Д.Оюун: Хүнсний нэмэлт ч байх ёстой зүйл, түүнийг хянах нь ч зайлшгүй хэрэг
Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн "Само Институт"-ын гүйцэтгэх захирал, Доктор Г.Оюунтай ярилцлаа.
- Сүүлийн хүнсний нэмэлтийн талаар янз бүрийн яриа гарч байна. Мэргэжлийн хүний хувьд та тайлбар өгөхгүй юу?
Хүнсний нэмэлт гэж юу болох талаар сүүлийн жилүүдэд зөрүүтэй ойлголтууд яваад байна. Тэгэхээр энэ талаар нэгдсэн ойлголттой байх шаардлага гарч байна. Нэмэлт болгон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэвэл хэтэрхий өрөөсгөл.
Сүүлийн үед зарим үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд зарчмын өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал аль нэг технологийн цаг хугацааг богиносгох, эсвэл хэрэглэгчийн таашаалд нийцүүлж, өнгө, амт, үнэр оруулах зорилгоор шинэ нэмэлтүүд бий болж байна. Энэ нь үйлдвэрлэл хөгжиж буй өнөө үед байдаг л зүйл. Монголчууд цэвэр байгалийн бүтээгдэхүүн идээд амьдарна гэж байхгүй шүү дээ. Зөвхөн дотооддоо зориулж хүнс үйлдвэрлэнэ гэвэл утгагүй. Тэгэхээр хүнсний нэмэлт хэрэглэх зайлшгүй шаардлага байна гэсэн үг.
Гэхдээ ямар нэмэлтийг хэдий хэмжээгээр хэрэглэх, ямар нэмэлтийг анхааралдаа авах зэрэг бол өөр асуудал.
- Тэгвэл манай улсын хувьд ямар нэмэлт дээр анхаарал хандуулах хэрэгтэй вэ?
Дэлхий дахинд хүнсний нэмэлтийн хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Энэ нь хүн ам өсч, цэвэр байгалийн хүнс ховордож, хүнсний хомсдол үүссэнтэй холбоотой. Тэгээд ч байгалийн гаралтай нэмэлт ховор нөхцөлд өөр аргаар хүнсний нэмэлт гарган авч үйлдвэрлэлд ашиглахаас өөр аргагүй болж байна.
Монгол улсын хувьд хүнсний нэмэлтийн хэрэглээгээр дагнасан судалгаа алга байна. Дэлхийн хүнсний хэрэглээний чиг хандлага хаашаа явж байна, манай улс алийг нь анхаарах ёстой юм, юуг нь төрийн бодлогын хэмжээнд авч үзэх ёстой юм гэдэг дээр нарийвчилсан судалгаа явуулах шаардлагатай. Үйлдвэрлэгчдийн хувьд гадаадаар явж тодорхой мэдээлэл материал цуглуулсны үндсэн дээр чухам ямар нэмэлтийг хэрэглэж болохыг өөрсдөө сонгоод явдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагуудын хувьд ч гэсэн гадны судалгааны материалууд дээр үндэслэж дүгнэлтээ гаргадаг.
Гэтэл хүнсний нэмэлтийг монгол хүний хоол хүнсний хэрэглээтэй холбож авч үзсэн судалгаа хийгдэхгүй байна. Тухайлбал бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний хэдэн хувь нь хүнсний нэмэлттэй вэ гэсэн тооцоо байхгүй. Судлаачийн хувиар өдөр тутам хэрэглэдэг хоол хүнстэй хамт бие организмд ордог тэрхүү нэмэлтүүд дээр гол анхаарлаа хандуулж төрийн бодлого боловсруулах хэрэгтэй гэж бодож байна.
- Тодорхой судалгаа, судалгаанд үндэслэсэн бодлого байхгүй учраас хий хоосон маргалдаад нэгдсэн ойлголтод хүрч чаддаггүй.
Ер нь дэлхийн хүнсний нэмэлтийн хэрэглээ үе үе өөрчлөгдөж байдаг. Нэг хэсгийг нь хорьж байхад нөгөө хэсэг нь шинээр бий болдог. Эрдэмтэд байнгын судалгаа хийдэг. Дэлхийн болон бүс нутгийн стандартуудад ч энэ нь тусгагддаг. Тэгэхээр манай улсад хүнсний нэмэлтийн талаар тогтмол судалгаа хийдэг байгууллага хэрэгтэй.
- Хүнсний нэмэлтийн талаар хэрэглэгчдэд зөв мэдээллийг хэрхэн өгөх вэ?
Нэгдүгээрт хүнсний нэмэлт бол зайлшгүй хэрэглээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс зөв мэдээллийг хүргэнэ гэдэг маш чухал асуудал. Хүүхдэд бага наснаас нь хоол хүнсээ хэрхэн сонгох талаар ойлголт өгч байх ёстой. Ядаж л хаяг шошгыг уншдаг байх хэрэгтэй байна. Үйлдвэрлэгч ч гэсэн ямар будагч, үнэр амт оруулагч хэрэглэсэн бэ гэдэг хаяг, шошгоо үнэнээр нь бичдэг байх ёстой. Тухайн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд аюулгүй л гэсэн бол бичихгүй байх шалтгаан байхгүй.
Түүнчлэн хүнсний нэмэлтийн хор хөнөөл гэдэг бол харьцангуй ойлголт. Тухайн хүний бие организмаас хамаараад янз бүрээр илэрч болно. Тэгэхээр хэрэглэгч тухайн хүнсний бүтээгдэхүүнийг яаж хэрэглэвэл аюулгүй байх вэ гэдгийг мэдэж байх ёстой. Харин сонголт бол тухайн хүний өөрийнх нь шийдэх асуудал.
- Гэхдээ жишээ нь будагч бодис оруулсан гээд үнэнээр нь биччихээр хэрэглэгчид хортой хэмээн ойлгож тухайн бүтээгдэхүүний худалдан авалт буурах тохиолдол байдаг?
Энэ чинь хүнсний хэрэглээний талаар ямар ч мэдлэг, мэдээлэл байхгүй гэдгийг харуулж байна. Хүмүүс зөв мэдээлэлтэй болоод ирвэл зөв ойлголт бий болно. Тухайн будагчийг чихрийн манжингаас гаргаж авсан бол ямар ч хоргүй шүү дээ. Энэ мэт зүйлсийг манай хэрэглэгчид мэддэггүй. Тиймээс үйлдвэрлэгч бичихээс татгалзаж буйг буруутгах арга байхгүй. Гэхдээ мэдээж үйлдвэр дээр хяналт байх ёстой.