Валютын ханшийн өсөлтөөс болж аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлөхөд эрсдэл үүсч байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн. Гэхдээ Монголбанкныхан ам.долларын ханш өссөн нь эдийн засгийн нөхцөл байдал хүндрэхэд шууд нөлөөлсөн гэж үзэхгүй байгаа шүү дээ?
-Монгол Улсын өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг авч үзэхэд эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд унасан байгаа. Өнгөрсөн онд ДНБ 18.5 хувиар өснө гэж төлөвлөж байсан. Гүйцэтгэлээр 11.5 хувьтай гарсан. УИХ-аар 2013 оны мөнгөний бодлогыг батлах үед Төвбанк оны төгсгөлд инфляци найман хувьтай байна гэсэн. Инфляци бол гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт гэсэн үг. Гэтэл гүйцэтгэлээр инфляци 12.5 хувьтай гарсан.
Мөн манай улсын зээлжих зэрэглэл буурч -В рүү орсон. Гадаад худалдааны алдагдал ихэссэнээр худалдаа агшсан, өрийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ нэмэгдсэн гээд тоочвол эдийн засагт асах ёстой бүх “гал” ассан. Ийм байхад ам.доллар 1795 төгрөгтэй тэнцэж байгаа нь эрсдэлтэй шүү дээ. Монгол Улс бүхий л хэрэгцээтэй зүйлээ импортоор авдаг. Тиймээс энэ асуудалд Засгийн газар, УИХ анхаарал хандуулахгүй байж болохгүй.
-Төсөвт валютын ханшийг 1384 төгрөг байхаар тооцсон. Гэтэл үүнийгээ барьж чадахгүй өсгөчихөөд байгаа нь эдийн засгийг улам доройтуулна гэсэн үг үү?
-Ам.долларын ханш 1794 төгрөгтэй тэнцсэнээр 2012 онтой харьцуулахад Монгол Улсын өрийн хүүгийн хэмжээ 35 хувиар нэмэгдсэн.
Гадаадаас авсан зээлийн хүүд жил бүр 150-180 тэрбум төгрөг төлж байгаа. Валютын ханш өссөнөөс болж зээлийн хүүгийн хэмжээ 35 хувиар нэмэгдсэн гэсэн үг.
УИХ-аас 2014 оны төсвийн хуулийг хэлэлцэх хүрээнд хөрөнгө оруулалтыг нэг их наяд төгрөгөөр төсөвлөсөн. Төсөв батлуулахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж байсан ч 1794 төгрөгт хүрчихлээ. Ингэснээр нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын өртөг нэмэгдэх зайлшгүй эрсдэл үүсээд байна.
Тодруулбал, аж ахуйн нэгжүүд тендерт оролцох сонирхолгүй болно. Валютын ханш 1794 төгрөгтэй тэнцэж байхад 1384 төгрөгөөр тооцуулж ажил хийх компани олдохгүй.
-Валютын ханш өссөнөөр банкнаас ам.долларын зээл авсан хувийн хэвшлийнхэн олноороо үүдээ барьж, дампуурч байна. Нэгэнт эдийн засагт дүн шинжилгээ хийсэн хүмүүс аж ахуйн нэгжүүдийн зээлийн хэмжээг тооцоолж үзсэн үү?
-Аж ахуйн нэгжүүдийн авсан зээл зургаан их наяд орчим төгрөгт хүрсэн. Хоёр тэрбум орчим нь ам.долларын зээл. Тэгэхээр ханшийн өсөлтөөс болоод аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлөхөд эрсдэл хүлээх болчихоод байна.
-Уг нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны татварыг бууруулсан. Ингэснээр валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжино хэмээж байсан. Гэтэл сахил хүртээд шал дордов гээч боллоо. Цаашид ямар арга хэмжээ авбал валютын ханшийг бууруулах бол?
Экспортолж байгаа нэг тонн нүүрсний 30-40 хувийг тээврийн зардал эзэлж байна шүү дээ.
-Валютын нөөц бүрдүүлдэг дөрвөн эх үүсвэр бий. Нэгдүгээрт экспортыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, гуравдугаарт зээл тусламж авах, дөрөвдүгээрт алт тушаалтыг нэмэгдүүлэх. Гэхдээ өнөөдөр экспортыг дэмжих бодлого тодорхой бус байна. Оюутолгой, Таван толгойгоо хөдөлгөж чадсангүй.
С.Батболдын Засгийн газрын үед Таван толгойн ордоос олборлосон нүүрсээ Хятадын “Чалко” компанид нэг тонныг нь 70 ам.доллараар нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэтэл түүнийг нь Ч.Сайханбилэг сайд “Шанаандаа буу тулгуулж байгаад байгуулсан гэрээ” гэж шүүмжилж байсан. Тэгтэл өнөөдөр өөрсдөө нэг тонн нүүрсийг 40 ам.доллараар нийлүүлж байна.
