Д.Адъяасүрэн: Гадаад худалдааг нэмэгдүүлье гэвэл дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг соргог мэдрэх хэрэгтэй
МҮХАҮТ-ын Экспортыг Дэмжин Хөгжүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Д. Адъяасүрэн
2014.04.28

Д.Адъяасүрэн: Гадаад худалдааг нэмэгдүүлье гэвэл дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг соргог мэдрэх хэрэгтэй

МҮХАҮТ-ын Экспортыг Дэмжин Хөгжүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Д. Адъяасүрэнтэй ярилцлаа.

- Худалдааны хуулийн түүхээс яривал ?

Худалдааны хууль 2010 оноос эхэлж боловсруулагдсан ч Засгийн Газарт өргөн баригдаагүй. Ингэхдээ хоёр ажлын хэсэгт хуваагдаж Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам нь дотоод худалдааг, ГХЯ гадаад худалдааг хариуцан ажиллаж байсан. 2012 онд ГХЯаман дээр Монгол Улсын худалдааны бодлогыг анх удаа боловсруулсан. Тэр үед бүх салбарын төлөөллүүд оролцсон. Саяхан Я.Содбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүдийн, Эдийн Засгийн Хөгжлийн Яамны боловсруулсан хуулиуд өмнөх хуулийн төслийг товчилсон, багасгасан шинжтэй болсон байна. Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын хувьд хоорондоо төстэй уг хоёр хуулийн төсөлүүдийн хоёулан дээр нь ажиллаж байгаа.

- Яагаад худалдааны хууль өдий болтол батлагдаагүй юм бол?

Салбар болгон өөр өөрийн хууль дүрмээр үйл ажиллагаагаа явуулахыг хүсдэг. Харин Худалдааны хууль бол салбар болгон дахь худалдааны үйл ажиллагааг зохицуулах малгай хууль болно. Тэгэхээр уг хуулийг эсэргүүцэж байгаа хүн ч бий. Гэхдээ олонхи нь хуулийг хурдан гараасай гэж хүлээж байгаа.

Худалдааны асуудлыг хариуцаж байсан байгууллагууд

Худалдааны хуулиар нэн түрүүнд нэг мөр болгох асуудал бол нэр томъёо, түүний ангилал. Худалдагч гэж хэн, худалдаа эрхлэгч хэн болох, худалдааны бараа, арилжааны бараа, ядахдаа худалдаа гэж юу юм гэдэг талаар ч нэр томьёо алга байна. Худалдааны нэр томъёог өдий болтол ямар ч хуулинд тодорхойлогдоогүй. Боомтын тухай хуулинд зарим худалдааг хөнгөвчлөх арга хэрэгслүүдийн нэр томьёог туссаныг эс тооцвол.  Хуулийн төсөлд угтвар худалдаа гэж юу болохыг зааж өгөөгүй байна лээ. Реэкспорт гэсэн мөртлөө реимпортын тухай дурьдаагүй г.м.

Хоёрдугаарт: Монгол Улсад худалдааны харилцааг нэгдсэн малгай хуулиар зохицуулах цаг болсон. Адаглаад худалдаанд ямар объект, ямар субъект, ямар арга хэрэгсэл байх ёстойг заагаад өгчих хэрэгтэй.

- Худалдааны хуулинд бүх талын ашиг сонирхлыг тэгш тусгаж чадсан уу?

Мэдээж салбар болгоны үгийг сонсох хэрэгтэй. Тиймээс Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хуулийн төслийн хоёр хувилбар дээр бизнес эрхлэгчдийн санал авах ажлыг хийж байна. Яамных, гишүүдийнх гэж ялгалгүй ажлын хэсгүүд маань нэгдээд дундаасаа нэг чамбай хууль гаргачих боломж байна. Түүнээс гадна өмнө нь Гадаад худалдааны бодлогыг боловсруулахад оролцож байсан хүмүүс аль аль талтай нь ажиллахад бэлэн байгаа шүү дээ. Миний бодлоор уг хуулийг батлахаас өмнө хэвлэл, мэдээллийн сувгуудыг ашиглаж маш сайн хэлэлцүүлэг хийх хэрэгтэй.

