Ц.Даваасүрэн: Эдийн засгийн шинэчлэлийг зөв төр хийх ёстой
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН «Хөгжлийн хөтөлбөр 2012-2031» гэсэн хөтөлбөр гаргасан. 2016 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6000 ам. долларт хүргэнэ гэж байгаа. Энэ хэр бодитой хийсэн төлөвлөлт вэ? Бас л нэг сонгуулийн шоу болох вий гэсэн яриа байна. Өнөөдөр иргэдийн амьдралын түвшин ямар байгаа билээ. Боломжтой юу, та юу. гэж харж байгаа вэ?
-Эдийн засгийн хөгжлийн хурдац маань дэлхийд тэргүүлэх гэдэг нь олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргаж байгаа төсөөллүүдээр харагдаж байгаа. Тухайлбал, 2015-2025 он хүртэл дэлхийн хамгийн хөгжлийн хурдтай 5 эдийн засгийн нэг байна гэдгийг хэлж байгаа. /Сити банк, Дэлхийн банкны хийсэн тооцоогоор/ Тэгэхээр хөгжлийн асар том боломжийг байгалийн баялгаас олж байгаа орлого бий болгох юм. Тийм үр дүнд хүрч болох боломж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ түүнд хүргэх сайн засаглалтай төр байна уу, үгүй юу гэдэг л асуудал. Бидэнд эдийн засгийн боломж нээгдсэн. Түүнийг зөв аваад явах төрөө л засаж, төвхнүүлэх асуудал чухал юм.
-Төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд хаанаас хэрхэн эхлэх юм бол?
-Өнөөдрийн хүрсэн эдийн засгийн өсөлт, ялангуяа дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн өсөлтийг 2000 онтой харьцуулахад 15 дахин их болсон. Энэ өсөлтийг төр бий болгосон гэвэл үнэмшилгүй. Энэ боломжийг байгалийн баялаг бий болгосон. Манай улс байгалийн баялгийнхаа хэмжээгээр дэлхийд эхний 10-т орно. Тэгсэн хэрнээ хүн амын хувьд 2,7-хон сая, Бээжин хотын хүн амаас 6 дахин бага. Бидэнд сайхан амьдрах бололцоо байна. Хөгжил гэж юу вэ гэхээр «Иргэн бүр нь амьдралдаа итгэлтэй, сэтгэл хангалуун байх»-ыг хэлнэ гэж би боддог. Яг өнөөдөр шиг банкны, цалингийн, малчны зээлтэй гээд ихэнх нь өрөнд баригдсан, хүн амын 40 хувь нь ядуу байгаа.
Улс орон нь баян мөртлөө, иргэд ядуу байгаа нь харамсалтай.
Ийм байлгасан нь төрийн буруу. Улс төржсөн маягаар эдийн засгаа авч явсан, үрэлгэн эдийн засагтай байсан нь нийт иргэнийхээ бодит амьдралын чадавхыг дээшлүүлэхэд үр дүн болж өгөөгүй гэж боддог. Жишээ нь, сар бүрийн иргэдэд хүрдэг 21000 төгрөг байна. Жилдээ 800 тэрбум төгрөгийг зарцуулдгаас тал хувь нь хөдөө, орон нутагт очно. 320 суманд хуваах юм бол жилдээ нэг суманд 1,2 тэрбум төгрөг, энэ мөнгөөр 2,3 үйлдвэр барьж болно. Тэгвэл урт хугацаанд тухайн хүний орлого бий болох, ажлын байртай болох бололцоо бүрдэнэ. Эндээс төрийн бодлого эдийн засгийн хувьд оновчтой биш байна гэдэг нь харагдаж байгаа юм. Эдийн засгийн өнөөдрийн бидний хүрсэн цар хүрээ хэмжээ нь өмнөх шигээ урсгалаар явах ямар ч бололцоогүй болсон. Бодлоготой, төлөвлөлттэй, стратегийн тодорхой дунд, урт. хугацааны төлөвлөлтөд түшиглэж явах нь өнөөдрийн шаардлага. Эдийн засгийн шинэчлэлийг зөв төр хийх ёстой. Өнөөдрийн байдлаар харахад төрд нь хөрөнгөтэй мөнгөтэй нь суудаг, төрөө мөнгөний машин болгочихсон байна. Үүнийг л бид улс төрийн шинэтгэл хийж засах ёстой.
-Хэдхэн хоногийн өмнө шатахууны үнэ өсөж, түүнээс улбаалаад бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Иргэд ч нэлээн бухимдсан. Энэ нь төрийн тогтолцооны буруугаас болсон гэж ойлгож болох уу?
-Эдийн засгийн бүтцийн хувьд манай орон ямар байх ёстой вэ гэдгээ. бид аль эрт тодорхойлох байсан. Зах зээлийн ямар замаар явах юм, чөлөөт эдийн засагтай гээд төрийн зохицуулалтаа хаях байсан уу, эсвэл төрийн зохицуулалттай байх уу гэдэгт сонголтоо хийх ёстой байсан. Төрийг удирдаж, энэ 20 жилийг авч явсан нөхдийн алдаа. Манай орон хэрэглээний зах зээлгүй, 2,7 -хон сая хүн амтай. Энд бизнес хийгээд ашиг олоод явах боломж хязгаарлагдмал Ийм нөхцөлд төрийн зохицуулалттай эдийн засаг хэрэгтэй. Тодорхой нэг салбараа хувийн хэвшлээрээ дэмжүүлээд явах ёстой. Харин түлш шатахуун гэсэн суурь үнэ тогтоодог салбараа хувьчилсан нь алдаа байсан. Өнөөдөр үүнийхээ горыг л амсаж байгаа. Төр чинь хэдхэн хүний гарт очих гээд байна. Сүүлдээ нөгөөдүүл нь хуулиа үл тоодог, хуулийн гадуур амьдардаг болчих гээд байна. Хууль мөнгөтэй эрх мэдэлтэй хүний өмнө мөхөс байна. Гэтэл амьдрахын эрхээр хоёр машин мод зарсан хүнд 2 жилийн ял өгч байх жишээтэй. Хэдэн тэрбум төгрөгийн хулгай яригдаад байгаа хэрнээ ямар ч шийтгэлгүй л байгаа.
-Үүнийг яаж засах вэ? Энэ чигээрээ нэгэнт хөдөлсөн гээд явах уу, эргээд хувьчилсан зүйлээ буцааж авах уу?
-Бизнесжсэн төр үүнийг хийж чадах болов уу даа эргэлзэж л байна. Манай намын даргын илтгэл дээр байгаа. Олигархжсан компанийн төрөөс ард түмний засаглалтай компани тогтолцоо руу шилжинэ. Ерөнхийдөө бүх түвшинд л мэдрэгдээд байгаа. Улс төр, бизнес хоёр чинь тус тусдаа явах ёстой. Төрийн хар хайрцагны бодлогыг бизнесийн бодлогоор авч явж болохгүй. Урт хугацаанд оршин тогтноё гэвэл бид улс төрөө хүчирхэг, цэвэр, бодлоготой байлгах хэрэгтэй. Компанийн бодлого чинь хэдхэн хүний эрх ашгийн асуудал.
-Нефтийн компаниудыг 10 сая төгрөгөөр торголоо. Үнэ-хээр торгож чадсан эсэх бас л эргэлзээтэй...
-Шүүх дээр очоод л алга болох байх. Тэдгээр хүмүүс өгөөмөр байх хэрэгтэй. О.Дашбалбарын хэлсэн үг байдаг. « Хүн нүцгэн ирээд, нүцгэн буцна гэж Баян хүний ходоод 3 дахин илүү байна гэж байхгүй л баймаар. Тэгэхээр хэмжээнээсээ хэтрүүлээд хэрэггүй.
-Оюутан ч, залуучууд, хөгшид гээд бүгд л амьдралдаа, төрдөө ямар ч итгэлгүй байна. Яавал монгол хүн эх орондоо, амьдралдаа сэтгэл хангалуун итгэлтэй байж чадах вэ, тийм байлгахын тулд юуг анхаарах юм?
-Хүн амьдралдаа итгэлтэй сэтгэл хангалуун байна гэдэг нь өөрөө хөгжил. Харин түүнийг зөв бүрдүүлж чадах улс төрийн хүчин байх ёстой. Зөв улс төрийн хүчин гэдэг нь ард түмэн түүнд итгэл үнэмшилтэй байх. Өнөөдөр бүгд л сайхан сайхан зүйл ярьдаг. дэвшүүлдэг. Гэвч амьдрал дээр ажил хэрэг болдоггүй. Уг нь бид үгэнд сэтгэл ханаж алга таших биш, амьдрал дээр сэтгэл ханаж алга ташдаг байх ёстой юм. Ард түмэн ч удирдах түвшнийхэн ч тэр аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй болжээ. Тэгэхээр их л том шинэчлэлт өөрчлөлтийг нийгэмд хийх лидер хэрэгтэй байна. Тэр нь даанч өнөөдөр алга даа.
