Г.Ганчимэг: Бүтээгдэхүүнд байгалийн гаралтай нэмэлтүүд ашиглах хандлага ихсэж байна
АПУ ХК-ийн Чанарын Удирдлага, хяналтын дарга Г.Ганчимэгтэй хүнсний нэмэлт, түүний чанар аюулгүй байдлын талаар ярилцлаа.
- АПУ компанийн хувьд хүнсний нэмэлтийн чанар аюулгүй байдлыг хэр зэрэг хангаж байна вэ ?
АПУ ХК нь 2011 оноос Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000, FSSC 22000 олон улсын стандартыг нэвтрүүлсэн. FSSC 22000 стандартад түүхий эд нийлүүлэлтээс бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүнсний хэлхээнд аюулгүй байдлын болон хэрэглэгчийн зүгээс тавигдах шаардлагыг хангах талаар тусгаж өгсөн байдаг. Иймээс манай ашиглаж буй түүхий эд материал, тэр дундаа хүнсний нэмэлтийн чанар, аюулгүй байдал олон улсын стандартын шаардлагыг хангасан түвшинд байгаа хэмээн ойлгож болно.
Хүнсний нэмэлтийг сонгох, хадгалах, буруу ашиглах, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлснээс хүнсний бүтээгдэхүүнд эрсдэл үүсэх аюултай тул үйлдвэрлэлийн бүх шатанд өндөр хяналт тавигдах ёстой.
Өөрөөр хэлбэл, зөвхөн хүнсний нэмэлтийн чанарыг л ярих биш, хүнсний нэмэлттэй холбоотой бүх үйл явцад аюулыг урьдчилан харж, хүнсний нэмэлтийн зарцуулалтыг хянах, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдвол бүтээгдэхүүнийг тусгаарлах, хүнсний нэмэлттэй ажилладаг ажилтнуудад шаталсан сургалт явуулдаг цогц систем ажиллаж байх ёстой юм. Ингэж байж л хүнсний нэмэлттэй холбоотой үүсэх эрсдлээс сэргийлж чаддаг.
- Үйлдвэрлэгчийн хувьд хүнсний нэмэлтийг стандартын дагуу ашиглаж бүтээгдэхүүндээ хүнсний нэмэлтийн Е кодыг зөв тэмдэглэж мэдээлдэг үү?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран 1956 онд байгуулсан Хүнсний нэмэлт бодисын шинжээчдийн нэгдсэн хороо(JECFA)-ноос хүнсний нэмэлтийн эрсдэлийн үнэлгээ, зөвшөөрөгдөх хэмжээ, хүнсэнд хэрэглэх болон хориглох нөхцлүүдийг тодорхойлон гаргасан байдаг. Энэ байгууллага нь нийтдээ 2500 хүнсний нэмэлт, 40 орчим бохирдуулагчид үнэлгээ хийн эрсдэлийг тодорхойлж, зөвшөөрөгдөх хэмжээг тодорхойлж өгсөн байдаг.
Бид энэ байгууллагаас гаргасан зөвлөмжөөс гадна олон улсын Хүнсний хууль эрх зүйн хороо (CAC) болон Кодексийн үндэсний зөвлөл зэрэг байгууллагуудаас гаргасан хүнсний нэмэлтийн талаархи бодлогын баримт бичгүүд, Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт MNS CAC 192:2007 зэрэг стандартыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
АПУ компани нь нийгмийн хариуцлагатай, Олон улсын Хүнсний аюулгүй байдлын стандарт хэрэгжүүлсэн компанийн хувьд хүнсний нэмэлт ашигласан бүх бүтээгдэхүүнийхээ шошгон дээрээ Европын холбооны INS дугаарлалтын дагуу E код тэмдэглэгээг тавин, хэрэглэгчдэд ил тодоор мэдээлж байгаа.
- Ундаанд хүнсний нэмэлтийг ямар зорилгын дагуу, ямар хэмжээтэйгээр ашиглаж байна вэ ?
