Э.Энхцэцэг: Хэрэглэгчдэд хянах боломжийг нь олгох хэрэгтэй
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" булангаа Хүнсний нэмэлтийн чанар аюулгүй байдал, Е кодыг олон нийт хэрэглэгчдэд зөв ойлголт мэдээллийг өгөх зорилгоор энэ удаагийн хэлэлцүүлэг маань чиглэж байна.
Энэ талаар ШУТИС-ийн Хүнсний инженер БиоТехнологийн сургуулийн ахлах багш Э.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Хүнсний нэмэлт гэж юу вэ. Үүнийг ямар зорилгоор хүнсний бүтээгдэхүүнд ашигладаг вэ ?
Бие дааж хүнсний бүтээгдэхүүн болдоггүй, зөвхөн технологийн зорилгоор ашигладаг хими болон байгалийн гаралтай нэгдлийг хүнсний нэмэлт гэнэ. Үүнийг технологийн ажиллагааг хялбаржуулах, богиносгох бүтээгдэхүүний амт, өнгийг өөрчлөх, эсвэл бие бүтцийг сайжруулахаас гадна хадгалах хугацааг уртасгах зорилгоор ашигладаг.
Харин хүнсний нэмэлтэнд бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг сайжруулах, эмчилгээ сувиллын зорилгоор ашиглаж байгаа биологийн идэвхит нэмэлтүүд хамаарахгүй. Үүнд амин дэм, эрдсээр баяжуулсан бүтээгдэхүүн хамаарна.
-Хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүнийг ахуй хэрэглээндээ хэрэглэхэд эрүүл мэндэд сөрөг нөлөө хэр зэрэг үзүүлэх вэ ?
Нэмэлттэй бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь тодорхой хугацааны турш хэрэглэсний дараа илэрдэг. Жишээлбэл шинэ хүнсний нэмэлт гаргаж ирэхэд шууд хүнд турших боломжгүй. Мэдээж амьтанд туршихад сайн гэж гардаг.
Гэтэл хүн, амьтан хоёрын бие организм тэс өөр. Тийм учраас анх гаргахдаа тухайн үр дүнгээр нь нэвтрүүлчихдэг. Харин сөрөг нөлөө нь удаан хугацааны дараа илэрдэг. Гэхдээ ингэх нэг том шалтгаан хэрэглэгчдийн хэрэглээний асуудал.
Хийжүүлсэн ундааг өдөр бүр хэвийн хэмжээнээс хэтрүүлэн удаан хугацааны турш хэрэглэвэл мэдээж эрүүл мэндэд муу нөлөө үзүүлнэ. Тэгсэн хэрнээ ундаа хүнсний нэмэлттэй хүний биед муу гэвэл дэндүү өрөөсгөл. Хэрэглээгээ хязгаарлаж тохируулвал ямар ч аюултай зүйл байхгүй.
-Хүнсний нэмэлтийн Е код гэж юу вэ. Хэрэглэгчдийн дунд ийм бүтээгдэхүүн муу гэх ойлголт нилээд түгээмэл байгаа ?
Е код нь идэж, хүнсэнд хэрэглэж болно гэсэн англи үгийн товчлол. Өөр нэг утга нь уг кодыг Европын холбооны улсууд гаргасан учраас European Union гэх нэршлийг өгсөн байдаг. Харин Е кодгүй хүнсийг үйлдвэрлэхийг хориглодог. Тиймээс кодтой болгон нь химийн гаралтай, муу бүтээгдэхүүн гэх ойлголтыг өөрчлөх хэрэгтэй.
Манай улс олон улсын САС-ийн стандартыг 2007 онд орчуулж мөрдөхөөр баталгаажуулсан байдаг. Харин түүнээс хойш ямар нэгэн шинэчлэгдсэн зүйл байхгүй учраас өөрчилж дэлхийн улс орнуудын баримталж буй стандартыг дагах нь зайлшгүй хэрэгтэй. Ядаж л ДЭМБ-аас тогтоосон хортой арав гаруй хүнсний нэмэлтүүдийг хориглох арга хэмжээг авч хууль эрх зүйн орчноо сайжруулах нь чухал.
Хэрвээ ингэвэл иргэдийн хувьд өөрсдөө хяналтаа тавиад хэрэглэх боломжтой. Ер нь улс орон бүр хориглосон хүнсний нэмэлт кодтой байдаг. Япон улс гэхэд хэрвээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь зөвхөн тухайн нутаг дэвсгэртээ түгээгдэнэ гэж үзвэл ашиглахыг хориглосон кодуудыг заачихдаг.