-Ард иргэд төрдөө итгэлгүй байгаа нь олон ч судалгаанаас харагддаг. Саяын МАН-ын дэд сайд нарын томилгоо ч төрд хөрөнгөтэй мөнгөтэй нь гардаг. МАН олигархжсан, хандив өгсөн хүн албан тушаалтай гэх мэт. Иргэдийн итгэл төрдөө өдөр ирэх бүр алдарч байна. МАН өөрсдөө үүнийгээ анзаарахгүй байна уу? Ямар ч гарцгүй тэдний гар хөл болсон юм уу?
-Нийгэм тийм үнэлэмжтэй байгаа бол үүнийг нам анхаарах ёстой. Яагаад гэхээр нам гэдэг чинь ард олныхоо дэмжлэгийг авч байж л урагшилна.
-МАН-ын бага хурал нээлттэй, ардчилсан болж чадсан уу? Бараг л бүх телевизээр цацаад, ил тод гэж байна гэж байсан, гэтэл эхэн хэсгээ нэвтрүүлж байгаад сүүлдээ таг болсон...
-Аль ч нам нь дотоод асуудлаа ярихдаа хаалгаа барьдаг. Хуучин шигээ нээлтээ хийгээд л хаалгаа «за одоо боллоо» «гар» гээд сэтгүүлчдийг гаргаагүй. Энэ удаа хэлэлцэх асуудлаа нээлттэй хэлэлцсэн нь дэвшил гэж бодож байна. Зарчмын хувьд дотроо сайн ярилцаж, шийдвэрээ олонхиороо гаргаад явъя гэсэн байр суурьтай байдаг.
-Сонгуулийн хуулийг 2 нам өөрсдөө ашигтайгаар хийлээ гэх яриа байгаа. Жишээ нь, төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөх нөхцөлд 6 сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Гэтэл хүн өөрийгөө их хуралд гарах эсэхээ мэдэхгүй тийм эртнээс ажлаа өгөх үү, УИХ-ын гишүүд өөрсдийнхөө өрсөлдөгчдөд хаалт хийсэн зүйл боллоо гэж үзэж байгаа. Энэ талаар таны бодол...
-Би тэгж бодохгүй байна. Өнгөрсөн сонгууль, 7 сарын 1-ний сургамжийг бодолцож л тал талаасаа ярилцаж гаргасан хууль. Одоо ч гишүүдийн дунд өмнөх сонгуулийн тогтолцоогоо зөв гэсэн хэсэг байсаар л байгаа. 28:48 гэсэн хувилбар бол гишүүдийн олонхийн шийдвэр. Муу тал нь гэвэл нам дугуйлдаг алхам руу ямар нэг хэмжээгээр алхсан. Иргэд бол хүнээ сонгоно гэж байгаа. Сайн тал нь гэвэл төрийн эрх мэдлийг хууль бус аргаар, тухайлбал, мөнгө, бэлэг сэлтээр хуурч байгааг таслан зогсооход чиглэсэн олон дэвшилттэй заалтууд орсон.
-Та Хөвсгөлөөс сонгогдсон. Хамгийн сүүлд нутагтаа хэзээ очсон бэ? Иргэдийн аж амьдрал өмнөх үеэ бодвол хэр байна?
-Саяхан явсан. Найман сумаар ороод ирлээ. Өвөлжилт сайхан байна. Малчид маань байгальтайгаа маш их холбогдсон байдаг болохоор байгалийн ааш зан ямар байна, яг тэрүүгээр амьдардаг. Цастай зудтай байвал үнэхээр хэцүүддэг. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол сайхан жил гарсан болохоор сэтгэл санаа нь өөдрөг байна лээ.
