Хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй
2012.03.06

Хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй

УИХ дахь МАН-ын бүлгийг өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдааны эхэнд Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцсэн ажээ.

Тус намын бүлэг УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтатган явуулах боломжгүй хэмээн үзэж байгаа ажээ. МАН-ын бүлэгт дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг аймаг, нийслэлийн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулж, дүүрэг, сумдын сонгуулийг ирэх аравдугаар сард явуулах саналыг гаргасан юм. Тэд Орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах хэд хэдэн шалтгаан байгаа. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын сонгуулиар 22.00 цаг, Орон нутгийн сонгуулийн хуулиар 20.00 цаг хүртэл санал тоололт явагдана гэж байгаа.

Тэгэхээр энэ хоёр цагийн зөрүүний хооронд Сонгуулийн хороо хаалгаа барих уу, нээх үү гэдэг асуудал гарч ирнэ. Мөн 2008 оны Орон нутгийн сонгуулиар сонгогдсон Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаанд халдсан хэрэг болно. Тиймээс энэ асуудлаар 16.00 цагт бүлгийн хурлаар санал хураалт явуулна гэв.Мөн бүлгийн хуралдаанаар УБЕГ-ын үйл ажиллагааны талаархи мэдээлэлтэй танилцсан гэв. Тэрбээр энэ талаар танилцуулахдаа “Иргэдийн дунд буруу мэдээлэл цацагдсан. УИХ дахь АН-ын бүлэг иргэдэд цахим үнэмлэх олгох асуудлыг МАН улстөржүүлж байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн.

Энэ мэдээлэл ор үндэслэлгүй. Харин эсрэгээрээ Н.Алтанхуяг энэ асуудлыг ахлаж ажиллаж байхдаа өнгөрсөн оны гуравдугаар сард эхлэх байсан ажлыг ирэх арваннэгдүгээр сард эхлүүлснээс үүдэн энэ ажил удаашралтай явж байна.Гэхдээ сонгууль дөхөж байгаа энэ өдрүүдэд хэн нэгнийгээ буруутгалгүй цаг хугацаанд нь багтааж энэ ажлыг явуулахаар ажиллах нь зүйтэй” гэсэн юм. Мөн тус намын бүлгийн хуралдаанаар 2012 оны төсвийн асуудлыг хэлэлцсэн байна. МАН-ын бүлгийн ахлагчийн мэдээлснээр энэ оны улсын төсвийн орлого, зарлага дээр ямар нэгэн хүндрэл байхгүй. Харин Хүний хөгжил сангийн хөрөнгийн эх үүсвэр дээр бага зэрэг хүндрэл гарч болзошгүй гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.