“Давс ихтэй хүнсний үйлдвэрлэлийг бууруулах тухай семинар боллоо
Монголын Хүнсчдийн холбоо
2014.10.17

“Давс ихтэй хүнсний үйлдвэрлэлийг бууруулах тухай семинар боллоо

НЭМҮТ-ийн Хоол судлалын сектор энэ сарын 15-ны өдөр  ҮХААЯ-ны  Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Давс ихтэй хүнсний  үйлдвэрлэл, хэрэглээг бууруулахад хүнс, хоол үйлдвэрлэгчдийн оролцоо, дэмжлэг” семинарыг ҮХААЯ дээр зохион байгууллаа.

Семинарт хүнс болон нийтийн хоол үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл 25 хүн оролцсон. Мөн  ҮХААЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, ХААУ-ны доктор Л.Чой-Иш, НЭМҮТ-ийн ХБӨ-ний зөвлөх АУ-ны доктор Г.Цэцэгдарьнар урилгаар оролцсон. Семинарыг нээж НЭМҮТ-ийн дэд захирал, АУ-ны доктор Д.Отгонжаргал, НЭМҮТ-ийн Хоол судлалын секторын эрхлэгч АУ-ны доктор Ж.Батжаргал  үг хэлсэн. 

Семинарт “Давсны хэрэглээг хэмжих, тооцох арга” сэдвээр ДЭМБ-ын мэргэжилтэн, АУ-ны доктор Б.Цогзолмаа, “Монголчуудын давсны хэрэглээ”, “Чимх давс туршилтат төсөл, үр дүн” сэдвээр НЭМҮТ-ийн Хоол судлалын секторын ажилтан Б.Энхтунгалаг нар мэдээлэл хийж, “Давсны хэрэглэг бууруулах үндэсний стратегийн төслийн зорилго, зорилт”-ыг НЭМҮТ-ийн Хоол судлалын секторын эрхлэгч АУ-ны доктор Ж.Батжаргал танилцуулсан.

Семинарт оролцогчид давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг  хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүн, шалгуур үзүүлэлтийг боловсруулахад  3  бүлгээр ажилласан байна.

 Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хоол, хүнсний давсны агууламжийг 40%-иар бууруулах боломжтой

ҮХААЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, ХААУ-ны доктор Л.Чой-Иш семинарыг хааж хэлсэн үгэндээ “Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д хүн амын эрүүл зохистой хооллолтыг дэмжих асуудал тусгагдаж байгаа бөгөөд давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги нь дээрх бодлогын хүрээнд боловсруулах эрх зүйн актуудын нэг хэсэг болж тусгагдах болно.

Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг  цаашид засгийн газраар батлуулах, улмаар давс ихтэй хоол, хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг бууруулахад ҮХААЯ бүхий л талаар дэмжин ажиллах болно гэж цохон тэмдэглэсэн. 

Үр дүн:

1.    Семинарт оролцогчид давсны хэрэглээг бууруулах асуудлаар олон улс болон үндэсний түвшинд баримталж буй бодлого, давсны зохистой хэрэглээ, монголчуудын давсны хэрэглээ, давсны хэрэглээг бууруулахын ач холбогдлын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болсон. 

2.    Хүнс, хоол үйлдвэрлэгчид 2025 он хүртэл үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хоол, хүнсний давсны агууламжийг 40%-иар бууруулах боломжтой, энэ талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.

3.    “Мөнхийн болор” ХХК зарим нэрийн хиаман бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах туршилтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлэх   санаачлага гаргасан.

4.    Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийн төсөлд хүнс, хоол үйлдвэрлэгчдийн санал, зөвлөмж тусгагдсанаараа энэ өдрийн семинар ихээхэн үр дүнтэй болж өнгөрлөө.