Хуулийн төсөлд “Хил орчмын худалдааг тухайн хил бүс нутагт амьдардаг, үйл ажиллагаа явуулдаг хүн хийнэ” гэж заасан нь буруу. Яагаад гэвэл Нарантуул, Хархорин зэрэг олон захын худалдаачид хил орчмын худалдаа хийдэг л байхгүй юу. Тэд хил орчмын худалдаа хийхийн тулд хилийн ойр амьдарч, тэндээ бүртгүүлнэ гэж байхгүй шүү дээ.

Яг одоо бид хуулийн хоёр төслийг харьцуулаад, дээр нь 2010 онд манай танхимаас оруулж байсан бүлэг саналыг дахин боловсруулах шатанд ажиллаж байна.

- Худалдааны хуулиудыг даган гарч ирэх хуулиудын талаар ярихгүй юу?

Эхлээд Худалдааны зохицуулалт болон Худалдааны хамгаалалтын арга хэрэгслийн тухай хууль гарах ёстой. Дээрээс нь нэлээн олон хуулинд нэмэлт, өөрчлөлт орно. Тухайлбал Гаалийн тухай хууль, Гаалийн татвар, тарифын тухай хууль. Манайх одоо болтол ердийн тарифыг ашиглаж байна. Дэлхийн Худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд ялгавартай татварыг хэрэглэж байж гадаад худалдааны алдагдлаа багасгах нэг боломжийг хэрэгжүүлж чадна.

- Худалдааны хууль гарвал гадаад худалдаанд ямар өөрчлөлт гарах вэ?

Юуны түрүүнд хоёр хөрштэйгээ хийсэн худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэх шаардлагатай болно. Тээврийн хэлэлцээрээс эхлээд үеэ өнгөрөөсөн олон хэлэлцээр байна. Хуучин хэлэлцээрт баригдаад тээврийн салбар хөгжихгүй байгаа ч юм билүү, Тийм ээ.

Монголд хятад хүн наймаа хийх, монгол  хүн Хятадад наймаа хийхийн хооронд асар том ялгаа бий.
- Хуулинд дистрибьютерын асуудлыг хэрхэн зохицуулсан нь дээр вэ?

Тусдаа хууль байх хэрэгтэй. Харин ерөнхий хуулиндаа “дистрибьютер” гэж юу болох, мөн дистрибьютерын харилцааг бусад холбогдох хууль, дүрмээр зохицуулна гээд цөөн үгээр заачихаж болно. Гэхдээ нэг хуулийг дагаад нэлээн хэдэн хууль гаргах нь тийм ч оновчтой биш. Харин нэг сайн чамбай хууль гаргаад түүн дотроо дистрибьютерын асуудлыг худалдаа хамгаалалтын арга хэрэгслээр зохицуулж болно. Ингэхдээ олон улсад хэрэглэдэг зарчмуудыг тусгаж, төрийн оролцоог багасгах л хэрэгтэй.

Бөөний болон жижиглэнгийн худалдааны тухайд гэвэл зарах барааны тоогоор нь бус худалдаа хийх хэрэгцээ, стандартаар нь ялгах хэрэгтэй. Бөөний худалдаа бол тусгай хадгалах агуулахтай, хотын төвөөс зайдуу байна. Харин жижиглэнгийн худалдааны гол үүрэг бол зургаан ширхэг лаазалсан ногоо авахын тулд хол газар явахгүй байх тэр л хэрэгцээг хангах ёстой.  

- Ямар бодлого хэрэгжүүлвэл гадаад худалдаа нэмэгдэх вэ?

Дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг мэдэрч ажиллах хэрэгтэй. Зөвхөн нүүрсийг аваад үзэхэд таван жилийн өмнө Хятад улс эдийн засгаа хөгжүүлэх бүсчилсэн хөтөлбөрүүдийг гаргасан. Эхний ээлжинд Монголд ойрхон бүсүүдийг хөгжүүлэх шаардлагатай байсан учраас Монголын нүүрс  хоёр жилийн өмнө хэрэгтэй болсон. Гэтэл сүүлийн хоёр жил Хятад Киргизстанаас төмөр замаар нүүрсээ аваад эхэлсэн нь тэр улсын эдийн засгийн бодлоготой шууд холбоотой. Түүнээс биш манай нүүрсний өрсөлдөх чадвар буурсан юм биш гэж нэг талаас нь үзэж байна.  Ийм зүйл болно гэдгийг аль эрт харах ёстой байсан юм.

