Дэлхийн хүнс үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлтийг ашиглаж байна
Монголын хүнсчдийн холбоо
2014.11.06

Дэлхийн хүнс үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлтийг ашиглаж байна

Даяарчлагдаж буй өнөө үед хүнсний аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтэрч, хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн найрлагад орж буй түүхий эд, хүнсний нэмэлт бодисын нэр төрөл ч эрс нэмэгдэж байна.

Хүнсний бүтээгдэхүүний технологийн зориулалтаар хадгалах хугацааг уртасгах, мэдрэхүйн үнэлэмжийг сайжруулах, биет байдал, өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилгоор ашиглаж буй хүнсний нэмэлт бодисын нэр төрөл олширч, хэрэглээ нь ч өсч байна.

НҮБ–ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, ДЭМБ–ын Хүнсний нэмэлт бодисын шинжээчдийн нэгдсэн хорооны хурлаар хүнсний нэмэлт бодисын аюулгүй байдлын үнэлгээ, хэрэглээний зөвшөөрөгдөх хэмжээ, хүнсэнд хэрэглэх, хориглох нөхцлийг тогтоон өгдөг билээ.

Түүнчлэн олон улс орнуудад тухайлбал АНУ, ОХУ–д хүнсэнд ХЭРЭГЛЭЖ БОЛОХ, ТАТГАЛЗАХ, ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН хүнсний нэмэлт бодисыг дүрэм, журмаар зохицуулж өгдөг. Харин манай улсад энэ талаар гарсан ямар нэгэн зохицуулалт, хэрэглэгдэж буй хүнсний нэмэлт бодисын нэгдсэн бүртгэл, мэдээлэл ч байхгүй байгаа нь харамсалтай юм.

Е тэмдэглэгээ нь EDIBLE БУЮУ ИДЭХ БОЛОМЖТОЙ хоол хүнсэнд хэрэглэж болно гэсэн утгатай англи үг 

Хүнсний нэмэлт ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хоол, хүнсэндээ удаан хугацааны турш хэрэглэхэд хүний бие махбодид хортой нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Аюулгүй байдал, хэрэглээний зохистой хэмжээг нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ, туршилтаар тогтоосны дараа хүнсний нэмэлтэд Е... код олгож үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрдөг. Е тэмдэглэгээ нь EDIBLE БУЮУ ИДЭХ БОЛОМЖТОЙ хоол хүнсэнд хэрэглэж болно гэсэн утгатай англи үг хэмээн тайлбарладаг.

 ХҮНСНИЙ НЭМЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

ДЭМБ–ын тодорхойлсноор хүнсний нэмэлт нь байгалийн болон химийн гаралтай бодис тэдгээрийн нэгдэл бөгөөд хүнсэнд дангаар нь хэрэглэдэгггүй, харин хүнсний бүтээгдэхүүний шинж чанар, хадгалалтыг сайжруулах зорилгоор технологи ажиллагааны явцад нэмдэг нэгдэл юм гэжээ.

Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт MNS CAC 192:2007–д Бие дааж хүнсний бүтээгдэхүүн эсвэл хоол, хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, технологийн зорилгоор (мэдрэхүйн үзүүлэлтийг хамруулан) үйлдвэрлэл, боловсруулалт, бэлтгэл, савлалт, тээвэрлэлтийн явцад зориудаар хүнсэнд нэмэх эсвэл тодорхой үр дүнд хүргэх (шууд болон шууд бусаар), мөн хүнсний бүтцэд орж чанарт нөлөөлөх туслах материал зэрэг бодисыг хүнсний нэмэлт гэнэ хэмээн заажээ.

Аскорбины хүчил

Бүтээгдэхүүний тэжээллэг чанар, биологийн үнэт чанарыг сайжруулах, хүний эрүүл мэндийг дэмжих зорилгоор нэмсэн аминдэм, эрдэс бодис, аминхүчил, тосны ханаагүй хүчил, эслэг зэрэг биологийн идэвхт нэгдлүүд хүнсний нэмэлтэд хамаарахгүй. Гэвч зарим хүнсний нэмэлт,  тухайлбал аскорбины хүчил буюу С аминдэм (Е300), токоферол буюу Е аминдэм (E306) зэрэг нь давхар биологийн идэвх үзүүлдэг юм.

XIX зууны сүүлчээр хүнсний нэмэлтийн хэрэглээ дэлхий нийтэд өргөн тархсан, эдүгээ дэлхийн хүнс үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлтийг ашиглаж байна.