-Хөвсгөл аймаг бол байгаль орчны хувьд Монголын Швейцарь гэж хэлж болохоор газар. Хэрвээ аялал жуулчлалыг зөв хөгжүүлэх юм бол тэндээс ашиг орлого олж, мөн дэлхийд өөрсдийгөө таниулахболомж их бий. Боломжийг бүрдүүлж хөгжлийг авчрахын тулд юунд анхаарах шаардлагатай вэ?
-Би аймаг бүр уул уурхайтай байж хөгжинэ гэж боддоггүй. Өмнийн говийн уул уурхайгаа зөв ашиглаад явахад бидэнд хангалттай. Оюутолгойг аваад үзье. Энд 20 гаруй ширхэг Бороогоулдтай тэнцэх алт, дөрвөн ширхэг Эрдэнэттэй тэнцэх зэс байгаа. Өнөөдөр бид нэг Эрдэнэттэй амьдарч болж байхад 4 ширхэг Эрдэнэттэй, 20 ширхэг Бороогоулдтой хангалттай амьдарна биз дээ. Тавантолгойгоос 40 сая тонн нүүр жилдээ гаргая. Энэ их мөнгө. Бараг 2 их наяд төгрөг. Зуун жил ингэж гаргах нөөц бий. Зөвхөн энэ хоёроо зөв ашиглаад явахад л сайхан амьдарч болно. Заавал бүх аймгийнхаа газар шороог хөндийлээд байх шаардлагагүй. Монголын газар нутагт байгаагаас хойш энэ чинь бидний л өмч. Бүсчлэн хөгжүүлэх, тухайлбал нэг хэсэг газраа аялал жуулчлал, нөгөө хэсгээ үйлдвэрийн бүс нутаг, зарим нэгийг нь уул уурхай гэж ангилах нь зөв.
Тэрнээс хавтгайдаа газраа ухаад сэндчээд байх нь оновчтой хувилбар биш.
Байгалийн баялаг гэдэг хэзээ нэгэн цагт шавхагддаг. Нэгэнт бид зурагт, пуужин, галт тэрэг, машин хийж чадахгүй юм чинь, эргээд л мал аж ахуй, байгаль маань ахиад л амьдруулна. Энэ талаас нь харвал Хөвсгөл хамгийн бололцоотой. Хамгийн их малтай, хүн амтай зах зээл сайтай, аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн бололцоотой аймаг юм. Байгалийн баялгаас орж байгаа орлогыг хүнийхээ боловсрол, эрүүл мэндэд хийхийн зэрэгцээ аж үйлдвэр, мал аж ахуйгаа өөд татан, олон улсын стандартын түвшинд бүтээгдэхүүн гаргадаг болох нь чухал. Манай мах дэлхийд хамгийн үнэтэйд орно. Нэг төрлийн өвс иддэг малын махаас манай мах үнэтэй. Байгалийн маш олон төрлийн, хүнд хэрэгцээтэй эрдэс бүх зүйлийг манай махнаас авч болно. Тиймээс манай мах үнэтэй, тансаг хэрэглээний мах шүү дээ. Мал аж ахуй ирээдүйд дахиад л монголчуудыг тэжээнэ. Тэр үед манай Хөвсгөл нутаг байгаль нь ч сайхнаараа, мал ч өссөөр, хун ард ч сайхан амьдралтай байна гэдэгт би итгэлтэй байна.
-Хөвсгөлд фосфоритын орд ихтэй...
-Тэрийг бол мартаад хаалгаа тас хаах хэрэгтэй.
-Нэг хэсэг Хөвсгөлд нэлээн замбараагүй лиценз олгосон, байгалийн баялгаа ашиглаж байгаа...
-Байгаа. Могойн голын сав газарт 400-гаад сая тоннын коксжсон нүүрсний, молибдений орд байна. Эдгээрийг нутгийн иргэдийн санал бодлыг түшиглэж байгаад, магадгүй шаардлагатай бүс нутгийн хөгжилд хэрэгцээтэй гэсэн ордоо зөв ашиглах бололцоо байвал ашиглах хэрэгтэй ч байж болно. Төмөр зам татах шаардлагатай бол нэг ордоо ашиглаад хөгжлийнхөө дэд бүтцийг аваад явах шаардлага байхыг би үгүйсгэхгүй. Хөвсгөлд ямар нэг уул уурхайн тухай яригдах юм бол ард иргэдээс нь асуух хэрэгтэй. Тэрнээс удирдах хүмүүсийн хэмжээнд шийдэж болохгүй.Одоо уул уурхайг хар л даа. Хэдэн удирдлагыг нь гадныхан мөнгөөр хахуульдаж байна. Хамгийн сайн технологиор ашиглана гэсэн хэрнээ муугаар нь ашиглаад, сэргээх талд бол бүр ч ярих зүйлгүй л байгаа. Ийм гашуун туршлага байхад бид сайхан нутгаа сүйдэлж болохгүй.
