УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Д.Батцогт
2015.09.29

Монгол улс тэр чигээрээ малын өвчинд баригдсан мэт мэдээлэл тардаг нь буруу

2015-2016 он дотоодын зах зээлд 30 орчим мянган тонн мах нийлүүлэх боломжтой гэсэн тооцоо гарсан.

Дотоодын махны нөөц бүрдүүлэлтийг энэ оны 12-р сараас эхлүүлэх боломжтой гэдгийг засгийн газар тооцоолж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн 58 мянган тонн махыг гадаад орнуудад нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Дотоодын махны нөөц бэлтгэл, махны экспортын талаар бидэнтэй ярилцахаар УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Д.Батцогт хүрэлцэн ирсэн байна.

- Япон улсад уулзалт хийж, айлчилаад ирсэн гол үр дүнгээ хуваалцахгүй юу?

- Япон улс руу УИХ-ын нэр бүхий гишүүд, хөдөлмөрийн яамныхантай, хөдөлмөрийн харилцааг яаж зохицуулж байна гэдэг талаар судалгаа хийгээд ирлээ. Япон улсад энэ хууль нь хүчин төгөлдөр болоод олон жил болж байгаа, арвин их туршлага хуримтлуулсан орон юм. Манайх хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн бариад, УИХ хүлээж аваад ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

Намрын чуулганаар энэ хуулийг батлах төлөвлөгөөтэй явж байна. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд  нийгэм, эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа учир тэр хэрээр хөдөлмөрийн шинэ олон харилцаа бий болсон. Уул уурхайн ажилчид гэхэд сар ажиллаад хэсэг амардаг гэх мэт энэ бол шинэ харилцаа шүү дээ. Тиймээс Японы хөдөлмөрийн сайдтай уулзсан.

Мөн 2020 онд Япон улсад Олимп болохтой холбоотой маш их бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Үүнтэй холбоотой гадаад орнуудаас дадлагажигч ажилчдыг авья гэдэг зорилт тавьж байгаа юм байна. Үүнд манай орноос  дадлагажигч ажилчдыг аваачээ гэсэн хүсэлтээ уламжлаад ирсэн.

- Махны чиглэлийн уулзалт ямар байдлаар хийгдсэн бэ? Ер нь гол үр дүнг юу гэх вэ?

Дэлхийн зах зээлд хүнсний аюулгүй байдалд томоохон орнууд ихээр анхаардаг.

- Яг сая Япон улсад махны чиглэлийн уулзалт хийгээгүй. Махны чиглэлээр олон газар уулзалт хийж байгаа ялангуяа Хятадын талтай. Юуны түрүүнд бид Хятадын зах зээлд махаа гаргах төлөвлөгөөтэй байгаа. Хятадын зах зээлд махаа гаргахын тулд маш их уулзалт, хэлэлцээр явагддаг. Одоогоор Хятадын махны холбоотой уулзалт хийсэн.

Дараа нь Америкийн махны холбоотой холбоо тогтоож байна. Америк бол махны экспортод томоохон байр суурь эзэлдэг ийм орон байгаа. Америкийн махны холбоо хамтарч ажиллахад дуртай байгаагаа мэдэгдсэн. Аль болох олон улс оронтой харилцаж, туршлага судалж, ямар чанар, стандарт, аюулгүй байдлыг хангасан үйлдвэр байгуулах ёстой, малдаа ямар шаардлага тавих юм гэх мэт олон туршлага хуримтлуулж байж олон улсын зах зээлд махаа экспортлоно.

Дэлхийн зах зээлд хүнсний аюулгүй байдалд томоохон орнууд ихээр анхаардаг. Тиймээс дэлхийн стандарт, нормийг хангасан ажиллагаа явуулж байж махаа гаргах боломж бүрдэнэ. Энэ чиглэлд цаашид хийх ажил маш их байна

- Малаа эрүүлжүүлэх гэдэг их чухал. Энэ тал дээр томоохон уулзалт бас боллоо. Яг өнгөрсөн жилүүдэд малаа эрүүлжүүлж чадаагүйн гол шалтгаан юу вэ? Ирээдүйд бас засах боломж хэр байна?

- Монгол тэр чигээрээ малын өвчинд баригдсан улс биш. Нэг газар шүлхий өвчин гарах үед маш сүр зартай зарладаг. Монгол улс тэр чигээрээ малын өвчинд баригдсан мэт мэдээлэл тардаг нь буруу.

Малаа эрүүлжүүлэх, давтамжийг бууруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Монгол улсад огт өвчний голомтгүй бүс их байгаа. Тэр бүсүүдийг тусгаарлаж, энэ бүсээс эхний ээлжийн мах экспортлох бололцоог нээхийг оролдож байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ......