Путин ялалт байгуулсан талаар мэдэгдэхдээ нулимс дуслуулав
- Урьдчилсан дүнгээр сонгуулийн хэсгүүдийн 95.81 хувийн протоколыг боловсруулж дуусмагц В.путин 64.24 хувийн санал авснаар өрсөлдөгчөө хол ардаа орхилоо.
Ням гаригт сонгууль дууссаны дараахан Москва хотын төвд байх Манежная талбай дээр олон мянган хүн цугларч В.Путины ялалтыг тэмдэглэв. Ерөнхийлөгч Д.Медведев болон Ерөнхий сайд В.Путин нар талбай дээр ирж дэмжлэг үзүүлж байсанд талархалаа илэрхийлсэн юм.
Үг хэлж эхэлсэн В.Путин "цэвэр ялалт байгууллаа" гэж хэлэх зуурт нүднээсээ нулимс дуслуулсныг телевизууд харуулсан байна. Гэвч хожимоо хүчтэй салхинаас болж ийнхүү нулимс гарсан хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь хэлжээ. "Улс төрийн хувьд нас бие гүйцэж, бие даасан, тусгаар тогтносон улс болох нэг ёсны шалгуур байлаа" гэдгийг тэрээр онцолсон юм. "Ард түмэн эх орны ашигн сонирхлын үүднээс бүгдээрээ нэгдэх"-ийг Ерөнхий сайд уриалж өдөөн хатгасан, Оросын төрийн байгуулалтыг нураах гэсэн оролдлого бүтэхгүй гэдгийг тэмдэглэв.
Урьдчилсан дүнгээр сонгуулийн хэсгүүдийн 95.81 хувийн протоколыг боловсруулж дуусмагц В.путин 64.24 хувийн санал авснаар өрсөлдөгчөө хол ардаа орхилоо. "Коммунист намын" тэргүүн Геннадий Зюганов 17.14 хувийн саналаар хоёрт орсон бол анх удаа нэр дэвшүүлээд буй М.Прохоров гэнэт гуравдугаар байрт орсноор үнэхээр гайхшралыг төрүүлэв. Тэрээр 7.46 хувийн саналыг авчээ. "Либерал ардчилсан нам"-ын тэргүүн В.Жириновский 6.24 хувийн саналаар дөрөвт, "Шударга Орос" намын тэргүүн С.Миронов 3.80 хувийн саналаар тавд оржээ.
Мөн л урьдчилсан дүнгээр сонгуулийн ирц 63.37 хувьтай байсан бөгөөд дээд амжилтыг хачирхалтай нь Чечень 100 хувийн ирцээр тогтоогоод байгаа төдийгүй саналаа ч 100 хувь В.Путины төлөө өгсөн байна. Олон улсын ажиглагчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсын стандартад нийцсэн, ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй хэмээн хүлээн зөвшөөрлөө. Гагцхүү "Коммунист намын" тэргүүн, нэр дэвшигч Г.Зюганов өнгөрсөн сонгуулийн шударга бус гэж нэрлээд "Би нэр дэвшигчийн хувиар энэ сонгуулийг шударга, сайхан болсон гэж хэлж чадахгүй. Бид энэ сонгуулийг хууль бус гэж үзэж байна" хэмээн тэрээр сонгуулийн дараа мэдэгдсэн юм.