Б.Батбаатар: Заавал монголын банкаар төлбөр тооцоо хийсний дараа хилээр барааг гаргадаг болно
Эдийн засаг хөгжлийн яамны ЭЗХамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Батбаатар
2014.03.18

Б.Батбаатар: Заавал монголын банкаар төлбөр тооцоо хийсний дараа хилээр барааг гаргадаг болно

Эдийн засаг хөгжлийн яамны ЭЗХамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Батбаатартай ярилцлаа.

-Худалдааны салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?

2013 оны байдлаар манай улс 135 улстай худалдаа хийсэн. Худалдааны нийт эргэлтийн хэмжээ 10,62 тэрбум долларт хүрээд байна. Худалдааны салбарын хувьд ДНБ-ий 10 гаруй хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 20 гаруй мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Худалдааны салбар хөдөлмөрийн багтаамжаараа хөдөө аж ахуйн дараа орно.  

-Худалдааны хуулийн санаачилга их гардаг ч бодлогын түвшинд очоод зогсдог. Хуульгүйгээс болж ямар асуудал тулгамдаж байна вэ?

Энэ салбарт тулгамдсан асуудлыг хэлвэл нэгдүгээрт гадаад худалдааны

Эх сурвалж: Монголын экспортлогчдын холбоо

алдагдал ихтэй явж ирсэн.  2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2 тэрбум долларын алдагдалтай байна.

Учир манай улс цөөхөн түүхий эдийн зах зээлээс хамаарч ирсэн. Нийт экспортын 89 хувийг зөвхөн уул уурхай, эрдэс түүхий эдээс хамаарч байна. Импортын хувьд хоёр хөршөөс хамааралтай. Энэ нь эдийн засгийн эмзэг байдлыг бий болгож байна.

Бас нэг тулгамдаж буй асуудал нь салбарын хүний нөөцийн бодлого алдагдсан гэж дүгнэж байгаа.  2011 оны судалгаагаар худалдааны чиглэлэр мэргэжилтэн бэлтгэдэг 17 сургууль байгаа ч дотоод худалдаагаар 70 хувь нь бэлтгэж байна. МСҮТ жилдээ 120-130 хүн төгсгөж байгаа ч салбарын хувьд 130 мянган хүн ажилладаг томоохон салбар учир хомсдолтой байдаг. Түүвэр судалгаагаар худалдагчдын мэргэшсэн байдлыг үзвэл 54,5 хувь л мэргэшсэн. Ихэнхи нь түр сургалтын төвөөр дамжин суралцдаг байгаа юм.  Түүнээс гадна худалдааны төрийн институт бэхжээгүй.

-Танайхаас боловсруулсан хуулийн төсөлд ямар гол зүйлүүд тусгагдсан бэ. Ямар асуудлыг шийднэ гэж бодож байна?

1990 оноос өмнө эдийн засгийн гадаад харилцаа бол социалист системийн хүрээнд явагдаж байсан. Нэг ижил түвшний хатуу үнийн системтэй. 1990 оноос хойш худалдаа, эдийн засгийн харилцаа либеральчлагдсан. Хамгийн эхэнд худалдааны салбар бол хувьчлалд орсноос хойш төрийн зохицуулалт салбар дундын зохицуулалтаар явж байна.

Үүнд төрөөс баримтлах худалдааны бодлогын баримт бичиг байхгүй байдал нөлөөлж байна. Худалдаа маань тусгайлсан баримт бичиггүй. Худалдааны хууль олон жил яригдсан ч тусгайлсан суурь хуульгүй. Бусад 50 гаруй хуулиар зохицуулагдаж байна.

-Хуулийн төслийн талаар бидэнд мэдээлэл өгөөч?

Төр талаас зохицуулалтгүй худалдааг яаж зохицуулах вэ, яаж дэмжих вэ, яаж хөнгөвчлөх вэ гэдэг талаас нь хуулийн төслийг харсан. Худалдаа эрхлэгчдийн хувьд худалдааг хэн эрхлэх вэ, ямар шаардлага тавигдах вэ, үүрэг хүлээх вэ гэдэг талаас харсан.