Ер нь төрөл бүрийн ундаанд ихэнхидээ бүтээгдэхүүн дэх бичил биетний өсөлтийг дарангуйлж, хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор хүнсний нэмэлт нэмдэг. Гэхдээ бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэл боловсруулалтын аргаас нь хамааруулан хүнсний нэмэлтийг хэрэглэхгүй байх тохиолдлууд цөөнгүй бий.
Тухайлбал, Дулааны боловсруулалт хийгдэж, бичил биетэн үржих боломжгүй битүүмжлэгдсэн орчинд савлагддаг жимсний шүүс, ундаа болон бичил биетний өсөлтийг дэмжих шим тэжээлт бодис агуулдаггүй, эрүүл ахуйн өндөр түвшинд савласан цэвэр ус гэх мэт бүтээгдэхүүнд бол хүнсний нэмэлтийг нэмж, хадгалалтын хугацааг уртасгах шаардлага байдаггүй.
Сүүлийн үед Олон улсад “Processing aid” буюу технологийн боловсруулалтын явцад хэрэглэгдэн, байгалийн нэгдэл болон задарч, эцсийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлдэггүй хүнсний нэмэлтийг ашиглах хандлагатай байгаа. Ийм төрлийн нэмэлтийг нэмсэн тохиолдолд шошгон дээрээ тусгах шаардлагагүй байдаг юм билээ. Энэ талаар манай компанийн мэргэжилтнүүд 2012 онд Герман улсад ажиллаж, Олон улсын Хүнсний нэмэлт бодисын шинжээчдийн нэгдсэн хороо (JECFA)-ны гишүүдтэй уулзалт хийж, судалж байсан юм.
Мөн олон улсын түвшинд химийн гаралтай хүнсний нэмэлт биш байгалийн гаралтай нэмэлтүүд ашиглах хандлага бас ихсэж байна.
Мөн олон улсын түвшинд химийн гаралтай хүнсний нэмэлт биш байгалийн гаралтай нэмэлтүүд ашиглах хандлага бас ихсэж байна. Үүнд байгалийн гаралтай сахар орлуулагч Stevia-г дурдаж болно. Мөн ундаанд төрөл бүрийн өнгө, амт оруулах зорилгоор хүнсний нэмэлт нэмдэг тохиолдол байдаг. Гэхдээ манай компанийн хувьд хүнсний нэмэлтийг амт үнэр, оруулах зорилгоор болон сахар орлуулах зорилгоор огт хэрэглэдэггүй.
- Хүнсний нэмэлтээ аль улсаас импортоор авдаг ? Хууль хяналтын байгууллага дээр ямар нэгэн асуудал гарч байсан уу ?
Европын холбоо, ХБНГУ, ОХУ-ын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо нэвтрүүлсэн үйлдвэрлэгчээс чанарын баталгаатай хүнсний нэмэлтүүдийг импортлон оруулж ирдэг.
Хилээр оруулж ирж буй хүнсний нэмэлтүүдээ төрийн хяналт шалгалтын байгууллагаар дамжуулан эрсдэлийн үнэлгээ хийлгэн баталгаажуулсны үндсэн дээр үйлдвэрлэлд оруулдаг учир хууль хяналтын байгууллагын зүгээс ямар нэгэн асуудал тавьж байгаагүй.
Гэхдээ хүнсний нэмэлтийн аюулгүй байдлыг нарийвчлан тодорхойлох үндэсний лабораторийг төр засгийн хэмжээнд шийдвэрлэх нь үйлдвэрлэгчид томоохон дэмжлэг болох болов уу гэж боддог.
Нөгөө талдаа хүнсний нэмэлтийн талаарх мэдээлэл, хууль зохицуулалтууд маань олон улсын хөгжлийн хурдтай хөл нийлэн алхаж чадахгүй байгаагаас Олон улсад шинээр гарсан, танигдсан хүнсний нэмэлтийн хэрэглээг үгүйсгэх байдал хэдий цөөн ч гэсэн тохиолдож байсан.
