Ө.Энхтүвшин: Хоёр сонгуулийг нэгэн өдөр явуулахад техник,хүн хүч,хууль эрхзүй,улстөр талаасаа ч хүнд юм
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төслийг УИХ дахьАрдчилсан намын бүлэг буцаах шийдвэрт хүрсэн, Үндсэн хууль болон Төсвийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр. Харин танайх төслийг дэмжсэн байна?
-Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төсөл нь Төсвийн хууль, Үндсэн хуулийг зөрчиж байна гэж ярьж байгаа бол үгүй. Тэр бүх зүйлийг шавхаж харсан бид. Өмнө нь ийм практик байсан уу гэдгийг харсан. Жишээлбэл, 2006 онд намайг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байх үед УИХ-аас тогтоол гаргаад "Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүл" гэдэг үүрэг өгсөн. Энийг яаж зохицуулж байсан бэ гэхээр тухайн 2006 оны арав, арван нэг, арванхоёрдугаар сарын санхүүжилтийг нь урагш нь гүйлгээд зохицуулаад явж л байсан, болж л байсан.
Тийм учраас энэ нь хууль зөрчих болоод Үндсэн хууль зөрчих асуудал байхгүй. Нэгэнтээ хоёрдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмнэ гээд олон нийтэд хүлээлт үүсгэчихсэн учраас УИХ дах Ардчилсан намын бүлэг нэг их саад учруулахгүй биз дээ. Нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа хүмүүс учраас.
-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулах нь зөв юм аа гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна. Танай бүлэг харин эсрэг саналтай байгаа. Энэ нь цаашдаа улам гацаа үүсгэх юм биш байгаа даа?
-Хоёр сонгуулийг хамтад нь салгахгүй цуг хийнэ гэхээр 10 гаруй бэрхшээл байна. Тухайн -үед орон даяар сонгууль явна. Жишээ нь УИХ-ын сонгууль аймгийн сонгуул, сумын сонгууль, багийн сонгууль, дүүрэг дээр хот дээр гээд зэрэг зэрэг сонгууль болохоор сонгуулийнх нь дүнг баталгаажуулна гэдэг нэлээд төвөгтэй болчих вий гэж болгоомжилж байна. 20-иод мянган хүн орох болж байгаа. Энийг нэгэн өдөр явуулахад техникийн талаасаа ч, хүн хүч талаасаа ч,хууль эрх зүйн талаасаа ч, улстөр талаасаа ч хүнд юм аа гэж үзэж, бид Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн төслийг дэмжсэн байгаа.