Т.Төмөрбаатар: Импортын бүтээгдэхүүн дотоодын бүтээгдэхүүнээс илүү эрсдэлтэй
МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатартай ярилцлаа.
- Худалдааны хууль гарвал мэргэжлийн хяналтынхны ажилд ямар өөрчлөлт гарах вэ?
Гадаад худалдааны асуудлууд тодорхой болно. Тухайлбал мэргэжлийн хяналтын байгууллагуудын мөрддөг Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай зэрэг хуулинд гадаад худалдаа эрхлэхэд тавигддаг шаардлагуудыг өрөөсгөл тусгасан байдаг. Харин Худалдааны хууль гарвал гадаад худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн үүрэг, хариуцлага тодорхой, ойлгомжтой болно. Ялангуяа тээвэрлэлтийн нөхцөл, хадгалалтын горимын асуудал нэг тийш болох ёстой.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хуулийн төслийн ажлын хэсгүүдэд өөрсдийн саналыг хүргүүлсэн. Тэр дундаас гадагш гаргах амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээ олгоход тавигдах шаардлага, мөн гаднаас орж ирэх энэ төрлийн бүтээгдэхүүнд импортын мэдэгдэл олгоход тавигдах шаардлагуудыг хуулинд тусгуулсан. Мөн гадаад худалдаатай холбоотой конвенциудын агуулгыг тусгаж өгөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
- Жижиглэнгийн худалдаа чанар стандартын эрсдэлтэй байдаг. Энэ байдлыг засах боломж бий юу?
Хэрэв жижиглэнгийн худалдааныхан бүх стандартыг мөрдөх хэрэгтэй гээд заачихвал амьдралд нийцэхгүй тал байна. Яагаад гэвэл нэг талаас жижиглэнгийн худалдаа иргэдийн амьжиргаанд их нөлөөлдөг. Нөгөө талаас худалдаа эрхэлж буй хүн ажлын байрны нөхцлийг сайжруулах шаардлагатай байдаг. Харин бөөний худалдааны хувьд дэлхийн стантартуудыг мөрдөх л хэрэгтэй.
- Худалдааны салбар бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангүй. Үүнээс болж мэргэжлийн хяналт, шалгалт хийхэд ямар хүндрэлүүд гардаг вэ?
Хүнстэй холбоотой хуулиудыг хэрэгжүүлэх хүрээнд хүнс экспортолдог, импортолдог, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн бүртгэл, мэдээлэл манайд байдаг. Гэтэл худалдаа, үйлчилгээ эрхэлдэг бусад байгууллагын мэдээлэл байдаггүй учраас хариуцлага тооцоход хүндрэл үүсдэг. Худалдааны хуулинд нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай байхаар заасан байна лээ. Хэрэв хууль батлагдвал асуудал нэг тийш болох байх.
- Гадныхан манайд бизнес хийгээд чанар, стандартын алдаа гаргахад эргээд хариуцлага тооцох механизм байдаггүй. Энэ чиглэлээр мэргэжлийн хяналтынхан ямар ажлууд хэрэгжүүлдэг вэ?
Хилийн мэргэжлийн хяналтын газар үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Импорт, экспортын бараан дээр хорио цээр, аюулгүй байдлын шаардлага хангуулах зорилготой. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн улсын хилээр давах ёсгүй.
- Хүнсний бүтээгдэхүүнд зориулсан тусгай вагон, онгоц манайд байдаггүй. Ийм нөхцөлд аюулгүй байдлын дэлхийн стандартыг хангаж чадах уу?
Ер нь хадгалалтын тусгай нөхцөл шаарддаг зориулалтын тээврийн асуудал хүнд. Зарим аж ахуй нэгжүүд өөрсдөө хөрөнгө зарж оруулж ирдэг. Гэхдээ төмс, хүнсний ногооноос авахуулаад хадгалалтын горимыг барьж чаддаггүй. Судалгаанаас харахад хүнсний бүтээгдэхүүний зөвхөн 50 хувийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг.
Цаашдаа импортын бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглэх бодлого барих хэрэгтэй.
- Импортын бараа, бүтээгдэхүүн голдуу ямар эрсдэл дагуулдаг вэ?
Аюулгүй байдал, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, гадаад худалдааны алдагдлыг бууруулах талаас нь авч үзвэл цаашдаа импортын бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглэх бодлого барих хэрэгтэй. Яагаад гэвэл импортын бүтээгдэхүүн дотоодын бүтээгдэхүүнээс илүү эрсдэлтэй. Холоос тээвэрлэдэг, хугацаа нь дуусдаг. Зарим үйлдвэрлэгч орнууд шошгон дээрх хугацааг санаатай буруу тавих тохиолдол ч байдаг. Ялангуяа чихэр, шокалад зэрэг нь илчлэг багатай, байгалийн бус гаралтай, орлуулагч бодисыг ихээр агуулдаг. Тиймээс дотооддоо үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Мах, зэрлэг жимс гээд манайд нөөц багагүй бий.