Хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг дутмаг байна
Онол практикийн хурал боллоо
2015.04.28

Хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг дутмаг байна

Олон улсын санхүүгийн корпорациас 300 бизнесийн нэгжид явуулсан судалгаагаар хүнсний жижиг үйлдвэрлэгчид 2012 онд батлагдсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн талаарх мэдлэг дутмаг болон тухайн хуульд нийцүүлэн ажиллах чадвар тааруу байгааг онцолсон байна.

Мөн судалгааны үр дүнд 2012 онд батлагдсан дээрх хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэлгэрэнгүй, ойлгомжтой журам хангалтгүй байгааг дурджээ. Олон улсын санхүүгийн корпораци болон Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Монголын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгох төслийн хүрээнд Монгол Улсын хүнсний аюулгүй байдал: Өнөөдөр ба ирээдүй онол, практикийн бага хурал боллоо.

Хурлын үеэр "Орчин үеийн хүнсний аюулгүй байдлын тогтолцоо нь Монгол Улсын хүнсний салбарын экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг сайжруулан ажлын байрыг нэмэгдүүлэх юм" гэдгийг Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Түен Нгүен онцоллоо. Монголын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийг Европын Холбоо 2014-2017 онд нийт 3.9 сая еврогийн төсөвтэйгээр Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран хэрэгжүүлж байна.