А.Амаржаргал: Хуулиараа хэрэглэгч хянагчийн үүрэгтэй
ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлого зохицуулалт, хэрэгжилтийн газрын мэргэжилтэн А.Амаржаргал
2015.01.05

А.Амаржаргал: Хуулиараа хэрэглэгч хянагчийн үүрэгтэй

ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлого зохицуулалт, хэрэгжилтийн газрын мэргэжилтэн А.Амаржаргалтай ярилцлаа.

- Хүнсний нэмэлттэй холбоотой журамд  юу юуг тусгасан байгаа вэ ?

Журманд  баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, органик хүнс болон шинэ технологоор бүтээгдсэн хүнс зэргийг бүртгэдэг журмыг хуулинд заасны дагуу шинэчлэхээр тусгасан байгаа. Стандартад байгаа бүх хүнсний нэмэлтийг энэхүү журмаар хянах боломжтой юм. Тиймээс энэхүү журмаар хүнсний нэмэлтийн бүртгэл шинэчлэгдэнэ гэсэн үг.

- Тус ажлын хэсэгт ямар ямар хүмүүс багтсан байгаа вэ ?

Ер нь хүнсний нэмэлтийн судалгаа байх ёстой ч тэр нь зөвхөн шинэ хүнсний нэмэлтийг гаргаж авсан тохиолдолд байна. Түүнээс биш өөр улсад аль хэдийн судлагдаад аюулгүй гэдэг нь батлагдчихсан хүнсний нэмэлтийг дахин судлаад цаг заваа үрэх нь зохимжгүй юм. Харин журам гаргах ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн,  ШУТИС, МХЕГ болон Гаалийн ерөнхий газраас төлөөлөл багтсан баг бүрэлдэхүүн журман дээр ажиллаж байна.

- Зарим улсад бүртгэгдээгүй хүнсний нэмэлт манай улсад орж ирдэг гэх асуудал байдаг. Үүнд тавих хяналт хэр байгаа вэ ?

Саяхан Мэргэжлийн хяналтын газраас улсын хэмжээнд хүнсний нэмэлтийн хэрэглээ хэрхэн байгаа талаар тандалт судалгааг явуулсан. Үүнд манай улсын баримталдаг 2007 оны стандартад заагдаагүй хэд, хэдэн хүнсний нэмэлтүүд байгаа юм. Гэтэл тэдгээр нь олон улсад зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтүүд байсан. Учир нь манай улсын стандарт нилээд хоцорсон байгаа юм. Гэхдээ дэндүү зөрсөн асуудал бол гараагүй. Зөвхөн мөрдөгдөж байгаа стандартад бүртгэгдээгүй нэмэлтүүд байсан болохоос биш хүний биед хор хөнөөл үзүүлэх хэмжээний хүнсний нэмэлт гарч ирээгүй.

- Зарим үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүндээ Е тэмдэглэгээг тавьдаггүй. Журам гарснаар энэ байдал цэгцрэх үү ?

Энэ журмаар шошгоны хяналт зохицуулагдахгүй. Угийн хуулиндаа бүтээгдэхүүний шошгон дээр юу,юу тавих ёстойг заачихсан байдаг.  Тиймээс энэ асуудал хүнсний тухай хуулиар зохицуулагдана.

- Олон улсын хэмжээнд хүнсний нэмэлтүүд жил бүр шинэчлэгддэг. Тэгэхээр энэ асуудал монголд хэрхэн нөлөөлдөг вэ ?

Үйлдвэрүүдийг ажиглахад дэлхийн стандартыг дагаад үнэхээр сайн хүнсний нэмэлтийг ашиглаж байна. Тиймээс Монголд 100 % муу гэсэн хүнсний нэмэлт орж ирсэн тохиолдол байхгүй. Үйлдвэрлэгч нар өөрсдөө судалгаа, шинжилгээг хийж хэрэглэгчдэд олон улсад батлагдсан хүнсний нэмэлтийн орцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүргэж байгаа.

- Хуулинд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан ямар зүйл заалт байдаг вэ ?

Мэдээж иргэдийн хувьд хуулийн ойлголт нилээд муу. Гэтэл хүнсний тухай хуулинд хэрэглэгчийн хүлээх эрх үүрэг юу вэ гэдгийг заачихсан байдаг. Энэ заалтаар хэрэглэгч хүнсний аюулгүй байдалд хэрхэн оролцох талаар хуульчилсан байгаа юм. Тиймээс хэрэглэгч ямар нэгэн асуудал гарах үед Төрийн болон ТББ-д мэдээллэж болно. Өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын байцаагч шалгадаг байсан бол одоо хэрэглэгч өөрөө хянаж шалгах эрхтэй гэдгээ хэрэглэгч өөрөө сайн мэдэж байх хэрэгтэй.