Ядаж л ДЭМБ-аас тогтоосон хортой арав гаруй хүнсний нэмэлтүүдийг хориглох арга хэмжээг авч хууль эрх зүйн орчноо сайжруулах нь чухал.
Хэрвээ ингэвэл иргэдийн хувьд өөрсдөө хяналтаа тавиад хэрэглэх боломжтой.
Тийнхүү тухай улсдаа хориглосон кодтой бүтээгдэхүүнийг буурай орнууд руу экспортолдог. Гэтэл хүлээн авагч орны хүнсний хяналтын тухай хууль, журам нь сул учир тэр болгон зөрчил илэрдэггүй. Тиймээс тэдгээр кодуудыг хуулиараа хориглох нь зүйтэй.
-Хүнсний нэмэлтийн Е кодууд хэр шинэчлэгддэг вэ. Монгол улс 2007 оноос хойш шинэчлээгүй гэсэн мэдээлэл байгаа ?
Ер нь жил бүр шинэчлэгддэг. Шалтгаан нь хэрвээ арван жилийн өмнө хэрэглэсэн хүнсний нэмэлт тодорхой хугацаанд хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд түүнийг дахин судлан шинэчилдэг зайлшгүйг шаардлага байдаг. Монгол улсын хувьд MNS CAC-2007 гэсэн стандартаа одоог хүртэл мөрдөж байгаа.
-Хүнс үйлдвэрлэгчдийг хяналтын байгууллагаас Е кодыг бүтээгдэхүүндээ тавь гэдэг. Гэтэл хэрэглэгчдийн хувьд тухайн бүтээгдэхүүн хүний биед муу гэх ойлголттой байдаг. Түүнээс болж нилээд зөрчил үүсч байна ?
Энэ асуудлыг хүнс үйлдвэрлэгч нар хэлдэг. Хяналтын байгууллага зөв мэдээллийг иргэдэд түгээгүйгээс үйлдвэрлэгч нарт хүндрэл гардаг.Шаардлагын дагуу Е кодыг бүтээгдэхүүндээ тавиад зах зээлд нэвтрүүлэхэд борлуулалт нь илт буурдаг.
Гэхдээ зарим үйлдвэрлэгч нар Е кодыг тавилгүй цардуул, будаг гэх мэт шууд үгээр нь тавьчихаар гайгүй борлогддог гэдэг. Тиймээс хэрэглэгчдийг боловсролтой болгох хэрэгтэй.
Тэгснээр буруу төөрөгдлийг нь тайлж аль аль талдаа хүндрэл учруулахгүй болно. Ер нь бол онолоор бүх хүнсний бүтээгдэхүүнийг өдөр болгон, их хэмжээгээр хэрэглэвэл хортой. Хэрвээ хүн гурван килограмм байцааг шууд идвэл аминд хүрэх аюултай бодис агуулагдаж байдаг.
Түүнчлэн хүмүүсийн маш их хэрэглэдэг бохь бол бүхэлдээ хүнсний нэмэлт.
-Монголд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ямар төрөлд хүнсний нэмэлтийг түлхүү ашиглаж байна вэ. Ер нь стандартын дагуу ашиглаж байгаа юу ?
Ундаанд хүнсний нэмэлтийг ихээр ашигладаг. Гурил, гурилан бүтээгдэхүүн тэр дундаа бялуу, даршилсан ногоо, мах махан бүтээгдэхүүнд хиам, сүүн бүтээгдэхүүнд тараг зэрэгт хүнсний нэмэлтийг түлхүү ашиглаж байна. Түүнчлэн хүмүүсийн маш их хэрэглэдэг бохь бол бүхэлдээ хүнсний нэмэлт.
Стандартын хувьд саяхан Хүнсчдийн холбоотой хамтраад үйлдвэрлэгч нар ямар төрлийн бүтээгдэхүүнийг ашигладаг тухай судалгаа явууллаа. Эрдэм шинжилгээний байгууллага, хүнс үйлдвэрлэгч, хүнсний нэмэлтийг импортолдог компаниудын төлөөллийг цуглуулж ажлыг хэсэг гаргаж ажилласан. Энэ удаа гурилан бүтээгдэхүүний салбарыг судалсан.
Судлахдаа үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнд ашигласан хүнсний нэмэлтийг импортлогчдын оруулж ирсэнтэй харьцуулсан. Тэгэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй будагны төрлийн зарим нэмэлтийг ашиглаж байсан.
Гэхдээ тухайн үйлдвэрлэгч нарыг шууд буруутгах аргагүй. Үүнийг хариуцдаг байгууллагаас эдгээр компаниудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтийн талаархи зөв мэдээллийг хүргэж харилцан ажиллах нь нилээд үр дүнд хүрнэ.