-УИХ-ын, орон нутгийн сонгууль зэрэг явагдахад манай сонгогчдын боловсрол, мэдлэг хэр бэлэн гэж үзэж байгаа вэ? Санал тоолох техник, технологийн хувьд шаардлага хангах уу?
-Техник хэрэгсэл талаас нь авч үзвэл болох л байх. Санал тоолдог машин бол хүн төрөлхтний бий болгосон ололт, ашиглах хэрэгтэй. Харин сонгуульд оролцоод хуудсыг бөглөх иргэдийн хувьд гэвэл сайн зохион байгуулалт, ухуулж таниулах ажлуудыг хийхгүй бол Тэдний хувьд будилах асуудал гарч болзошгүй. Үүнийг үгүйсгэхгүй. Орон нутгийн сонгуулийн хуулиа УИХ-ын сонгуулийн хуультай уялдуулан сонгуульд бэлдэх яаралтай шаардлага байгаа.
-2012 сонгуульд нэр дэвших үү?
-Дэвших дэвшихгүй тухайд гэвэл сонгодог хүмүүсээс асуух хэрэгтэй байх. Итгэл хүлээж байна уу, үгүй юу. Хэрвээ тэд « чи 4 жил бидний төлөө ажиллалаа. Одоо дахиад ажиллаач гэвэл үгүй гэх эрх надад байхгүй. Тэдний буянгаар төрийн эрх мэдэлд 4 жил ажиллалаа. Одоо өөрийгөө бодъё гэж болохгүй. Тэдний саналыг харгалзана. Тэрнээс хэдэн төгрөг өгөөд «би нэр дэвшье» гэвэл зохимжгүй л зүйл. Их хурлын гишүүн гэдэг нь хэдхэн төгрөгийн албан тушаал биш.
-Энэ жил сонгуулийн сүүлийн жил. Таны мөрийн хөтөлбөрөөс амжуулаагүй, хийж чадаагүй зүйл юу байна?
-Янз бүрийн байдлаар хөндөөд ярьсан хэдий ч бодлоготой, төлөвлөлттэй, хариуцлагатай төрийг л ажил хэрэг болгож чадсангүй. Уг нь энэ миний хүсэл байсан. Мөрийн хөтөлбөртөө амласан зүйлээ аймаг, орон нутагтаа бүгдийг нь хийсэн. Өнгөрсөн онд гэхэд л манай аймагт бусад аймагтай харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн.
Аймгийн дэд бүтэц, зам харгуй, гүүр, хүүхдийн, спортын ордон, сургууль цэцэрлэгийн байшин барилга гээд яривал зөндөө л зүйл бий.
Улс орны хэмжээнд төсвийн шинэчлэлийн асуудлаар санал бодлоо хэлж, өөрийн ажиллаж байсан төрийн сангийн тогтолцоог цаашид боловсронгуй болгох чиглэлээр өөрийн саналаа төсвийн шинэчилсэн хуулиудад оруулсан. Боловсролын салбарт тодорхой зүйл хийхийг зорилоо. Энэ хугацаанд соёлын, мэргэжлийн боловсролын агентлаг байгуулагдлаа. /мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хариуцсан/ Боловсролын салбар зөв тогтолцоо руу орж, төгсөгчдийн 70 хувь нь мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн ур чадвар эзэмшээд явдаг 30 нь хувь нь онолын их, дээд сургуульд ордог зэргээр зохицуулалт хийхгүй бол хавтгайдаа дээд боловсролтой ажилчин бэлдэх болоод байгаа. Мөн «Монгол мал» хөтөлбөрийн санаачлагчийн нэгийн хувьд уул уурхайн баялгийг мал руугаа шингээе, эргээд мал аж ахуй биднийг тэжээнэ. Нэгэнт бид өндөр технологитой өрсөлдөж чадахгүйгээс хойш мал аж ахуйгаа дэлхийн түвшний болгох хуулийн хэрэгжилтэд анхаараад явж байна.