Л.Дамдинсүрэн: Үндэсний үйлдвэрлэгчийн эсрэг үйл ажиллагаа явагддаг
ШУТИС-ийн профессор багш, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Л.Дамдинсүрэн
2014.12.31

Л.Дамдинсүрэн: Үндэсний үйлдвэрлэгчийн эсрэг үйл ажиллагаа явагддаг

ШУТИС-ийн профессор багш, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Л.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

Хүнсний нэмэлтийг иргэд буруугаар бодож байгаа ч нөгөө талдаа үүний талаар сайн мэдэхгүй байгаа нь юутай холбоотой вэ ?

Хүнсний нэмэлтийн талаар үе, үе сөрөг хандлагууд олон нийтэд тархдаг нь үндэсний үйлдвэрлэгчийн эсрэг зохион байгуулалтай үйл ажиллагаа гэж ойлгогдож байна. Өмнө нь 2007 онд үндэсний гурил үйлдвэрлэгчид рүү чиглэсэн  мэдээлэл гарч “Алтан тариа”-ны гурилаас мөнгөн ус илэрч сэтгүүлчийн нүд нь хорссон гэх зэргээр сөрөг мэдээлэл их гарсан.  

Үүний дараа дотоодын сүүний үйлдвэрүүд рүү дайрч эхэлсэн. Энэ нь сүүлдээ даамжирч монгол хүүхдэд үнээний сүү тараахгүй, харин Монос компанийн оруулдаг шар буурцган сүү таарна  гэх зэргээр утгагүй мэдээлэл нийгэмд маш их тарсан. Үүнээс болж иргэд Е кодыг меланим шиг бодоод байх шиг байна. Меламин бол угаасаа хүнсэнд хэрэглэдэггүй. Харин Е тэмдэглээ байгаа бол хэрэглэгч үүнийг идэж болно гэж ойлгох хэрэгтэй.  Учир нь Е тэмдэглэгээ бол олон улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтийн тэмдэглэгээ юм. Тиймээс хэрэглэгчийн хувьд Е тэмдэглэгээ бүхий бүтээгдэхүүнээс эмээх хэрэггүй.

Мэдээж манай хүнсний зах зээлийн 70 орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл эдгээр бүтээгдэхүүний талаар мэдээлэл хомс байдаг. Үүний талаар юу гэж боддог вэ ?

Үүнд нэг л жишээ хэлэхэд хойд хөршөөс импортолдог зөөхий гэхэд 20 хувийн тослогтой гэж бичсэн байдаг. Гэтэл 20 хувийн тослогтой зөөхий хэзээ ч тийм өтгөн байдаггүй. Харин хэрхэн өтгөрүүлдэг гэхээр бүтцийн өөрчлөлттэй крахмал нэмж өтгөрүүлдэг. Тэгсэн хэрнээ крахмал хольсон гэх тэмдэглэгээ тавиагүй байдаг. Үүний оронд ТУ буюу техникийн нөхцлийн тэмдэглэгээг л тавьсан байдаг. Ийм бүтээгдэхүүн монголд маш ихээр орж ирдэг.

Үүнд анхаарал, хяналтаа сайн тавихгүй байж зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид рүү дайрдагаа мэргэжлийн хүмүүс нь болих хэрэгтэй. Түүнчлэн нийтийн хоолонд хэрэглэж байгаа хоолт амтлагч нарыг ер шалгадаггүй. Жан, цуунаас эхлэн дагалдах амтлагч нарын найрлаганд юу байгаа нь тодорхой бус.  Эдгээр зүйлсэд тавих хяналтыг сайжруулах чухал болохоос зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид буруу нэмэлт ашиглаж байгаа мэт хандах нь зохисгүй.

Нөгөө талдаа хэрэглэгчийн хувьд хүнсний нэмэлтийн талаарх мэдлэг нь дутмаг байна. Энэ нь асуудлыг улам хүндрүүлэх шалтгаан болж байгаа юу ?

Олон улсад үүнийг хэрэглэгчийн боловсрол гэдэг. Тиймээс хэрэглэгчдэд хүнсний нэмэлт болон биологийн идэвхит хүнсний нэмэлт зэргийг ялгаж сурахыг мэдүүлэх хэрэгтэй. Ингээгүй байж учрыг мэдэх хүмүүс нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдээ улам төөрөгдүүлээд байгаа юм. Ер нь ямар ч хүнсний бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэвэл хүний эрүүл мэндийг эерэгээр дэмжинэ.

Тиймээс Монголд хууль эрх зүйн зохицуулалт нь муу гэх ойлголтоо больж, харин үйлдвэрлэгч бүтээгдэхүүндээ хүнсний нэмэлтийн Е тэмдэглэгээг шударгаар тавих хэрэгтэй. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгч нарт тавих шаардлагыг импортын бүтээгдэхүүнд ч адил байвал тэнцвэртэй байж чадна.

Тэгээгүй мөртлөө зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид дээр тулгуурласан мэдээлэл олон нийтэд хүргэдэг болохоос биш түүн дотор нь импортын бүтээгдэхүүнд хийсэн судалгаа нэг ч байдаггүй. Гэтэл импортын бүтээгдэхүүний рекламд нь дэлхийн номер нэг Кука, экологийн цэвэр бүтээгдэхүүн Данбоали гэх зэргээр сүржин суртчилах жишээтэй. Гэтэл тэдгээр нь албан ёсны бренд бүтээгдэхүүн үү гэдэг нь эргэлзээтэй.

Хөгжингүй оронд хяналтын байгууллага нь үйлдвэрлэгч нартаа зөвлөгөө, сургалтаар зөв мэдээлэл дамжуулдаг. Харин монголд энэ нь эсрэгээрээ байгаа юм шиг харагдаж байна. Үүнийг хэрхэн  зохицуулж болох вэ ?

Үнэхээр дотоодын үйлдвэрлэгч нар шаардлага хангахгүй байгаа бол зааж, зөвлөх хэрэгтэй. Ингээгүй байж л хамгийн түрүүнд хаана гээд дайраад байдаг. Эхлээд зөв мэдээлэл хүргээгүй байж зөв, бурууг нь хянана гэдэг утгагүй юм. Тэгсэн хэрнээ нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай ярьдаг хэрнээ бодит байдал нь ийм байдаг. Тиймээс импортын хэрэглээг багасгах хэрэгтэй л бол үндэсний үйлдвэрлэлээ зайлшгүй дэмжих хэрэгтэй.

Монголчууд хүнсний нэмэлтийг үйлдвэрлэх боломж хэр вэ ?

Мэдээж байгаа. Гэхдээ түүнийг хэрэглэх хэрэгцээ бага. Магадгүй зарим нэг хоол амтлагчийг хийвэл түүхий эд болохоор ургамал нь Монголын нөхцөлд ургасан байдаг. Ер хүнсний нэмэлтээ баталгаатай зах зээлээс нь импортоор авч байх нь хавьгүй дээр.