. УБ., 2004. 194 дэх тал: Монгол улсын статистикийн эмхтгэл 2005. МУ-ын ҮСХ. УБ., 2006. 209 дэх тал: Монгол улсын статистикийн эмхтгэл 2007. МУ-ын ҮСХ.УБ., 2008. 243 дахь тал: Монгол улсын статистикийн эмхтгэл 2010. МУ-ын ҮСХ. УБ., 2011. 257 дахь тал: Монгол улсын статистикийн эмхтгэл 2013. МУ-ын ҮСХ. УБ., 2014. 346 дахь тал.

[7]“Исгэлтийн үйлдвэрлэл-зах зээлийн тойм” тайлангийн хураангуй. Монголын хүнсчдийн холбоо. УБ., 2014. 4 дэх тал.

[8]Харьцуулсан үр дүн: “Монгол улс зах зээлд” статистикийн эмхтгэл 1989-2002. МУ-ын ҮСХ. УБ., 2004. 226 дахь тал: Монгол улсын статистикийн эмхтгэл 2005. МУ-ын ҮСХ. УБ., 2006. 234 дэх тал: Монгол улсын статистикийн эмхтгэл 2007. МУ-ын ҮСХ. УБ., 2008. 270 дахь тал: Монгол улсын статистикийн эмхтгэл 2010. МУ-ын ҮСХ. УБ., 2011. 281 дэх тал: Монгол улсын статистикийн эмхтгэл 2013. МУ-ын ҮСХ. УБ., 2014. 279 дэх тал.

[9]“Монгол улс зах зээлд” статистикийн эмхтгэл 1989-2002. МУ-ын ҮСХ. УБ., 2004. 33 дахь тал:

[10]Монгол улсын статистикийн эмхтгэл 2013. МУ-ын ҮСХ. УБ., 2014. 25 дахь тал.

[11]“Исгэлтийн үйлдвэрлэл-зах зээлийн тойм” тайлангийн хураангуй. Монголын хүнсчдийн холбоо. УБ., 2014. 5 дахь тал.