Орлогыг хязгаарласан дугаарын хязгаарлалт
Дугаарын хязгаарлалтаар 60 мянган машин замын хөдөлгөөнд оролцохгүй байгаагийн 3-4 хувь нь хүнсний үйлдвэрүүдийн түгээлтийн машинууд.
2015.04.04

Орлогыг хязгаарласан дугаарын хязгаарлалт

Ажилдаа явах хүн өглөөнийхөө цайн дээр хажуугийн дэлгүүрээс шив шинэхэн бүтээгдэхүүн аваад идвэл мэдээж сайхан. Тэгвэл тийм байлгахын төлөө ажилладаг, манай хотын хамгийн эртэч хүмүүсийн нэг бол хүнсний үйлдвэрийн борлуулагчид, түгээгчид.

Өнөөдөр Улаанбаатарт ажиллаж буй үйлдвэрүүдийн түгээгчид хотын түгжрэлээс амжиж гэрээт дэлгүүрүүддээ түгээлт хийхийн тулд шөнө дунд цугларч, үйлдвэр дээрээ цайгаа уучихаад гардаг.

Гэвч 2012 онд Нийслэлийн иргэдийн хурлаас гаргасан машины дугаарыг хязгаарлах шийдвэр нь хүнс үйлдвэрлэгчдийн хувьд гэнэтийн цохилт болов. Дугаарын хязгаарлалт хийснээр өдөрт дунджаар 60 мянган машин замын хөдөлгөөнд оролцохгүй байгаагийн 3-4 хувь нь хүнсний үйлдвэрүүдийн түгээлтийн машинууд.   

Түгээгчид бэлэн бүтээгдэхүүнээ өдөр, өдөрт нь иргэдэд хүргэж чадахгүй боллоо. Үйлдвэрлэгч компаниуд том, багагүй дугаарын алдагдал хүлээж эхэлжээ.  Гурван машинтай үйлдвэр байлаа гэж бодоход нэг машин нь сул зогсоход үйлдвэрийнх нь үйл ажиллагаанд маш эмзэг тусдаг. Машин хүрэлцэхгүй өдөр нь бүх гэрээт дэлгүүртээ очиж чаддаггүй учраас иргэд тэр болгон шинэ хүнс хэрэглэж чаддаггүй. 

Дугаарын хязгаарлалт

Дугаарын хязгаарлалт  зөвхөн орлогыг хязгаарлаад зогсохгүй хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг тухай үйлдвэрлэгчид ярилаа. Нэгдүгээрт түгээгдэх ёстой өдрөө түгээгдээгүй бүтээгдэхүүний амт, чанар муудна. Хоёрдугаарт зарим өдөр машины хүрэлцээнээс хамаараад нэг машинд ердийн хэмжээнээс нь илүү бүтээгдэхүүн ачихаас өөр аргагүй болдог. Гэтэл хэтэрхий шахаж ачсан тохиолдолд технологийн горим алдагдаж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх явдал цөөнгүй гардаг ажээ.

Түүнээс гадна зөвхөн түгээлтийн машин үүнд нэрвэгдэхгүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэгтэй түүхий эдээ цуглуулах гэсэн машин ч өртөж байгаа аж. Ингэснээр худалдаа, борлуулалтын ажилд саад учрахаас гадна үйлдвэрлэлийн эхний дамжлагад сөргөөр нөлөөлж байгаа тухай компаниуд ярьж байна.

Талх чихэр:

Өдөрт 73 машин түгээлтэнд явдаг.  Долоо хоногийн нэг өдөр түгээлт хийдэггүй. Тэгэхээр долоо хоног бүр нэг удаа хоносон талх зарахаас өөр аргагүй болдог. 

Атар өргөө:

Өдөр болгон 10-12 машин сул зогсдог. Үүнээс болж нэгдүгээрт бүтээгдэхүүний шинэлэг байдал алдагддаг, хоёрдугаарт цехийн ачаалал хэвийн хэмжээнээс хэтэрснээр бүтээмж, бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг.

Мах маркет:

Түгээлтийн 10 машин ажилладаг. Зөвшөөрөлтэй машинуудыг хотын төв рүү, зөвшөөрөлгүй машинуудыг хязгаарлалтад ороогүй захын дүүргүүд рүү явуулах маягаар зохицуулдаг. 

Өгөөж-чихэр боов:

50 орчим түгээлтийн машин ажилладагаас 10 нь “амрах” хэрэгтэй болдог. Энэ нь юуны түрүүнд борлуулалтад нөлөөлдөг.

Энэ асуудлыг нийслэлийн удирдлагад удаа дараа тавьсан өнөөг болтол нааштай шийдвэр гаргаагүй байна.