Өнөөгийн худалдааны салбарын эрх зүйн орчин

Өөрөөр хэлбэл хаана, хэнд, манай улсын ямар нөөц хэрэг болох вэ гэдгийг соргог мэдрэх хэрэгтэй. Тухайлбал ойрын хоёр жилд ОХУлс нь Дорнод Сибирьт эдийн засгийн том өсөлт бий болох хандлагатай, ОХУ-ын эдийн засгийн чуулга уулзалтын бичиг баримтуудад тусгагдсан байгаа. Тэгэхээр үүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хятад улсын хувьд одоо агаарын бохирдлоос болоод байгалийн хийг түлхүү ашиглана гээд хөтөлбөртөө заагаад өгчихсөн байхад, хэдийгээр Хятадад нүүрсний хэрэгцээ байгаа ч гэсэн  “манай нүүрсийг аваач” гэх нь утгагүй биз дээ.

- Манай улсын дотоод зах зээл хамгаалах тогтолцоог хоёр хөршийнхтэй харьцуулвал?

Манайх худалдааны хуульгүй улсуудын нэг нь. Гэхдээ хүнсний тухай багц хуулиас эхлээд худалдаанд хэрэглэдэгдэж байгаа хамгаалалтын олон арга хэрэгсэл бий. Нөгөө талаас ОХУ-ыг аваад үзэхэд Холбооны Худалдааны тухай хууль нь дотоодын зах зээлээ хамгаалахад чиглэсэн. Дотоодын хэрэгцээ, шаардлагаа харгалзаж жил бүр импортын барааны гаалийн татвар, тарифаа өөрчилдөг. Энэ онд Оросод зарим ногооны ургац алдагдсан учир хүнсний ногооны тарифаа 15-аас 10 болгосон байх жишээтэй. Гэтэл манайх  барааны муу сайныг үл харгалзсан ганцхан таван хувийн татвартай.  Хятад улсын хувьд экспортоо дэмждэг гадаад худалдааны хуультай. Тэгэхээр үйлдвэрлэгчид аль улсад юу хэрэгтэйг тооцоолж аль болох гадагшаа чиглэсэн үйлдвэрлэл, худалдаагаа эрхэлдэг. Түүнээс гадна бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг. Эрээн хот бидний нүдэн дээр хөгжөөд байгаагийн учир нь энэ.

Манай хуулиудад худалдаа эрхлэх хамгаалалтын хэрэгсэл маш сул, замбараагүй. Монголд хятад хүн наймаа хийх, монгол  хүн Хятадад наймаа хийхийн хооронд асар том ялгаа бий. Хятадын иргэн манайд ирээд бизнес эрхлэхэд төвөггүй. Харин Монголын иргэн Хятадад гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэхэд заавал экспорт, импортын зөвшөөрөл авна. Оросод ч ялгаагүй. Наад зах нь бүртгэл, мэдээллийн сүлжээтэй. ОХУ-ын хаана ч байсан, гадаад худалдааны үйл ажиллагааны чиний мэдээллийг гаргаад л ирнэ. Ийм системийг, тухайлбал Цахим нэг цонхны системийг уг хуулинд сайн суулгаж өгөх хэрэгтэй.

- Дурын гадаад орж ирээд бизнес хийдэг, алдаа гаргасан ч хариуцлага хүлээдэггүй байдлыг яаж зогсоох вэ?

Бүх юмыг бүртгэлтэй болгох хэрэгтэй. Сайн бүртгэлтэй байснаар хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Бүртгэл хийхдээ бүх шаардлагуудыг нь тавьж, шаардлагуудаа таниулах ёстой. Төр үйл ажиллагаанд нь хутгалдалгүй, зөвхөн хариуцлагыг тооцоод явахад хангалттай. Төрийн нэрийг барьж төрийн өмчийн компани байгуулж хувийн бизнес хийдэг явдал ч арилна. Ерөөсөө бүртгэл байхгүй учраас далд эдийн засаг цэцэглээд боломж байгаад байна.