Б.Тамжиддорж: Хүнсний бүтээгдэхүүний чанарын мэдээллийг ил болгоно
Чанарын мэдээлэл хөгжлийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамжиддоржтой хүнсний аюулгүй байдал, чанарын талаар ярилцлаа.
-Танай байгууллага хэзээ байгуулагдсан бэ. Ямар зорилготой ТББ вэ?
Манай байгууллага үйл ажиллагаагаа албан бусаар 2006 оноос эхлээд судалгаа, шинжилгээний түвшинд явуулж ирсэн. Харин өнгөрсөн жилээс албан ёсоор тамга тэмдгээ авсан.
Чанарын мэдээлэл хөгжлийн төв маань бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний чанарын мэдээллийг олон нийт, хэрэглэгчдэд ил болгох зорилгоор мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн бүтээгдэхүүний чанарын түвшин хэрэглэгчдийн хувьд үргэлж сайжирч хөгжиж байх ёстой гэсэн үүднээс хөгжлийн төв маань ажиллах болно.
-Бүтээгдэхүүний чанарын мэдээллийг хэрхэн мэдээллэх юм бэ. Сангаа бүрдүүлж эхэлсэн үү?
Хамгийн эхний үйл ажиллагаа бол Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль гарсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд ТББ-ын хувьд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний чанарын мэдээллийн санг бүрдүүлэх, тэрийгээ хэрэглэгчдэд ил тод байдлаар түгээх мэдээллэх ажлуудыг хийж байна. Эхлээд удаагүй ч нэлээд үр дүнтэй байгаа.
Түүнчлэн дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний мэдээллийг гаргаж тавих ёстой. Ингэхдээ монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандартад нийцсэн бүтээгдэхүүний мэдээллийг хүргэх, цаашлаад европын стандартын хүрээнд гаргаж тавих шаардлага тулгарч байгаа.
Мөн импортын бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгчид сайн ойлгодоггүй учир чанарын мэдээллийг нь стандартын дагуу хүргэх шаардлага үүссэн. Тиймээс мэдээллийн хоёр санг бүрдүүлэх ажлыг бид хийнэ.
-Хүнсний бүтээгдэхүүний чанарын мэдээллийг хэрэглэгчдэд ямар сувгаар хүргэх вэ. Үнэн зөв бодитой эсэхэд хэн үнэлэлт дүгнэлт өгнө гэсэн үг үү?
Мэдээллийг цуглуулаад нэг бүрчлэн судлаад, анализ хигээд бид өөрсдөө quality.mn гэсэн сайт дээр байршуулна. Одоогор бид Олон улсын хүнсний кодексийн дагуу вэб сайтын зохион байгуулалтыг хийж байгаа.
Монголд хүнсний аюулгүй байдлыг хангахад нэлээн олон хүчин зүйл нөлөөлдөг учир хүнсний гинжин хэлхээнд оролцогчид бүгд хариуцлагатай байх ёстой. Гэхдээ үүнээс хамгийн чухал нь хэрэглэгчид өөрсдөө мэдлэгтэй байх явдал.
Мэдлэгтэй байсан цагт зөв сонголт хийж, хүнсээ өөрийн хэрэгцээнд тохируулж зөв хэрэглэх соёлд суралцана гэсэн үг. Энэ ч үүднээс бид мэдээллийг ил тод болгохоор зорьж байна. Хоёрдугаарт пестицид, генийн өөрчлөлтэй, нэмэлттэй гэх мэдээллийг ил тод болгох ёстой. Хүнсний генийн өөрчлөлтэй бүтээгдэхүүнийг зарим улс орон хүлээн зөвшөөрч байхад зарим нь хүлээн зөвшөөрдөггүй.
Харин манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийхээ ихэнхи хувийг гаднаас импортоор авч байгаагийн хувьд хянахад их асуудалтай байдаг. Манайх уг нь хуулиараа болохгүй гэсэн байгаа. Гэтэл нөхцөл байдал дээр өөр байгаа учир хамгийн зөв хяналтын арга нь хэрэглэгчиддээ нөлөөлөх явдал.
Мөн мэдээлэлээ сайн аваагүйгээс болж хэрэглэгч үйлдвэрлэгч нарын хооронд үл ойлголцол гардаг бөгөөд үүнийг зохицуулах гүүр байх ёстой гэж үзэж байгаа.
-Одоо ямар хүнсний бүтээгдэхүүний мэдээлэл дээр ажиллаж байна вэ. Хэзээнээс мэдээллүүд тавигдах вэ?
Нэлээн томоохон хэдэн байгууллагууд биднийг дэмжээд хамтарч ажиллаж байгаа. Цаана нь асар олон байгууллага байгаа. Тэд удахгүй зөв гэдгийг ойлгоод дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Цаашдаа ҮХААЯ, Мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчийн төлөө газартай нягт хамтарч ажиллах бодолтой байгаа.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4-т зааснаар тухайн бүтээгдэхүүний хаяг шошгон дээр ямар мэдээлэл тавьсан байх ёстойг заачихсан. Ер нь бол хүнсний чанарын мэдээлэл гэхээр тухайн хүнсний бүтээгдэхүүний шим тэжээллэг чанар, хэрэглэх заалт, элдэв нэмэлт орсох эсэх, хориглох заалтын мэдээлэл зэрэг багтдаг.
Бид сайтаар дамжуулан мэдээлэл өгөхөөс гадна ухаалаг гар утсанд зориулсан QR кодыг уншуулах програмыг суулгана. Тухайн хүнсний бүтээгдэхүүн дээр ч гэсэн чанарын мэдээллийг агуулсан код маань байрлах бөгөөд хэрэглэгч дурын бүтээгдэхүүний кодыг утсан дээрээ уншуулахад бүх мэдээлэл гарч ирнэ гэсэн үг.
-Чанарын мэдээллийн үнэн зөвийг яаж хангах вэ?
Манай байгууллага бол тухайн бүтээгдэхүүнд үнэлгээ өгөхгүй. Тухайн мэдээллийг л гаргана. Гэхдээ мэдээллийг тавихдаа МХГ, Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг эрх бүхий байгууллагауудын тохирлын гэрчилгээ, лабораторийн сорилтын дүн зэрэг бичиг баримтыг үндэслэж, шаардлага хангаж байвал мэдээлийг тавина гэсэн үг.
Хэрвээ шаардлага хангаагүй бол мэдээлэл тавигдахгүй гэсэн үг. Бид хөндлөнгийн эрх бүхий байгууллагуудын хийсэн мэдээллийг үндэслэнэ.
Одоогоор зарим ипортлогчид маань бүтээгдэхүүн дээрээ тодорхой мэдээллийг цаас нааж хүргэж байна. Энэ нь зарим талаар хэрэглэгчид мэдээллийг эрх зүй болоод стандартаар заасан шаардлгын дагуу хүргэж чадахгүй байна. Үүнийг өөрчилж стандартад нийцүүлэх хэрэгтэй.
-Одоогийн байдлаар хичнээн бүтээгдэхүүний мэдээлэл цуглуулсан бэ?
Одоогоор хэд хэдэн импортлогчийн мэдээлэл дээр ажиллаж байна. Нэг импортлогч гэхэд 100 гаруй бүтээгдэхүүнтэй байгаа.