Д.Батжаргал: Хамгийн их судлагдсан бүтээгдэхүүн бол хүнсний нэмэлтүүд байдаг
M-Си-Эс Кока-Кола компанийн чанарын баталгаажилтын менежер Д.Батжаргал
2015.01.13

Д.Батжаргал: Хамгийн их судлагдсан бүтээгдэхүүн бол хүнсний нэмэлтүүд байдаг

Эрхэм уншигч та бүхэнд “Хүнсний нэмэлт чанар, аюулгүй байдал” хэлэлцүүлгийн хүрээнд энэ удаад M-Си-Эс Кока-Кола компанийн чанарын баталгаажилтын менежер Д.Батжаргалтай  ярилцсанаа хүргэж байна.

-Кока-Кола компанийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, түгээх онцгой эрхтэй цорын ганц үндэсний үйлдвэрлэгч, тэгвэл хүнсний нэмэлтийн чанар, аюулгүй байдлын хүрээнд ямар бодлогыг баримталдаг вэ ?

Хүнс үйлдвэрлэгчийн хувьд хүнсний аюулгүй байдал гэдэг бол нэгдүгээрт байна. Бид Кока-Кола гэсэн дэлхийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх онцгой эрхийг авсан үйлдвэрлэгч компанийн хувьд олон улсын стандартыг мөрдөхөөс гадна орон нутгийн стандартууд, хууль дүрмийг мөрдөж ажилладаг онцлогтой.

Үүнийхээ хүрээнд олон улсын Хүнсний аюулгүй байдлын шинэ FSSC 22000 стандартыг 2014 оны эхээр Монгол Улсын хүнс үйлдвэрлэгчдийн анхдагч болон нэвтрүүлж, олон улсын аудитын байгууллагаар шалгагдан баталгаажуулагдсан.

Үүнээс өмнө мэдээж 2009 оноос хойш өнөөг хүртэл      ISO 22000:2005 Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо, ISO 9001:2008  Чанарын Удирдлагын Тогтолцоо, ISO 14001:2004 Байгаль Орчны Удирдлагын Тогтолцоо, OHSAS 18001:2007 Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Удирдлагын Тогтолцоонуудыг үе шаттайгаар олон улсын түвшинд нэвтрүүлж батламж, сертификатуудыг авсан байдаг.

Орон нутгийн хууль дүрэм, стандартууд болох Монгол Улсын Хүнсний тухай хууль, Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах тухай хууль, Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт  MNS CAC 192:2007, Савласан хүнсний бүтээгдэхүүний  шошгололтонд тавих ерөнхий шаардлага MNS CAC GL 2:2007 болон бусад ундаа, ус, шүүс, цайны үйлдвэрлэлтэй холбоотой дүрэм журмуудыг мөрдөн ажилладаг.

-Хүн ам суурьшил, хотжилт тэлэхийн хэрээр хүнсний хангамж, хэрэглээ нэмэгдэж байдаг. Хүнсний бүтээгдэхүүн бүртээ стандартын дагуу Е кодыг тусгасан байдаг уу?

Энэ асуултад хариулахын өмнө эхлээд нэг зүйлийг тодруулах шаардлагатай. Монгол Улсын хувьд дээр дурьдсан стандартуудыг гаргахдаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын дундаас бий болсон Кодекс Алеминтариус Комисс буюу CAC-ийн баталсан стандарт зөвлөмжүүдийг жишиг болгодог.

Таны асууж буй Е код бол Европын холбооны хүнсний нэмэлтээ зохицуулахаар гаргасан ангиллын дугаар юм. Нэгэнт САС-ийн стандартаас иш татаж, баталдаг манай улсын  хувьд Европын холбооны стандартыг шууд нутагшуулж Е кодыг ашиглах нь хэр оновчтой вэ гэдэгт хувь хүнийхээ хувьд эргэлздэг.

Учир нь манай иргэдийн хүнсний нэмэлтийн талаарх мэдлэг, боловсрол хангалттай биш байгаа ийм хөрсөн дээр шууд          Е кодыг ашиглуулахаар шийдэж байгаа нь цаг хугацааны хувьд эртэдсэн гэдэг нь МХЕГ-ын хийсэн тандалт судалгаагаар нотлогдсон байсан.

Гэвч нэгэнт батлагдсан шошгоны стандартад тусгасны дагуу манай компани Монгол Улсын зах зээл дээр борлуулж байгаа нийт 11 брэндийн 45 нэр төрлийн бүх ус, ундаа, цай, шүүснийхээ шошгон дээр хүнсний нэмэлтийн Е кодыг тэмдэглэж, мэдээлж байгаа.

Таны асууж буй Е код бол Европын холбооны хүнсний нэмэлтээ зохицуулахаар гаргасан ангиллын дугаар юм.
-Ер нь ундаанд бичил биетний өсөлтийг дарангуйлах зорилгоор ч гэх юмуу хүнсний нэмэлтүүдийг ашигладаг гэж сонссон. Кока-Кола компаний хувьд үүнийг ашигладаг зорилго нь юу вэ?

