Хүнсний нэмэлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
МХЕГ-ын ХХААҮҮХГ-аас “Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдаж буй хүнсний нэмэлтийн импортлолт, худалдаалалт, хэрэглээний байдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2014оны 11-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НМХГ, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Стандарт хэмжил зүйн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ШУТИС, “Монголын хүнсчдийн холбоо” ТББ, “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ, “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ болон томоохон үйлдвэрлэгч “АПУ” ХК, ”Жүр Үр” ХХК, “Талх чихэр” ХК, “Сүү” ХК, “Витафит” ХХК, “ТЭСО” ХХК, “MCS кока Кола” ХХК, импортлогч “Ганга түшээ” ХХК, “Юм Юм” ХХК зэрэг үйлдвэрлэгч, импортлогчдын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгээр МХЕГ-аас энэ онд “Хүнсний нэмэлт”-ийн импортлолт, худалдаалалт, хэрэглээний байдалд хийгдсэн тандалт судалгааны дүн, “Хүнсний нэмэлтэд хийгдэж буй шинжилгээ”-ний талаар мэдээлэл хийж, импортлогч, үйлдвэрлэгчид хүнсний нэмэлтийг импортлох, үйлдвэрлэлд хэрэглэхдээ хэрхэн сонгох, стандартаар зөвшөөрөгдсөн нэмэлтийг батлагдсан жор орцын дагуу хэрэглэж, нийлүүлэлт, хадгалалт, хэрэглээний байдалд дотоодын хяналтыг тогтмол тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
Мөн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд харилцан мэдээлэл солилцож, цаашид хэрхэн хамтарч ажиллах, авах арга хэмжээний талаар ярилцлаа. Хэлэлцүүлгээс “Хүнсний нэмэлт”-ийн талаарх ойлголтыг хэрэглэгчдэд олгох,үйлдвэрлэгчид, импортлогчид, улсын байцаагч нарт зориулсан зөвлөмжийг тус тусболовсруулж хүргүүлэх, сургалтыг үе шаттайгаар тогтмол хийж байх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар харилцан тохиролцов.