Европын сэргээн босголт хөгжлийн банкны төсөлтэй хамтрахаар боллоо
Монголын Хүнсчдийн холбоо
2014.12.05

Европын сэргээн босголт хөгжлийн банкны төсөлтэй хамтрахаар боллоо

Европын сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) санхүүжилттэй холбоодын чадавхыг бэхжүүлэх талаар хэрэгжүүлэх төсөлтэй хамтрахаар боллоо.

Уг төсөл нь мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны загвар үйлчилгээ, удирдлагын ур чадварыг сайжруулах зорилгоор холбоодод олон улсын туршлагыг нэвтрүүлэх, зорилго, стратегиа хэрхэн тодорхойлох талаар зөвлөгөө өгөх, гишүүдийн ашиг сонирхлыг хэрхэн төлөөлөх, илэрхийлэх, гишүүдэд зориулсан бодитой үйлчилгээг нэвтрүүлэх, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, гишүүнчлэлээ өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх юм.

Энэхүү зорилтуудын хүрээнд хамтран ажиллах холбоодыг сонгон шалгаруулахдаа эдийн засгийн хувьд тэргүүлэх ач холбогдол бүхий салбарыг төлөөлж буй эсэх, үйл ажиллагааны цар хүрээ, тогтвортой байдал, гишүүнчлэлийн идэвхи санаачлага, оролцоо зэргийг харгалзан үзээд эдгээр үзүүлэлтээр харьцуулан бизнесийн салбарыг төлөөлөх 10 хүртэл холбоодыг сонгон шалгаруулж байгаа юм.

Энэ шалгаруулалтад оролцохоор манай Хүнсчдийн Холбоо төслийн багаас шаардсан танилцуулга, тодорхойлолтыг заасан хугацаанд хүргүүлснээр Ажлын албаныхан 2014 оны 12 сарын 03-ны өдөр ЕСБХБ-ны жижиг, дунд бизнесийг дэмжих багийн ахлах зөвлөх Эрик Гючофф, төслийн мэргэжилтэн Б.Хосбат нартай албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар холбоодын чадавхыг дээшлүүлэхийн тулд ЕСББанк:

1.      Холбоодын зорилгыг тодорхойлж,

2.      3 жилийн стратеги төлөвлөгөө гаргаж,

3.      Стратеги төлөвлөгөөний хэрэгжүүлэлтэд хяналт тавин ажиллах юм.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд гадаад болон дотоодын зөвлөхтэй хамтарч ажиллан, шаардлагатай сургалтыг зохион байгуулж, зөвлөгөө өгөх болно.

Монголын Хүнсчдийн Холбоо тус төсөлтэй хамтран ажиллах болсноо та бүхэнд дуулгах болсондоо таатай байна.