Хүн төрөлхтөний хөгжлийн явцад хүнс тэжээлээ удаан хугацаанд хадгалж, хэрэглэх шаардлага зайлшгүй гарч ирснээр байгалийн хүнсний нэмэлтүүд болох давс, нүүрсхүчлийн хий, шар буурцагнаас гаргаж авдаг лецитин, цитрусын төрлийн жимсний хальснаас гаргадаг пектин, исгэгч, нимбэгний шүүс зэргийг хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн.

Улмаар дэлхийн хүн амыг хүнс тэжээлээр хангах амаргүй зорилгыг биелүүлэх тэрчлэн хүний өөрийн хязгааргүй хэрэглээ сонирхлоос үүдэн хүссэн үедээ, хүссэн газраасаа, хүссэн бүтээгдэхүүнээ хэрэглэх бололцоог бүрдүүлэхийн тулд хүнсний нэмэлтийг масс үйлдвэрлэлийн технологийн өндөр түвшинд гаргаж ирсэн. Мөн энэ утгаараа хамгийн их судлагдсан бүтээгдэхүүн бол хүнсний нэмэлтүүд байдаг.

Дэлхийн нийтийн энэ жишгийг Кока-Кола дагадаг. Дэлхий даяарх өөрийн судалгаа, шинжилгээ, туршилт хяналтын төвүүдээрээ дамжуулан бүтээгдэхүүнийг түүхий эдээс нь эхлэн нарийн шалгуураар сонгож, эцсийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулдаг.

-Хүнсний нэмэлтээ аль улсаас импортоор авдаг? Хил гаалиар оруулж ирэх үед ямар нэгэн асуудал гарч байв уу?

Манай бүтээгдэхүүний найрлагад орж буй хүнсний нэмэлтийг дангаар нь импортлодоггүй. Харин ундааны бэлдмэлийн найрлаганд агуулагдсан байдлаар орж ирдэг. Бид Кока-Кола компанийн ундааны бэлдмэлийг бэлтгэдэг Европ, Ази, Латин Америк, Америк зэрэг төвүүдээс импортлон оруулж ирдэг. Тэдгээр төвүүд нь бүгд олон улсын стандартын дагуу баталгаажсан газрууд байдаг тул Монгол Улсын хил гаалиар оруулж ирэхэд асуудал гарч байгаагүй.

Дэлхийн нийтийн энэ жишгийг Кока-Кола дагадаг.
-Хүнсний нэмэлтийн аюулгүй байдлыг хангах, нарийвчлан тодорхойлох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборторитой байх нь зүйтэй юм гэдэг, үүнд таны санал бодол?

Стандарт нутагшуулахын цаана түүний хэрэгжилтийг хянаж, шалгаж, баталгаажуулах чадамж бүхий лабораторитой байх нь зайлшгүй юм.

-Магадгүй хэрэглэгчдийн хүнсний нэмэлтийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй байдаг талаар. Мөн танай байгууллагын хувьд хэрэглэгчдэд чиглэсэн ямар, ямар үйл ажиллагааг явуулдаг тухай?

Олон нийтийн хүнсний талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх нь төрийн байгууллагуудын үүрэг боловч хүн хүч, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал тул энэ талын үүргээ төрийн бус байгууллагуудад шилжүүлж, тэднийг дэмжиж, хамтарч ажиллах нь оновчтой хувилбар байх.

Бидний хувьд бүтээгдэхүүнийхээ шошгоор дамжуулан орц, найрлага, илчлэг зэрэг бүхий л хэрэгцээт мэдээллийг өгөхийг эрмэлздэг. Мөн үүнийг зөв ойлгож, хүлээж авдаг хэрэглэгчтэй байх нь чухал тул хэрэглэгчдийн хүнсний талаарх мэдлэгийг дээшлүүлэхийн тулд бид бүхий л бололцоогоороо дэмжиж ажиллана.

-Үйлдвэрлэгчийн нүдээр харахад хүнсний нэмэлтийн талаарх хууль эрх зүйн орчин болоод түүнийг боловсронгуй болгоход юунд анхаарч ажиллах хэрэгтэй вэ?

Өнөөдрийн байдлаар бид хүнсний нэмэлтийн CAC-ийн 2007 оны стандартын орчуулан нутагшуулсан хувилбарыг ашиглаж байна. Гэтэл бидний жишиг болгодог хүнсний нэмэлтийн талаарх CAC-ийн стандарт, зөвлөмж жилд 2 удаа нэмэлт өөрчлөлт хийгддэг. Тиймээс нутагшуулсан стандартаа эх стандартынх нь дагуу цаг алдалгүй өөрчилж, шинэчилж байвал үйлдвэрлэгчдийн хувьд чухал хэрэгцээтэй байх юм.

Хүнсний нэмэлтээр хэрэглэж болно гэж нэгэнтээ баталсан бол түүний аюулгүй хэрэглээний хязгаарыг зааж өгсөн байдаг. Энэ хязгаарт хэрэглэгдэж байгаа аливаа нэмэлтүүд хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй гэдэгт хэрэглэгчид итгэлтэй байж болно.