Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөн болоо
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөн
2015.10.03

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөн болоо

Сүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж, үүнтэй холбогдуулан энэ салбарт хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалтай уялдан үндэсний брэнд хоол, хүнсийг хөгжүүлэх, шинэ технологи, арга ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын  улсын II зөвлөгөөн”-ийг 50 жилийн дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулжээ.

Энэхүү зөвлөгөөнд  Хүнс, хөдөө аж ахуйн яам, аймгуудын хүнс, хөдөө аж ахуйн газар болон Засаг даргын Тамгын газрын үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллалаа.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөн

 Зөвлөгөөнд хөдөө орон нутаг, нийслэл хотын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсдын  төлөөлөл болсон 1100 гаруй тогооч, зөөгч, менежер, ажилтнууд оролцлоо.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа зөвлөгөөнийг албан ёсоор нээсний дараа хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уншиж танилцууллаа.

Тэрээр хүний амьдралын хэв маяг, ажил хөдөлмөртэй холбоотой  өөрчлөлтүүд гарч,  гадуур хооллолтыг илүүд үзэн нөгөө талаар зөв зохистой хооллолтын талаарх хүн амын мэдлэг, хандлага дээшилсэн нь энэ салбарын ажилтан ажилчдаас өндөр мэдлэг, ур чадварыг шаардах болсныг дурьдаад Зөвлөгөөнөөс гарах уриалга, зөвлөмжийг биелүүлж ажиллахын төлөө та бүхний хамтын ажиллагаа, хичээл зүтгэл, чин сэтгэл, эв нэгдэл туйлаас чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

ХХАА-н сайд Р.Бурмаа  салбарын хөгжилд томоохон хувь нэмэр болох олон улсын жишигт нийцсэн мах, махан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны хагас боловсруулсан, бэлдэцийн үйлдвэрийг байгуулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Эрүүл ахуйн зохистой дадал, Үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэхэд анхаарч  ажиллахыг онцлон хүн арддаа эрүүл, шимтэй, зохистой хоол, хүнсээр үйлчлэх эрхэм хүндтэй, хариуцлагатай энэ ажил үйлсэд нь ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчиллээ.