Хүнсний компаниуд 2,6 тэрбум төгрөгийн ашиг олов
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Махимпэкс” компани оны эхний хагаст 252 сая төгрөгийн ашигтай ажилласан бол талх, нарийн боовны “Талх чихэр” 1.4 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олжээ.
Тэгвэл “Атар өргөө” компанийн цэвэр ашиг 178.8 сая төгрөгт хүрсэн байна. Шингэн хүнсний салбар, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Сүү” компани эхний хагас жилд 795.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Борлуулалтын орлогоор нь харьцуулбал, “Сүү” компани хамгийн их хэмжээний буюу 21.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Тус компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн байна.
Харин компанийн цэвэр ашгийн түвшин өмнөх оны мөн үеэс үл ялиг буурсан байна. Хоногт 200 тн сүү боловсруулах хүчин чадалтай “Сүү” компанийн үйлдвэр 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.Мөн “Талх чихэр” компани хоёрдугаар улирлын эцсийн байдлаар хүнсний салбарын компаниуд дундаа өндөр хэмжээний борлуулалт хийжээ.
Тус компанийн нийт борлуулалтын орлого 17.7 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. “Талх чихэр” компани сүүлийн хоёр жилийн хугацаанд цэвэр ашгаа хоёр дахин өсгөж чадсан байна. Харин хувьцааны ханшийн тухайд нэгж хувьцааны үнэлгээ нь өндөр компаниудын нэгд тооцогддог “Сүү” компанийн үнэт цаасны ханш нэгдүгээр сарын сүүлчээс харьцангуй өсөж эхэлсэн.