Малын мах экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт
2015.08.25

Малын мах экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт

Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь заалт болон Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох,  импортлох зөвшөөрөл олгох түр журам”- ын дагуу 2015  оны 2  дугаар хагас жилд нийт 20460 тонн малын мах (адуу 5160 тн,  хонь 4800 тн, ямаа 3200 тн, үхрийн мах 7300 тн) экспортлох болон 984.5 тонн үхрийн мах импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

             Сонгон шалгаруулалтад Гаалийн Холбооны Улсын мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албаны магадлан итгэмжлэлд хамрагдаж зөвшөөрөл авсан мал нядалгааны үйлдвэрүүд оролцоно. Оролцогч нь дор дурьдсан баримт бичгийг бүрдүүлж, эх болон хуулбар хувийг тус тус битүүмжлэн 2015 оны 9-р сарын 01-ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө Хүнс, хөдөө аж ахуйн яамны 505 тоот өрөөнд бүртгүүлэн, хүлээлгэн өгнө. Үүнд:

1. Экспортлох эсхүл импортлох махны төрөл, тоо хэмжээг заасан албан бичиг;

2. Хуулийн этгээдийн нэр, байршил, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг болон хуулийн этгээдийг төлөөлөн сонгон шалгаруулалтад оролцох этгээдийн итгэмжлэл бүхий албан бичиг;

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4. Хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг төлсөн тухай харъяалах татварын албаны тодорхойлолт;

5. Аудитаар баталгаажсан 2014 оны санхүүгийн тайлан болон 2015 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хуулбар;

6. Экспортлогч талтай эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдах, худалдан авах үнийн дүн,санал бүхий худалдааны гэрээ, хэлцэл түүнтэй адилтгах баримт бичиг;

7. Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын агуулахтай эсэхийг нотлох баримт бичиг, эсхүл энэ шаардлагыг хангасан агуулахыг түрээслэх тухай хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь;

8. Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэлтэй эсэхийг нотлох баримт бичиг, эсхүл энэ шаардлагыг хангасан тээврийн хэрэгсэл түрээслэх тухай хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь;

9. Оросын Холбооны Улсын мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албанд итгэмжлэгдсэн байх /"Россельхознадзор"-ын цахим хуудасны жагсаалтад тухайн компанийн нэр орсон хуулбар/, 2013-2014 он болон 2015 оны эхний хагас жилд сонгон шалгаруулалтанд оролцож, мах экспортлох зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн экспортолсон махны тоо, хэмжээг нотлох баримт бичиг, мах бэлтгэлийг хийх аймаг, сумдын жагсаалт /мах экспортлох тохиолдолд/;

10. Үхрийн мах импортлох тохиолдолд экспортлогч орны махны үйлдвэрийн олон Улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO стандарт, аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан сертификатын хуулбар, экспортлогч улсын импортлох маханд олгосон чанарын гэрчилгээ, шинжилгээний дүн зэрэг болно.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн аж ахуйн нэгж нь бүртгэлийн хураамж 50 000 (тавин мянга) төгрөгийг ХХААЯ-ны Төрийн сангийн 900019403 тоот дансанд тушаана.

Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 9 дүгээр сарын 01 -ний өдрийн 15 цаг 30 минут.

Сонгон шалгаруулалтыг нээх хугацаа: 2015 оны 9 дүгээр сарын 01 -ний өдрийн 16 цаг 30 минут.

ХАЯГ: Монгол Улс, Улаанбаатар-13381, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9 дүгээр байр, корпус Б Хүнс, хөдөө аж ахуйн яамны 5 дугаар давхар, 505 тоот өрөө. Утас: 261687, 261962