- Мэргэжлийн байгууллагынхан иргэдэд буруу ташаа мэдээлэл өгснөөр иргэд үйлдвэрлэгч нарын хооронд асуудал гардаг. Үүнийг хэрхэн зохицуулж болох вэ ?
Хүнсний нэмэлт төдийгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой хууль зохицуулгын хэмжээнд түүхий эд, бүтээгдэхүүний стандартын талаарх мэдээллийг ард иргэд, үйлдвэрлэгч нарт өөрөөр хэлбэл стандартын жинхэнэ хэрэглэгч нарт нээлттэй байлгах нь маш чухал гэж үздэг. Ингэснээр иргэд, үйлдвэрлэгч, төрийн хяналт шалгалт байгууллагуудын дунд үүсч байгаа үл ойлголцол багасч, энэ талын мэдлэг мэдээлэл нэмэгдэх юм.
Мөн импортын хэрэглээ нь давамгайлсан манай улсад гаднаас орж ирж буй төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж буй хүнсний нэмэлтүүдэд шинжилгээ хийх, агууламжийг тогтоох мэргэжлийн чиглэлийн шинжилгээ, судалгааны төвтэй болох зайлшгүй шаардлага гарч байгаа. Ингэснээр хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй гадны зах зээлээс орж ирж буй чанаргүй бүтээгдэхүүнээс үүсч болох эрсдэлээс хамгаалах боломжтой болно. Жижиг дунд хүнсний үйлдвэрүүд тэр бүр шаардлагатай тохиолдолд гадаадад шинжилгээ хийлгэн, баталгаажуулж чадахгүй шүү дээ.
Жижиг дунд хүнсний үйлдвэрүүд тэр бүр шаардлагатай тохиолдолд гадаадад шинжилгээ хийлгэн, баталгаажуулж чадахгүй шүү дээ.
-Хэрэглэгчдэд Е кодын талаар зөв мэдээллийг хүргэхийн тулд үйлдвэрлэгчийн хувьд юу хийх ёстой вэ ?
Хүнс үйлдвэрлэнэ гэдэг маш өндөр хариуцлага хүлээж байгаа тул үйлдвэрлэгчид өөрсдийн үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, зөвхөн хууль эрх зүй, стандартын шаардлага хангасан хүнсний нэмэлтийг сонгож хэрэглэх шаардлагатай.
Мэргэжлийн хяналтын байгууллага, эрдэм шинжилгээний төвүүд, үйлдвэрлэгчид, төрийн бус байгууллагуудын хамтарсан мэргэжлийн зөвлөл байгуулан, үйлдвэрлэгч болон хэрэглэгчдэд зориулсан нэгдсэн зөвлөмж, хүнсний аюулгүй байдлын мэдлэг, мэдээлэл олгох вэб хуудас ажиллуулан, манай үйлдвэрлэгчид ч үүнд идэвхитэй оролцож, санал бодлоо илэрхийлдэг байх нь зүйтэй.
Бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн зүгээс ямар нэгэн санал гомдол ирж байсан уу ?
АПУ компани нь хэрэглэгчээс ирсэн аливаа санал, гомдлыг хүлээн авч, тэдний санал зөвлөлгөөг бүтээгдэхүүн, үйл явцаа сайжруулах алхам хэмээн үзэж, цаг алдалгүй барагдуулдаг тогтолцоотой. Гэхдээ хүнсний нэмэлттэй холбоотой асуудлаар санал гомдол огт ирж байгаагүй.
Компанийн барьж байгаа өнөөгийн бодлого бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй түүхий эд, технологийн шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, нийгмийн хариуцлагатай хүнс үйлдвэрлэлийг явуулж, тогтвортой хөгжлийг ханган ажиллах юм.