Мөн экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс маань дэлхийн зах зээлд буюу Австрали, Индонезийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадваргүй болсон. Экспортолж байгаа нэг тонн нүүрсний 30-40 хувийг тээврийн зардал эзэлж байна шүү дээ. Ийм өндөр өртөгтэй зардлаар нүүрсээ тээвэрлэх боломжгүй, өрсөлдөх чадвартай болгохын тулд тээвэр ложистикийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой.
Гэтэл Засгийн газар өнөөдрийг хүртэл төмөр замын царигийн асуудлыг УИХ-д оруулж ирсэнгүй. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байсан төмөр замыг төрд хурааж аваад ажил нь үргэлжилж байгаа эсэх нь тодорхойгүй болгосон.
Түүнчлэн УИХ-аас долоон сарын өмнө гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан байтал уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн Засгийн газрын хуралдаанаар баталж байх жишээтэй. Засгийн газар маш удаан ажиллаж байна.
Валютын эх үүсвэрийг бүрдүүлэх ёстой гадаадын хөрөнгө оруулалтыг татах хуулийн хэрэгжилт дээр ингэж цаг алдаж болохгүй. Бүхэл бүтэн долоон сар өнгөрчихөөд байхад. Уг нь УИХ эдийн засгийг сэргээхтэй холбоотой авах ёстой арга хэмжээнүүдээ авч хуулиудыг баталж өгсөн. Тиймээс Засгийн газар дээр дурьдсан ажлуудыг бодитой болгох ёстой.
-МАН-ынхан сөрөг хүчний өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй байна гэх зэргээр гомдоллож байсан. Гэхдээ хариу авах мэт байдлаар багагүй цаг алдсан байх аа?
-УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөл бүрт тээг тавьсан гэвэл дэгсдүүлсэн хэрэг болно. Эдийн засагт голлох нөлөө үзүүлэх татварын хууль, жишээ нь алтны татварын хувь хэмжээг бууруулах асуудлыг ул суурьтай судлах, нарийн тооцоолох цаг авсан судалгаа шаардсан ажлууд байсан.
Валютын ханш 1794 төгрөгтэй тэнцэж байхад 1384 төгрөгөөр тооцуулж ажил хийх компани олдохгүй.
Тиймээс завсарлага авч нягтлахаас өөр арга байгаагүй. Үүнийг зөвөөр ойлгож, ялгаж, салгах хэрэгтэй.
Өнгөрсөн онд УИХ-ын даргын захирамжаар эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдсаныг санаж байгаа байх. Ажлын хэсэгт бүх яамны сайд, дэд сайдууд багтаж ажилласан. Гаргасан дүгнэлтийнх нь хүрээнд эдийн засагт үүссэн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлыг нь тодорхойлсон. Ингээд хууль эрх зүйн хүрээнд энэ хуулиудаа шинэчилье, УИХ ийм арга хэмжээ авъя, Засгийн газар ийм ажил хийх ёстой юм байна гэдэг маш тодорхой даалгавар өгөгдсөн. Харамсалтай нь, УИХ-аас өгсөн даалгаврыг Засгийн газар хэрэгжүүлээгүй.
Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын нэр бүхий гишүүд эдийн засгийг идэвхжүүлэх, валютын ханшийг тогтворжуулах хуулийн төслийг санаачлан санал авахаар Засгийн газарт мэдүүлсэн ч УИХ-д буцааж бариагүй.
Тэгэхээр чухам юун дээр анхаарлаа хандуулах ёстой вэ гэдэг зарчим алдагдаад байна. Уг нь ач холбогдлоор нь эрэмбэлэх юм бол Засгийн газар нэн тэргүүнд эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэх, валютын ханшаа тогтворжуулах ажлыг хийх ёстой. Гэтэл аахар шаахар зүйлээр оролдоод эдийн засгийн гол үзүүлэлтийг муутгаад байна.
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монголбанкин дээр ажилласан. Дүгнэлт нь хэрхэн гарсан бол?
-УИХ-аас 2014 оны мөнгөний бодлогыг батлахад дагаж мөрдөх тодорхой тогтоол гарсан. Түүнд Монголбанк, Засгийн газар хоёрын хэрэгжүүлж байгаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” дээр хяналт тавьж, тодорхой үр дүн тооцоё гэсэн.
Өнгөрсөн онд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд шатахуун, гурил, мах, барилгын үнийг тогтворжуулахад зориулж гурван их наяд төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Маш өндөр өртөгтэй хөтөлбөр учраас аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл эргэн төлөгдөх ёстой. Түүгээр дараагийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэх хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, аль салбарт зарцуулсан зээл үр дүнгээ өгөв гэх зэргээр хугацаатай үүрэг өгсөн.
Гэтэл Засгийн газар УИХ-д тайлангаа тавиагүй. Уг нь УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Засгийн газар тайлагнах үүрэгтэй байсан.