Шинээр  худалдааны сүлжээний асуудлыг оруулж ирсэн.

Худалдааны ижил технологитой байя гэсэн санааг оруулж ирсэн. Аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбож байгаатай холбогдуулан үндэсний худалдааны сүлжээ статусыг бий болгоно.

-1990 оноос хойш манай эдийн засаг худалдаачдын нуруун дээр явж ирсэн гэдгийг олон хүн мэднэ. Тэдний хувьд ямар байдлаар ажиллах вэ?

Худалдаа эрхлэх нь чөлөөтэй боловч, нөгөөтэйгүүр хэрэглэгч талаас харвал худалдаа эрхлэгчийг үүрэгжүүлж байгаа. Гарал үүсэл нь  тодорхой, зураасан кодтой, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг худалдаалах шаардлагыг хатуу тавина. Мөн хуулийн төсөлд ТББ-уудын эрх их нэмэгдэж байгаа.

Түүнээс гадна гадаад худалдааг хийхдээ бэлэн бус төлбөр тооцоог дэмжих бөгөөд гол нь монгол улсад бүртгэлтэй банк санхүүгийн байгууллагаар дамжуулах заалтыг оруулж өгсөн. Учир нь ашигт малтмал зэрэг жин дарсан экспортууд их зохицуулалтыг шаардаж байгаа. Тиймээс бид төлбөр тооцоо хийсний дараа хилээр гаргах бодлого барина.  

-Гадаад худалдааг хязгаарлах тохиолдол байгаа юу?

Хоёр тохиолдолд хязгаарлана. Гадаад валютын нөөц хэт өндөр дүнтэй буурсны улмаас учирч болох эдийн засгийн аюулаас сэргийлэх зорилгоор хязгаарлана. Мөн эдийн засгийн аюулгүй байдалд учир ч болох тохиолдолд  буюу гадаад худалдааг үндэсний аюугүй байдал, олон улсын гэрээ зөрчсөн тохиолдолд хязгаарлах бодлого барина.

Ер нь худалдааг хөгжүүлэхэд төрийн талаас зөөлөн дэмжлэг, экспортыг дэмжих, өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх асуудлыг оруулж өгсөн. Хуулийн ач холбогдол асар их. Ямар үед төр худалдааг зохицуулж оролцох нь тодорхой болно. Энэ хууль бол ерөнхий хууль. Одоо боловсруулалтын шатанд явж байна.

-Гэхдээ гадаад худалдааны суурь хуульгүй ч худалдаа хөгжиж байгааг эдийн засагчид хэлдэг ш дээ?

Худалдаанд ийм тулгамдсан асуудлууд байгаа боловч дэвшилтэт арга хэлбэрүүд орж ирээд хөгжиж байгааг бас хэлэх хэрэгтэй. Дэлхийн нийтийн худалдаа цаасгүй, цахим хэлбэрээр илүү хөгжиж байна. Интернэт хэрэглэгчдийн тоо тасралтгүй өсч байна. 2,4 тэрбум хүн хэрэглэж байна. Хоёр хөршийн хувьд хүн амын 40 хувь нь интернэт хэрэглэдэг. Манайд цахим худалдааг хөгжүүлэх дэд бүтэц бол их эерэг. 2016 он гэхэд бүх сум шилэн кабельд холбогдох тооцоотой. Олон улсын судалгаагаар монгол улсад 635,000 интернэт хэрэглэгч байна. Банк, санхүү төлбөр тооцооны хувьд бол 330 суманд банкны салбарууд байна. Цахим худалдаа цаг хугацаа хэмнэж, зах зээлийг хамардаг дэвшилтэт арга. Хоёрдугаарт биржийн арилжаа байгаа. Бирж дэлхийд уул уурхай, түлш эрчим хүч, хөдөө аж ахуй гэсэн гурван чиглэлээр хөгжөөд явж байна.

Зах зээлийн бодит үнэ өртгийг бий болгодог. Ил тод байдлыг хангадаг, үйл ажиллаганы нийт зардлыг бууруулдаг олон талын ач хболгдолтой. Манайд хөдөө аж ахуйн биржээр эхэлсэн.   

 Ярилцсанд баярлалаа.